“Ус ууж олон төрлийн өвчнийг 100 хувь эмчилдэг” гэх мэдээлэлд хууртаж, цаг алдан өвчнөө хүндрүүлэхээс болгоомжил

0

Ерөнхий агуулга

Өглөө өлөн элгэн дээрээ 4 аяга ус уух нь 20 гаруй өвчнийг 100 хувь эдгээдэг гэх агуулга бүхий мэдээллийг ус уух зааврын хамт нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2025 оны 09 дүгээр сарын 01-нд Энхтөрийн Галбадрал (архивласан хувилбар) нэртэй хаягаас өглөө босоод 4 аяга стакан ус уух нь хууч өвчин болон орчин үед шинээр үүсэж байгаа өвчнийг 100 хувь илаарьшуулж, эдгээдэг болохыг судалгаагаар баталсан гэх агуулгатай мэдээлэл түгээжээ. Мөн тус мэдээлэлд өглөө бүр 4 аяга стакан ус ууснаар “Толгой өвдөх, зүрх судасны өвчин, хэт зүрх цохилох, таргалалт, бронхит, багтраа , сүрьеэ, менингет, шээсний замын болон бөөрний үрэвсэл, суулгалт, өтгөн хаталт, нүд чих хамар хоолойн үрэвсэл, савны үрэвсэл, сарын тэмдгийн хэм алдагдах, хавдар зэрэг өвчнүүд амжилттай эмчлэгджээ” хэмээн дурдсан ба эдгээр өвчний үед хэд хоногийн хугацаанд өглөө  ус уух шаардлагатайг мөн нарийвчлан тоочиж оруулжээ.  Тухайлбал, “даралт ихэсдэг бол 30 хоног, ходоодны өвчтэй бол 10, чихрийн шижинтэй бол 3, өтгөн хаталттай бол 10 хоног, хавдартай бол 180 хоног, сүрьеэтэй бол 90 хоног, үений өвчтэй бол эхний долоо хоног ердөө 3 өдөр, 2 дахь долоо хоногоос өдөр бүр ууна” гэх зааварчилгаа өгчээ. Уг постыг 1.5 мянга гаруй реакц, 168 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2.1 мянга гаруй удаа цааш түгээжээ.

Бид өмнө нь шалгасан мэдээлэлтэй ижил зааварчилгаа бүхий “Өглөө өлөн элгэн дээрээ шүдээ угаахаасаа өмнө 160 мл усыг 4 удаа буюу 640 мл ус уугаад 45 минутын дараа хоол идэх…” гэх мэдээллийг шалгаж, өглөө өлгөн элгэн дээрээ их хэмжээний ус уух нь олон өвчнөөс сэргийлэх тухай нарийн судалгаа байхгүй тухай мэдээлж байсан. Тус мэдээлэлд энэ арга нь олон өвчнөөс сэргийлнэ хэмээн дурдсан. Харин Энхтөрийн Галбадрах хаягаас нийтэлсэн постод “өлөн элгэн дээрээ 4 аяга ус уух нь олон төрлийн өвчнийг 100 хувь илаарьшуулж, эдгээнэ” гэх мэдээллийг өгчээ. Уг агуулгаар хайж үзэхэд интернэт орчинд гадаад хэлээр ижил төрлийн мэдээлэл олон түгсэн байна. Үүнийг олон улсын баримт шалгагчид шалгаж худал болохыг мэдээлсэн.

Тухайлбал, Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн AFP Fact Check баримт шалгах төв “ус уух нь зарим өвчнийг эдгээнэ” гэх төстэй агуулгатай хэд хэдэн мэдээллийг шалгаж тайлагнаж (эндэнд бас энд) байсан. 2023 оны 10 дугаар сарын 29-нд нийтэлсэн баримт шалгалтдаа Шри Ланкийн Эрүүл мэндийн зөвлөлийн ерөнхийлөгч профессор Вауира Дисанаякегаас тодруулга авсан ба тэрээр “бүлээн ус уух нь дурдсан өвчнүүдийг анагааж чадна гэж мэдээлэх нь “утгагүй” юм. Ус эрүүл мэндэд зайшгүй шаардлагатай зүйл боловч ундны ус зүрхний өвчин гэх мэт өвчнийг хэдхэн хоногийн дотор эмчилнэ гэдэг нь худал юм” гэх тодруулгыг өгчээ.

  • Мөн Шри Ланкийн Эмч нарын коллежийн ерөнхийлөгч, доктор Думинда Мундаса “Уг мэдээллийг батлах найдвартай шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Мөн зарим өвчний эмчилгээнд ус уух гэх энгийн арга байдаггүй” гэж мэдээлсэн.
  • Коломбогийн их сургуулийн анагаах ухааны багш, доктор Л.П.А.Карунатилак “Хэдийгээр бүлээн ус уух нь хоол боловсруулахад тустай гэх мэт эрүүл мэндийн ач холбогдолтой ч зарим эмгэгийг эдгээж чадна гэж хэлэх нь төөрөгдөл үүсгэж байна…” хэмээн ярьжээ.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Africa Check баримт шалгах төв ижил агуулгатай мэдээллийг шалгаж “Өлөн элгэн дээрээ ус уух нь зүрхний өвчин болон астмаг эмчилэхгүй” хэмээн тайлагнаж байсан.

  • Ус уух нь алдагдсан шингэнийг нөхөх, бодисын солилцоог дэмжих, хоол боловсруулахад туслах зэрэг эрүүл мэндийн ач холбогдолтой ч өлөн элгэн дээрээ 4 аяга ус уух нь шалгасан мэдээлэлд дурдсан олон өвчнийг ангаахыг баталсан судалгаа, эмчилсэн тохиолдол огт байхгүй.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү.

Эх сурвалж: http://Монголын баримт шалгах төв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу