Манай Гэрэл сэтгүүлийн редакцаас өмнө “Бэлтэс мөрөнгийн хор хөнөөлт хуурамч мэдээлэл хэрхэн өрнөсөн вэ? ” сэдэвт нийтлэлийг уншиж танд хүргэж байсан. Энэ удаагийн мэдээллээрээ тус нийтлэлийн үргэлжлэл болж иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээндээ “Бэлтэс мөрөн ХХК-нийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэлтийн ерөнхий мэдээлэл болон одоогоор тус хэрэг ямар түвшинд үргэлжилж буй талаар Хөвсгөл аймаг дах Шүүхийн тамгын газраас манай байгууллагад хүргүүлсэн мэдээллийн дагуу уншигч та бүхэнд хүргэж байна.
Хэргийн шийдвэрлэлтийн тоймоос
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр Б.Мэндсайхан нарт холбогдох, 2606 хохирогч, 1744 иргэний хариуцагчтай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс дараах байдлаар шийдвэр гарсан байна.
Тогтоогдсон гэм буруугийн тухайд
Шүүгдэгч Д. Цэнгэнбаяр, Ч.Очир нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Мөн шүүгдэгч Ч.Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н. Уяабор нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж тооцсон байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж байнга тогтвортой үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч Б.Мэндсайханыг шүүгдэгч Г.Пүрэвсүрэнтэй бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож байна.
Ял шийтгэл оногдуулсан байдал
Дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нямдэлгэрийн нийт эдлэх ялыг арван хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Ганбаатарын нийт эдлэх ялыг есөн жилийн хугацаагаар, шүүгдэгч Р. Бузмаагийн нийт эдлэх ялыг есөн жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Уяаборын нийт эдлэх ялыг есөн жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Пүрэвсүрэнгийн нийт эдлэх ялыг долоон жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Нямдалайгийн нийт эдлэх ялыг зургаан жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Очирын нийт эдлэх ялыг таван жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Цэнгэнбаярын нийт эдлэх ялыг дөрвөн жилийн хугацаагаар, шүүгдэгч Б. Мэндсайханы нийт эдлэх ялыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Б.Мэндсайханд оногдуулсан 2 жилийн хорих ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
Хохирлын тухайд
Шүүгдэгч Д. Цэнгэнбаяраас 2.666.998.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Очироос 1.440.451.936.31 төгрөгийг, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас тус бүр 5.635.311.015.01 төгрөгийг гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн, хавсралтад нэр дурдсан нэр бүхий 1744 иргэний хариуцагч нараас 7.183.957.050 төгрөгийг гаргуулж нэр бүхий хавсралтад дурдсан 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Д.Цэнгэнбаяр, Ч.Очир нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 58.389.215 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4,6 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын нэр бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 2.182.785.377 төгрөг /хоёр тэрбум нэг зуун наян хоёр сая долоон зуун наян таван мянга гурван зуун далан долоон төгрөг/ үнэлгээ бүхий эд хөрөнгүүдийг хураан авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, гэмт хэргийн улмаас нэр бүхий 2606 хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3, 1.4 дэх заалтад тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Ай фоне”загварын Макбүүк 1 ширхэг, “ACR” загварын зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалуулж хохиролд тооцуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Тус хэрэг нь одоогоор нэр бүхий яллагдагч, хохирогч, өмгөөлөгч нарын гомдлоор давж заалдах шатны шүүхэд хянагдаж байна.
Сэтгүүлч: Н.Отгонжаргал