Эх дэлхийгээ хайрлах сэтгэлээс өнөөдрийн бүтээн байгуулалтууд нь бий болжээ
Хөвсгөл далайн зүүн эрэгт үхэр тугалаа хариулан өдөр бүр ижий аавдаа тус дэм болох ажилсаг хичээнгүй тэр нэгэн охиныг Ариумаа гэдэг. Түүний багаасаа л харж өссөн нэгэн дүр зураг бол газар газраас ирсэн зочид гийчид, гаднын жуулчид байх аж. Энэ л нутгийнх нь байгалийн үзэсгэлэнт байгалийг бишрэх, нутгийн иргэдийнх нь аж амьдралтай танилцах, тэдний урласан олон зүйлсийг сонирхон, амарч зугаалж буй хүмүүсийн эдгээр үйлдэл нь түүнд тун чиг содон санагддаг байв. Энэ л амьдралын хэв маяг, хүрээлэн буй байгаль, жуулчлан ирэх олон хүмүүсийн нөлөө балчир байсан Ариумаа охины мөрөөдлийг аялал жуулчлалын салбарт ажиллах энэ мэргэжлийг эзэмших чинхүү хүсэл рүү хөтөлжээ.
Тоглож өссөн Хөвсгөл далайн зүүн эргийн “Хайчийн ам” хэмээх газрынх нь дов толгод, булаг шанд, тугалаа хариулж явсан жалга гуу нь түүний хэзээний гэр орон нь мэт сэтгэлд нь орон зайгаа эзэлсэн байж. Тиймдээ ч энэ газартаа аялал жуулчлалынхаа үйл ажиллагааг эрхлэхээр олон боломжийн хайн судалсаар 2013 онд газраа шийдүүлж 2019 оноос эхлэн аялал жуулчлалын чиглэлээр “Ариун энх өд” компаниа ажиллуулж эхэлсэн байна. Байгаль дэлхийнхээ зүй тогтол , агуу гайхамшигт бүтээлүүдийн уялдаа холбоог ажиглаж өссөн түүнд эх дэлхийнхээ энэ сайхан байгалийг урт удаанаар хадгалж үлдэх замаар байгаль орчинд ээлтэй, нийгэмдээ тустай, эдийн засгийн үр өгөөжтэйгөөр бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ гэсэн урт холын бодол сэтгэлд уяатай байсан тул энэ л сэтгэлийн уг чанар түүнийг тогтвортой байдлыг дэмжсэн үзэл санаа зорилго руу хөтөлжээ.
Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд түүний хувь нэмэр багадсангүй
Ариумаа газарзүйч, аялал жуулчлалын менежер мэргэжлээр суралцаж төгсөөд арав гаран жил Газарзүйн багшаар нутагтаа дунд, ахлах ангийн сурагчдад экологийн боловсрол, газарзүй, байгаль орчноо хайрлан хамгаалах хүмүүжил төлөвшлийг сурган ажилсан байна. Түүний бага насны хүсэл мөрөөдөл болон эзэмшсэн ажил мэргэжилтэй, тогтвортой
хөгжлийн зорилго үзэл санаа ихэд нийцэж байв. Тэрээр Монгол улсад Мянганы хөгжлийн зорилт 2000-2015 он хүртэл хэрэгжиж дуусаад үргэлжлүүлэн НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж 2016-2030 онуудад ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталсан болохыг судалж мэдсэн байна.
Энэхүү зорилгуудын нэг болох “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх”
“Хариуцлагатай хэрэглээг дэмжих” чиглэлд МУ-ын хүлээсэн үүргийнхээ дагуу өөрийнхөө амьдарч буй газартаа мөн эрхэлж буй бизнесийнхээ үйл ажиллагааны алхам бүрд, жижиг хэсэг бүрд тусгахыг зорьжээ.
Хөвсгөл аймаг тэр дундаа Хөвсгөл далай орчим нь аялал жуулчлалын томоохон бүс нутаг бөгөөд сүүлийн 10-н жилийн хугацаанд Хатгалд ирсэн гадаад дотоодоос жуулчлан ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байгааг Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас гаргасан энэхүү тоо баримт харуулж байна. Эдгээр зочдыг хүлээн авах Хөвсгөл нуур орчмыг тойроод 70 гаран жуулчны бааз, 110 гэр буудал ажиллаж байна. Тэдгээрээс төлөөлөн тогтвортой байдлын үзэл санааг өвөртлөн үйл ажиллагаандаа бодит ажил хэрэг болгон ажиллаж буй “Ариун энх өд” компанийн үйл ажиллагааг бид энэ удаагийн сурвалжлагаараа онцолж байна.
Эх дэлхийдээ сөрөг нөлөөгүй технологийг ашиглах мөн хог хаягдлын зөв менежмент, ус болон сэргээгдэх эрчим хүчний зохистой хэрэглээ, орон нутагтаа ажлын байрыг нэмэгдүүлэх мөн нутгийн иргэдийг татан оролцуулах, аялал жуулчлалаасаа олсон орлогыг орон нутгийн хөгжилд зориулах гэсэн түүний үзэл санаа амьдрал дээр хэрхэн бодит биеллээ олсон тухай Ариумаа хэмээх эмэгтэйн түүхээр дамжуулан хамтдаа танилцацгаая.
Хөвсгөл аймагтаа сэргээгдэх эрчим хүчийг үйл ажиллагаандаа ашиглаж буй анхдагч байгууллага болов
Байгалиа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нөөцийг хэмнэлттэй ашиглах нь аялал жуулчлалын үйл ажиллагааны хамгийн гол үзүүлэлт бөгөөд үүнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь хамгийн чухал гарц болохыг ойлгосон тэрээр энэхүү санаачилгаа ажил хэрэг болгохыг зорьсон нь өнөөдөр биеллээ олжээ.
Илүү гарсан цахилгааны эх үүсвэрээ эргэн тойронд амьдарч буй малчин айлыг тог цахилгаанаар хангах таатай боломж бүрдсэн байна. Өглөө нар мандахаас эхэлж зайгаа шахаж нар жаргах хүртэл бүрэн цэнэглээд дараа нь зайндаа хуримтлагдсан эрчим хүчээ хэрэглээд явах бүрэн боломжтой юм байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаас хойш хязгаарлалттай эрчим хүчээ зохистой ашиглах, хэмнэх дадал өдөр тутмын амьдралд шинээр буй болсныг онцлон хуваалцаж байв. Их цахилгаан зарцуулагддаг ажлуудаа өдрийн цагаар амжуулж, гэрэл цахилгаанаа тогтмол унтрааж, залгуур утсаа салгах зэрэг эрчим хүчинд хэмнэлттэй дадлууд ажилчдад нь болон өөрийнх амьдралд сууж буйг баяртайгаар хуваалцаж байв.
Ашгийг энэ тэргүүний зорилго болгосонгүй
Эхлээд зөвт байдлыг хай дараа нь хэрэгцээтэй зүйлс нь нэмэгдэж ирнэ хэмээсэн нэгэн алдарт үг бий. Энэ л үгийн дагуу байгаль эх дэлхийдээ ээлтэй, хайр гамтай хандахыг эрмэлзсэн тэдний бизнесийн үйл ажиллагаанд шинэлэг санаачилгууд олон байгаагийн нэгэн жишээ нь нарны дулааныг ашиглан модны хэрэглээг багасгахыг зорьсон нэгэн байшингийн шийдлийг бидэнтэй хуваалцсан юм.
Аливаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд нүүрс, түлээг хэрэглэж буй байдал нь түүний сэтгэлийг эмзэглүүлсэн тул Ариумаа нарны гэрлийн илч дулааныг ашиглах замаар амралтын газрынхаа халаалт дулааныг бага ч гэсэн шийдэхийг хичээсэн нь үр дүнд хүрчээ.
Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэгч байгууллага
Ирж очихын 250 км замыг туулан бидний очиж сурвалжилга хийсэн таван сар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн хувьд ирэх зуны ажлынхаа бэлтгэл ажлыг хангах цаг хугацаа байсан бөгөөд нэлээн салхитай сэрүүвтэр өдөр таарав. Ариумаагийн бахдалтайгаар дуулгасан сайхан мэдээ бол тус суманд хэрэгжиж буй Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Байгаль орчин аялал жуулчны яамнаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл байв.
