УРЛАГ, СПОРТ ХОЁРЫН НИЙЛБЭР НЬ БҮЖИГ ЮМ

0

 “Мүүн дансе” хамтлагийн бүжигчин, Бүжгийн спортын ОУ-ын хэмжээний мастер О.ЭРДЭНЭ ОЧИР

 

Санаанаас үл гардаг  дурсамж бол бага насны явдал. Бага насаа хаана өнгөрөөсөн бэ?

Мөрөнгийн хүүхэд л дээ. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 3-р арван жилийг төгссөн. Өнөөдрийн “Эрдмийн далай” цогцолбор сургууль. Сургуульд байхдаа дуу хуурын араас явсан хүүхэд байлаа.  Тухайн  үедээ   хөвгүүдийн час хийсэн хамтлаг байгуулж, хэд хэдэн удаа тайлан тоглолтоо хийж, үеийнхнийгээ байлдан дагуулж байсан. Хамтлаг байгуулж байх тэр үед хип хоп дуу ид хүчээ авч, тухайн үеийн хүүхдүүдийн амны уншлага болж байв. Манай хамтлаг энэ чиглэлээр дуулж байсан. Одоо эргээд бодоход өөрт баймгүй их зориг гаргаж, тайлан тоглолт хийж, бусдыг байлдан дагуулж байжээ.

Хип  хопчин  маань   яагаад бүжиг сонирхох болов. Дуулахын хажуугаар бүжиглэдэг байсан юм уу?

Арван жилд байхдаа айхтар бүжиглээд байснаа санадаггүй юм. Яах вэ дуулахад ганц хоёр хөдөлгөөн хийж  байсан байх л даа. Түүнээс биш бүжигчин болно гэж мөрөөдөж байсангүй. Арван жилээ төгсөөд хуулийн ангид орсон. Бүжгээс тэс ондоо ангийг сонгосон байгаа биз дээ. Харин манай ээж, гурван эгч маань бүжгээр хичээллэж, энэ чиглэлээр хичээллэдэг байсан нь надад нөлөөлсөн. Миний ээж аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Нарантуяа гэдэг хүн бий. Багадаа ээжийнхээ тоглолтыг их үздэг байсан нь энэ урлагт хайртай болгосон гэж боддог. Мөн ээжийн авьяас надад бас байгаа байх. Хотод ирээд дунд эгч О.Саранхүүгийнхээ ажлаар их орж гарч байсан нь орчин үеийн бүжгийн хэмнэл, мэдрэмжийг надад илүү мэдрүүлсэн. Манай эгчийн үүсгэн байгуулсан  бүжгийн   клуб   намайг энэ урлагт хөл тавихад илүү ихээр нөлөөлсөн. 2012 оноос эхэлж бүжиглэж эхэлсэндээ.

Бүжгийн спортоор хичээллэж эхэлснээс хойш О.Эрдэнээ хэр өөрчлөгдсөн бэ?

Асар их өөрчлөгдсөн. Бүжиг бол урлаг спортын нийлбэр юм. Энэ спортоор хичээллэсэн хүн бие бялдар болоод гоозүйн өв тэгш хүмүүжилтэй болдог. Энэ ч утгаараа хувь хүнийг өөрчилдөг ийм   спорт.   Анх   бүжгийн   спортоор хичээллэж эхэлж байсан өөрийгөө өнөөдрийн түвшинтэй харьцуулахад олон  зүйлээр  өөрчлөгдсөн  байдаг юм. Гэр бүлээрээ хөдөлмөрлөдөг учраас эмэгтэй хүнтэй болоод бусад хүмүүстэй харьцах харилцаа гээд олон зүйлийг хэлж болохоор байна.

 

 

Танай хамтлаг хэзээ байгуулагдсан бэ. Байгуулагдаж байсан түүхээ эргэн дурсвал?

