2022 онд ЮНЕСКО-оос онцолсон “Илтгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” сэдвийн хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс нь Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын /ХММСБ/ үндэсний сүлжээ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Үндэсний ХММСБ-ын долоо хоног-Залуучуудын хакатон”-ыг зохион байгуулсан. Гурван өдөр үргэлжилсэн сургалт, багийн ажлын үр дүнд 11 багийн 50 орчим оюутан залуус хэвлэл мэдээлэл, мэдээллийг суурь боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр 11 төсөл танилцуулж үүнээс Хөвсгөл аймгаас оролцсон Хайр Найдвар Гэрэл ТББ-аас оролцсон “Мэдлэг бол хүч” баг тэргүүлсэн байна. Орон нутагтаа Хөвсгөл аймгийн Засаг Даргын Тамгын Газар болон Гэрэл сэтгүүл хамтран ажиллав.
Тус төслийн зорилго нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын ахлах ангийн сурагчдын хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг нэмэгдүүлэх замаар эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх боломжийг нээх байв. Зорилгоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн удирдлагууд болоод сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.
- Түнэл сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, эцэг эх асран хамгаалагч, багш нарын ХММСБ-ын өнөөгийн түвшинг тодорхойлов.
- Түнэл сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад ХММСБ олгох сургалт зохион байгуулав.
- Эцэг эх, асран хамгаалагчдад зориулан ХММСБ олгох үйл ажиллагаа зохион байгуулав.
ЕБС-ын сурагчдын дунд илтгэлийн тэмцээн зохион байгуулав
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгч, Засаг Дарга болон Түнэл Ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нар, 9, 10, 11, 12 дугаар ангийн 98 сурагч болон тэдний гэр бүлийнхэн, 30 залуу хос буюу 60 залуу гэр бүлүүдэд Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, цахим орчин дах соёлтой хэрэглээ, аюулгүй байдлын хамгаалалтын талаарх агуулга бүхий сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Сургалтыг сэдвийн хүрээнд дан онолын түвшинд бус сурагчдын оролцоонд тулгуурлан, багаар ажиллах, харилцан асуултанд хариулах зарчмыг баримтлан багийн дадлага ажил хийж өөрт тохиолдсон цахим залилангийн талаарх түүхээ бусадтайгаа хуваалцаж хамтдаа дүн шинжилгээ хийлгэсэн.
- Мөн цахим орчин дахь мэдээллийн ёс зүй, сөрөг мэдээллийн хор уршигийг хэлэлцэж цахим орчинд эерэг хандлага түгээх хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлсэн. Өөрийн сурч мэдсэн мэдлэг чадварыг гэр бүл найз нөхөддөө дамжуулж үлгэр жишээ үзүүлэх сонирхлыг төрүүлж, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаарх мэдлэгтэй болсноор өөрийн цахим ур чадварын түвшинг тодорхойлсон зэрэг үр дүнд хүрлээ.
- Алслагдсан орон нутгийн буюу Хөвсгөл аймгийн Түнэл сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын цахим хэрэглээний мэдлэг, хандлага, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь бололвсролын түвшинг тодорхойлох сургуулийн түвшинд хийсэн нь хөдөө орон нутгийн түвшинд цахим хэрэглээний өнөөгийн байдал, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол өнөөдөр ямар байгааг нээн илрүүлэх нэгэн чухал ажил болсон гэж үзэж байна. Судалгааны дүгнэлтээс товч дурдвал:
- Фейсбүүк хэрэглэдэг гурван хүүхэд тутмын нэг нь хоёр ба түүнээс дээш хаягтай байгаа нь, 38 хувь нь цахим орчинд огт танихгүй хүнтэй харилцаа тогтоож байсан, 23 хувь нь цахим орчин үе тэнгийнхнээ заримдаа шоолох, тоглох тохиолдол гаргадаг гэж хариулсан байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Элдэв санаагүй хүүхдүүд олон хаяг нээх нь хувийн мэдээллээ бусдад алдах, хүчирхийлэл, тохуурхалд өртөх зэрэг эрсдэлд оруулж болзошгүй. Нөгөө талаар олон хаягтай байх нь санамсаргүй үйлдэл биш бөгөөд цахим орчинд хэн нэгнийг гутаан доромжилсон, садар самуунд уруу татсан, татагдсан, гэмт хэргийн шинжтэй аливаа үйлдлүүд нь ихэвчлэн өөрийн нэр хаяг, зураггүй профайл хаягнаас үйлдэгдэж байгаа тул фейсбүүкийн хуурамч хаягуудыг нэн даруй устгах шаардлагатай байна.
- Хамгийн түгээмэл ашигладаг нийгмийн сүлжээгээр сурагчдын дийлэнхи нь буюу 52 нь фэйсбүүк, 28 нь инстаграмм, 29 нь ютүүб нэрлэжээ. Иймд өсвөр үеийн сурагчдын дунд зохион байгуулах хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг түгээх чалленжаа фэйсбүүк, инстаграммын “ Reel” /FB, INSTA REEL болон STORY/-ээр явуулахад зорилтот сегментийн хүүхдүүдэд хүргэх, цахим орчин дахь соёлтой хэрэглээг бий болгох боломжтой харагдаж байна.
Цаашид өсвөр насныхны хувьд цахим орчин нь нэгэнт хэрэглээ болсон тул шууд хязгаарлахаас илүүтэй цахим орчин дахь соёлтой, ухаалаг хэрэглээг зүй бий болгох талаар сургалт, сурталчилгаа хийх, сургалтын хөтөлбөрт тусгах, ухаалаг хэрэглээний талаар сургалт, үйл ажиллагааг хөтөлбөрөөр оруулах, сөрөг мэдээллийг шүүгч программ хангамжийн мэдлэгийг олон нийтэд, оновчтой сувгаар тогтмол олгох нь үр дүнтэй гэж үзэж байна.