Төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар
тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрөө дээдлэх ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилго бүхий “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” хууль нь 2023 оны 05 сарын 04-ний өдөр батлагдан хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн хүрээнд төрийн байгууллагууд нь ёс хороо дэд байгуулан ажиллаж хороогоор дамжуулан нийт албан хаагчдадаа ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гомдол мэдээллийг хянан шалгаж дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахиулах зэрэг чиг үүргүүдийг гүйцэтгэхээр заасан. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Ёс зүйн дэд хорооны гишүүдийн санаачилгаар 2025 оны 06 сарын 10-ны өдөр нийт албан хаагчдадаа Хайр Найдвар Гэрэл НҮТББ-ын гүйцэтгэх захирал, эрх зүйч Н.Отгонжаргалыг урьж Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн ойлголтын талаар мэдээлэл өгөх, ёс зүйн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх мөн зөрчил маргаан шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч ажиллаа.