Эгчийнхээ үүсгэн байгуулсан бүжгийн клубт хичээллэж эхлээд жил болсны дараа жил болох 2013 онд манай хамтлаг байгуулагдсан. Хүсэл зорилго, санаа нэгтэй хэдэн залуус нэгдээд анх хамтлагаа байгуулж байлаа. Тэр жилдээ Монгол улсын аварга шалгаруулах бүжгийн тэмцээнд орж, чамгүй амжилт үзүүлсэн нь хоёрдугаар байр. Түүнээс хойших аваргын тэмцээний нэгдүгээр байрнаас салаагүй дээ. Байгуулагдсаны дараа жил буюу 2014 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн аваргын тэмцээнд орж байна.

 

 

Урлагийн гэр бүлд өссөн хүн. Урлагт ойр өссөн хүний хувьд энэ салбарт ажиллаж хөдөлмөрлөхөд дөхөм байдаг уу?

Миний гэр бүлийнхэн тэр чигтээ урлагийнхан. Багшийн хүүхэд багш, эмчийн хүүхэд эмч болдог гэдэг шиг бүжигчний хүүхэд бас бүжигчин болдог юм байна./Инээв/ Гэхдээ манай аав цэргийн хүн. Аймгийн онцгой байдлын хэлтэс, хуучнаар шүхрийн салбарт зааварлагч хийдэг Очирхүү гэдэг хүн байдаг. Ээж аймгийн ХДТ-ын гоцлол бүжигчин гэж дээр өгүүлсэн. Би гурван эгчтэй, айлын бага хүү. Манай  том эгч мөн аймгийн ХДТ-т жүжигчнээр ажиллаж байсан О.Туяахүү гэдэг хүн бий. Дунд эгч миний багш. Бага эгч О.Гэрэлтуяа манай клубт мөн бүжгийн багшаар ажилладаг. Би ROYAL DANCE бүжгийн клуб байгуулан ажиллаж байна. Манай клубээс олон залуучууд төрөн гарч, надтай эн зэрэгцэн уралдаан тэмцээнд оролцож байгаа. Гурван эгчийнхээ хамтаар бүжгийн спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна даа.

 

 

 

 

 

 

 

 

Таны эзэмшсэн хуульч мэргэжил, одоо хийж байгаа ажил хоёр тань тэс ондоо санагдаж байна шүү?

Хуульч болсноороо бахархдаг. Бас бүжгийг бие даан сурч энэ мэргэжлийн халуун тогоонд орсон гэж өөрийгөө тоодог. /Инээв/ Хууль, эрх зүйч мэргэжил маань миний өдөр тутмын амьдралд асар их хэрэг болж байгаа. Клубийнхээ бичиг баримт, гэрээ хэлэлцээр, байгууллагатай хамтран ажиллах бүх ажлыг би хариуцан ажиллаж байна. Яах вэ хуульч гэхээр нэг тийм хатуугаар хараад байдаг талтай юм шиг байгаа юм. Тийм биш л дээ. Одоогоор би бүжгийг  илүү сонирхож, энэ чиглэлээр мэргэшихийг хүсэж байгаа. Тиймээс хуулийнхаа ажлыг хойш тавьж, бүжигт цаг заваа зарцуулж байна.

Бүжиглэх ур чадварыг өөрийнхөө хичээл зүтгэлээр олж авдаг юм уу. Эсвэл төрөлхийн авьяас байх уу?

Авьяас гэхээсээ илүү тухайн хүний сонирхол, хичээл зүтгэлийн үр дүн гэж хардаг. Хэдий авьяасгүй байлаа ч өөрийгөө дайчилж, өөртэйгөө ажиллаж чадсан нэгэн ур чадварыг өндөр эзэмшдэг. Тухайн хүн авьяастай байхад бүжгийг хурдан сурдаг бол авьяасгүй гэх хүмүүс цаг хугацааны хувьд жаахан удаан сурдаг. Авьяастай авьяасгүйн ялгаа ердөө л энэ. Өөрөөр бол бүгд адилхан.

Сонирхсон зүйлээрээ хичээллэж, амжилт гаргана гэдэг сайхан л даа. Гэхдээ энэ амжилт тийм ч амар өртгөөр олдоггүй байх гэж боддог?