Энэхүү төслөөр дамжуулан Хатгалын иргэдийн ангилан ялгасан хог хаягдлыг хүлээн авах төвлөрсөн цэгийг байгуулсан аж. Энэхүү ажил нь Ариумаагийн эрхэлж буй бизнесийн хувьд хогоо ангилан ялгаж тушаах байгаль орчны бохирдлоос сэргийлэх гайхалтай боломж бүрдсэн юм. Ажлын байрандаа ангилан ялгасан ч ачиж тээвэрлэхдээ нэгтгээд ачдаг байдал өөрчлөгдөж байгаль орчинд ээлтэйгээр хог хаягдлыг бууруулсан тус санаачилга олон бизнесийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлсөн байна.
“Далайн усыг хэмнэлттэй зохистой ашиглахаар тодорхой алхмуудыг эрэлхийлж буй түүнийг яриаг хамтдаа сонсъё”
Нутгийн иргэдээ дэмжсэн сайн дурын оролцоот ажлууд нь түүний амьдралд утга учир нэмдэг.
Ариумаа зөвхөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг хангах оролцогч талуудын нэг болох ТББ-аар дамжуулан амьдарч буй орон нутгийнхаа оршин суугчдын оролцоог идэвхжүүлэх замаар нутгийнхаа байгаль, соёл, уламжлалыг жуулчдад танилцуулах, тэдэнд үйлчлэх замаар эдийн засгийн үр өгөөжийг нь иргэдэд шууд хүртээхээр зорьж энэ чиглэлдээ олон ажлуудыг санаачлан хийсэн байна.
“Нэг сум-Нэг брэнд бүтээгдэхүүн” “Нэг сум-Нэг брэнд аялал” аян өрнүүлж мөн өвлийн улиралд нутгийн иргэдийнхээ дунд морин чарганы уралдаан, орон нутагтаа болон аймаг бүсийн түвшинд үзэсгэлэн худалдаануудыг хамтран зохион байгуулж, төр засагтаа хүргэх иргэдийн дуу хоолойг уламжлан хүргэх зэрэг ажлуудад сайн дураараа оролцож ирсэн байна. Цаашид гишүүнчлэлээр бүртгүүлсэн хүмүүстээ сургалт, мэдээллийг тогтмол явуулж, хувь хүний болон аяллын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, чадавхжуулах стандартад хүргэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж дэмжин ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Энэ бүх ажлуудыг Нутгийн иргэдэд суурилсан аялал жуулчлалын салбар холбоо“ мөн “Цэнхэр сувдын эзэд” ТББ-аараа дамжуулан Ариумаа ажилладаг. Тус холбоогоороо дамжуулж аялал жуулчлалын орлогоосоо ЕБС-ийн дунд спортын арга хэмжээ, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг уулзалт хэлэлцүүлэг мөн нутгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжсэн олон ажлуудыг зохион байгуулж иргэдийн оролцоог дэмжсэн нийгмийн хариуцлагатай компанийн засаглалын үйл ажиллагааг хамтад хэрэгжүүлэн ажиллаж буй түүнд олон сайн жишээ, туршлага бий.
Үлгэрлэн дагуулагч эмэгтэйн түүх энэ хүрээд өндөрлөж буй ч түүний үргэлжлэх үйлс дуусаагүй
Хэрхэн урт удаан хугацаанд байгальдаа ээлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгч нартаа сайн туршлага үр нөлөөг үзүүлэх вэ гэсэн тэдний хүсэл зорилго биеллээ олсныг хараад тэднээс суралцах хүмүүст нээлттэйгээр мэдээллээ түгээхдээ тэд үргэлж баяртай байдаг байна.
Хүн бүр өөрсдийнхөө хэрэгцээг ханган амьдрахын зэрэгцээ ирээдүй үеийнхний амьдрах тэрхүү хэрэгцээ, боломжийг хязгаарлахгүй байхыг ухамсарлаваас энэ дэлхий илүү их удаанаар үзэсгэлэнтэйгээр урт наслах боломжтойг ойлгосон Ариумаагийн энэ үзэл санааны олон хүнд үлгэр дуурайлал болох дамжиггүй юм.
Ирээдүйд хэн их ашиг олж, эд хөрөнгө хуримтлуулснаар нь бус харин хэн илүү их байгаль дэлхийдээ ээлтэйгээр амьдарч, ирээдүй хойч үедээ санаа тавьж буй байдал, тогтвортой байдалд хэрхэн эергээр нөлөөлөн амьдарч буйгаараа хэмжигдэх тэр ирээдүй ойрхон байна.
Нийтлэлийг: Гэрэл сэтгүүл, сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Отгонжаргал