Тийм шүү. Амжилт яагаад ч хямдхан олдоно гэж  байхгүй.  Ялангуяа спортын амжилт гэнэт хүрээд ирэхгүй. Тухайн хүний уйгагүй хөдөлмөр, хүч, байнгын өндөр бэлтгэл дасгал хийж байж сая амжилтад хүрэх эхлэл болдог.   Өсвөр   үе,  залуучууд насан хүрэгчид,  ахмадууд  гээд  олон тамирчдыг   бэлтгэн   гаргаж   байгаа. Шинэ залуу хамтлагийг гарган ирж, энэ салбарт хөл дээр нь бат зогсоход түлхүү анхаардаг. Сүүлийн үед байгууллагууд урлагаар дамжуулан хамтын ажиллагааг өргөжүүлэхийг их зорьдог болсон байна. Бүжиг бол тухайн хамт олныг  нэгтгэж,  уур  амьсгалыг  эерэг болгодог.Энэ ч утгаараа байгууллагууд урлагийн наадам зохион байгуулах нь их  болсон.  Ялангуяа  бүжигт  онцгой анхаарч, манай клубтэй хамтран ажиллах санал ирүүлдэг. Энэ чиглэлээр олон  газарт  мэргэжлийн  үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Мэдээж ард нь бизнесийн үйл ажиллагаа явж л байгаа.

 

 

 

 

 

 

 

 

 

Хөвсгөл нутагтаа холбоотой сайхан дурсамжаасаа хуваалцаач?

Хаа ч явсан нутаг минь сэтгэлд уяатай байдаг. Хөвсгөлийнх, Хөвсгөлийн хүү гэж дуудуулж, энэ нутгаараа овоглож байдагтаа баярлаж явдаг юм. Улсын баяр наадам, цагаан сараар нутаг явах дуртай. Манай хамаатан садангууд бүгд нутагтаа бий. Бугатай дөрөлж харагдахаар л Мөрөнд хүрээд ирсэн юм шиг сайхан мэдрэмж төрдөг. Мөрөн хот дууг сонсоод төв рүгээ орох мөн ч сайхан даа. Нутагтаа очоод ирэхээр бүр нэг сайхан болчихдог юм, энергиэр дүүрээд ирдэг.

Монголчууд нэг үеийг бодвол бүжгийн спортыг ойлгож, дэмждэг болсон. Энэ байдал та бүхэнд мэдрэгддэг үү?

Би Монголчуудыг эртнээс бүжгэнд дуртай ард түмэн байсан гэж боддог. Монголын нууц товчоонд “хавирга газрыг халзартал, өвслөг газрыг өлөртөл бүжиглэх нь Монголчуудын жаргалан бөлгөө”  гэсэн байдаг шүү дээ. Эртний энэ сударт ингэж дурддагийг харахад манай ард түмэн бусдын хэлдгээр сэлмэнээс өөр зүйлийг мэддэггүй ард түмэн байгаагүй юм шиг байгаа  юм. Өөрийн гэсэн  урлаг, соёлтой байжээ. Өнөөдрийн хувьд бүжгийн спортыг хөгжүүлэхээр зүтгэж байгаа энэ салбарын хүмүүсийг олон нийт маш сайн дэмждэг. Ер нь сүүлийн жилүүдэд бүжгийн спортоор хичээллэх маш олон хамтлаг,залуус  гарч ирсэн. Үүнийг би өөрийнхөө  хамтлагийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай гэж ойлгодог. Манай хамтлаг дэлхийн аваргын тэмцээнд бүжгийн спортын дээд   амжилтыг   гаргаж   чадсан   топ таван хамтлагийн нэг болж чадсан. Ер нь Монголчууд олон салбар чиглэлд дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэн. Манай хамтлагаас бүжгийн спортын Олон улсын мастерууд төрсөн нь Монголд анхдагч болсон. Мөн Хөвсгөл аймгаас миний бие, манай дүү охин бид хоёр энэ спортын Олон улсын мастерууд болсондоо баяртай байдаг. Дасгалжуулагч багшаар миний дунд эгч О.Саранхүү, хүргэн ах н.Оюунбат нар ажилладаг. Хоёр багшдаа маш их баярлаж, талархаж явдгаа хэлье.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж. Гэрэл сэтгүүл 2019 он

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу