ХАДЛАН АВСАН ХҮН ӨВӨЛДӨӨ ЖАРГАЛТАЙ, ХАНИА ЗӨВ СОНГОСОН ХҮН НАСААРАА ЖАРГАЛТАЙ

0

Арбулаг сумын харьяат Улсын сайн малчин Ш.Батбаяр

 

Бага насны дурсамж хүний амьдралын хамгийн сайхан нь байдаг. Он жилийн тэртээ дэхь тэрхүү дурсамжийг энэ цагт эргэн санавал?

Би чинь байгалийн баян тансаг Баянзүрх сумын хүн шүү дээ. Бэлтэс, Алтраг голын хөвөөнд нутаг орондоо нэртэй зүстэй Ширэм хэмээх айлын ууган охин нь болж 1955 онд мэндэлсэн. Араасаа гурван бүстэй дүү дагуулсан айлын ганц бүсгүй хүүхэд. Намайг дөрвөн нас хүрэх жил ээж маань өөд болж, аав минь улаан цурав дөрвөн хүүхэдтэй үлдсэн. Гадаа гарч эр, гэрт орж эм болсон хоёр жил аавд минь их л хэцүү байсан байх. Ээжийг өөд болсноос хойш хоёр жилийн дараа бид хэд шинэ ээжтэй болж, хүйт даасан гэр маань дулаацаж, тооно нь зэвэрсэн айл өнгө орсон юм даг. Хойд ээжээс зургаан хүүхэд гарч би айлын арван хүүхдийн хамгийн том нь болж өссөн дөө.

Араасаа есөн дүү дагуулсан айлын том, тэр тусмаа эмэгтэй хүүхдийн хувьд тэр гэрт оруулсан үүрэг их байсан биз?

Тэр үед ямар цэцэрлэг байсан биш. Бүгд л гэрээр хүмүүжиж сургуулийн босго алхдаг байсан. Манай аав их зарчимч хүн. Биднийг их сайхан хүмүүжүүлсэн дээ. Үглэж загнахаасаа илүү үлгэрлэж, нэг үг хэлэхээрээ орой руу ортол хэлдэг байсан нь бид нарын хувьд хожмын амьдралд их хэрэг болсон доо. Манай хэдээс эрдмийн мөр хөөсөн хүн байхгүй. Ихдээл наймдугаар анги төгсөж, малын захаас барьж авцгаасан улс.

Эрдмийн мөр хөөж, төв суурин газар очиж амьдрах хүсэл танд байгаагүй хэрэг үү?

Бодол байсан байсан. Сурлага ч сайтай  байлаа. Аав маань миний охин өөрөө л мэд гэдэг байв. Гэтэл ээжээс үлдсэн миний гурван дүү хормойноос ер салахгүй, дээрээс нь дөрвүүлээ аавыгаа орхиж яасан ч болохгүй юм шүү дээ гэсэн бодолдоо бид хөтлөгддөг байв. Энэ үг намайг эргэж буцалтгүй малчин болгосон доо.Малчин боллоо гээд би алдаагүй ээ. Бусад шиг л амьдарч, хөдөлмөрийн  хөлс хүчээрээ өдий  зэрэгтээ явна.  Урт удаан мэт боловч нэг л мэдэхэд тэртээ алсад үлддэг зүйл бол цаг хугацаа.

Хүүхэд насны цаг хугацааг өнөөдөр харахад танд юу бодогддог вэ. Ялангуяа таны амьдралын эх үүсвэр болсон мал маллах арга ухаан, байгаль цаг уурын хувьд ямар байна вэ?

Их өөр болсон. Намайг бага байхад долоо, бүр арав хоногийг зүс ордог байлаа. Мал тарга хүчээ бүрэн авдаг, эрт ногоо иддэг гээд олон сайхан зүйл байсан. Онд тарган орохоор эх мал жилбэ сайтай хурга, ишиг угжих явдал бараг байхгүй. Хадлан тэжээлийг одооных шиг бэлтгэх ажил гардаггүй байсан. Мал ахуйдаа элдвийн эм тариа хийхгүй жинхэнэ байгалиараа байдаг байлаа.Гэтэл одоо яаж байна долоо хоногийн зүс орох нь бүү хэл сардаа ганц хур буух жишээтэй. Газрын гарц сайнгүй учир өвөл, хавар нь их хатуу болсон. Миний багад цас ч их ордог байсан. Гэсэн ч цасан доороос мал өвсөө малтаад идчихдэг байв. Хүйтэн ч чанга. Одоо бол цас бага байсан ч их байсан ч цас малтаж идэш тэжээлээ олж иддэг мал цөөхөн болсон. Хорь гаруй хүйтэн хэмд бэлчээртээ бээрэх тохиолдол олон байгаа. Дээр үед цас малтаад хамраас нь цус гарчихсан хонь мал зөндөө л явж байдаг байлаа. Одоо ингээд харж байхад малын яс чанар нь хүртэл муудаа юу даа гэж бодогдмоор үе гардаг л юм.Манай аав үхэр голдуу малладаг байсан. Таван зуу гаруй үхэр маллана шүү дээ. Цасан дунд тугалчихсан байдаг л байсан.Гэтэл одоо бол осгоод байна шүү дээ. Мөн байгаль цаг уур их өөрчлөгдсөн. Зун нь хур орохоо байсан. Чийг дутахаар  газрын гарц байхгүй. Зун нь ургаагүй юм чинь өвөл нь хамар хатгах өвсгүй болчихдог. Хүн ч, мал ч, байгаль ч их өөрчлөгдсөн.

Аав тань таван зуу гаруй үхэр маллана. Мэдээж энэ хэрээр сааль сүүний ажил их байсан байх даа?

Тэгэлгүй яах вэ. Аав намайг зургаан настайгаас эхлэн эмэгтэй хүн үйл, сааль хоёртоо сайн байх хэрэгтэй гээд үхрийн учиг саалгуулж эхэлсэн. Хайнаг голдуу үхрийг өвөл зунгүй л саана. Одооных шиг ямар зарж борлуулна гэх биш бүгдийг нь боловсруулна. Цагаан хоолноос салахын түүс болсон улсууд л байдаг сан. Хаваржингаа уураг идээд дараа нь сүү, таргийг зун, намаржингаа иднэ. Зулын 25-н хүртэл цагаан идээ иддэг сэн. Одоо л бол тэр их сүү сааль хаачив аа гэмээр л байдаг юм.Насаараа л сүү саалийн ажил хийлээ дээ.Олон эрэгтэй дүү нартай болохоор хар багийн л үйл хийдэг нэгэн байсан. Онгорхой цоорхойг нөхөх, шидэх гээд бүгд л миний үүрэг байлаа даа.Гутал их уллана. Сурсан энэ эрдмийнхээ хүчээр хэдэн дүү нараа хөл нүцгэн гүйлгээгүй ээ.

Хөдөөгийн амьдрал цаг наргүй. Өглөө нартай уралдаж, үдшийн бүрийгээр гэрт ордог. Нэг хийсэн ажлаа өдөр бүр давтаж хийдэг. Энэ бүгдэд шантраад төвийн хүн больёо гэсэн бодол төрж байв уу. Ер нь та хэр эртэч вэ?

Хөдөөгийн амьдралыг хөндлөнгөөс харахад ёстой л тийм шүү. Нэг хийснээ дахин дахин хийж, борви бохисхийхгүй ажиллана.Нэгэнт би малчин болно гээд зорьсон энэ хэдэн мал миний амьдралын эх үүсвэр юм чинь суурин бараадах хүсэл ер төрж байгаагүй. Багаасаа л хийгээд ирсэн ажил учир түүртээд байх зүйлгүй. Хөдөөгийн ажлын нэг онцлог нь эртэч байж тэр өдрийн ажлыг нугална. Нар дээр хөөрсөн хойно босвол өнөө хэдэн үхэр нь хавь ойроор мөөрөлдөөд сүйд болно шүү дээ. Шинэ төл гараад ирэхэд яг л хүүхэд гарч ирсэн юм шиг хөөрнө. Өнөө хэдэн ишиг, хурга, тугалтайгаа үгсэж ярилцана.Улам урам ороод байдаг юм. Цаг хүндхэн үед угжуур ихтэй бол шөнийн нэг, хоёр цаг хүртэл унтахгүй. Хурга, ишгээ угжиж дуусгаад хажуулдана. Ер нь байгаль цаг уур сайхан байвал тэр хирээр сэтгэл санаа хүртэл өөдрөг байдаг.

Энэ сайхан хүүхдүүдийнхээ аавтай нь хэзээ хаана учрав аа. Нэг нутгийн хоёр уу?

Арбулаг сумын зүүн, нөгөө нь сумынхаа хамгийн хойдох бригадаар нутагладаг хоёр байв. 1976 он шиг санагдаж байна. Төлчдийн семинар сумын төвд болж, би бригадаасаа төлөөлөгчөөр ирсэн. Манай хүн хэсгийн ахлагч байж. Тэр үед л намайг онцгойлон хараад аав ээждээ Монгол гутал дээлтэй нэг сайхан бүсгүй төлчдийн семинарт ирлээ гэж ярьж. Аав ээж нь заяаны хань чинь мөн байна, заяаны хань тэгж сайхан харагддаг юм, явж олж ир  гэж ятгаад манай баг руу явуулсан байгаа юм. Бүр үлгэр  шиг юм аа. /Инээв/Наадмын дараа манайхаар анх удаагаа ирж, надтай уулзаж байгаа хэрэг. Зургаахан удаа уулзаад хадаг сүй болж, тэр намар нь хуримаа хийсэн хоёр. Тэр намраас хойш 44 жил хоёр биендээ түшиг тулгуур болсон. Манай хүн чинь төрийн албан хаагчийн албатай. Түүхий эдийн эрхлэгч, нярав, ойн байцаагч гээд албан ажилтай учир мал руу нэг их дөхөхгүй. 2000 оны зуднаар манайх хотоо багагүй харлуулаад за ер нь өөрөө л малаа маллах хэрэгтэй юм гэж бодоод шууд малаа дагнасан. Хичээн зүтгэсний үрээр мал маань хоёр мянгад ч хүрч байлаа. Одоо бол мянга гаруй малтай байна даа.

Таны хүүхдүүд ганц хоёр насны зөрүүтэй харагдаж байна.Энэ их ажлын хажуугаар үр хүүхдээ хэрхэн өсгөв өө?

Өө манай хүүхдүүд хөрвийн хурга шиг өссөн шүү дээ./инээв/ Одооных шиг бөөцийлж энэ тэр болсонгүй. Өглөө зургаа гээд л босно. Угжинд сүүг нь хийж тавьчхаад морины хурдаар үхэртээ явна. Ирэхэд том нь багийгаа угжаад сууж байдаг сан. Орой үхэр малд яваад ирэхэд адсаган дээр толгойгоо нийлүүлээд бөөгнөрчихсөн унтаж байна. Том нь багийгаа өсгөсөн дөө.Олуулаа байсныг бурхан харж үзсэн ч юм уу хүний урамд хамрын ханиад хүрсэн хүн байхгүй дээ манай хэдээс/ инээв/. Хоол идүүлнэ гээд л араас нь хөөгөөд ам руу халбагадаад байхгүй. Нэг том даавуу дэлгээд бүгдийг нь суулгаад урд урд нь аягтай хоолыг нь тавьчихдаг байв. Хүн л юм болсон хойно идчихнэ шүү дээ.

Гардаж өсгөсөн малаа зуднаар алдаж, хотоо харлуулж байсан тэр үеийг бодохоор танд юу бодогддог вэ. Яг тэр үе хүн байгалийн өмнө хүчин мөхөстөж байгаа хэрэг үү, эсвэл бэлтгэл муу хийсний үр дүн үү?

Өглөө босоод хот руу харахаар л бөндийж бөндийсөн юмнууд байхаар гол харлаад ирдэг байсан. Амандаа зуун алдаж өсгөсөн хэд маань нэг өвөл ийм болох гэж гол харлах үе байсан.Тэр зуднаар багагүй малаа гуу руу зөөсөн. Хавар онд оруулсан хэдийгээ хараад за яах вэ мянга хүртэл нь өсгөнө дөө гэж бодоод хичээсний үрээр мянга хол давсан. Ер нь байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөстөх үе бий шүү. Гэхдээ хадлан ахиу авсан хүн өвөлдөө жаргалтай, ханиа зөв сонгосон хүн насаараа жаргалтай гэдэг шүү дээ. Сайн бэлтгэл ч аминд ордог шүү. Дээрээс нь амны билэг гэж нэг юм бий. Зуднаар байдаг хэдээ туучхаад мянга хүртэл нь өсгөнө гэж байхад танилууд ийм жаахан мал хэзээ мянга хүрнэ гэж байсан. Хөдөлмөрлөсний эцэст хүрсэн. Хар шараа хаана л явна унаж ачаа ачдаг байсан. Манайхан ичээд л. Наад хар шараа унаж энэ тэрүүгээр явахаа бай гээд л. Гэтэл одоо хар машинтай болчихсон л түүгээрээ салхи татуулаад байна.

Малын буян арвин их, ашиг шим ч сайн. Гэхдээ та аль малыг илүү ихээр өсгөдөг вэ?

Гарын дор болоод ч тэр үү нарийн мал өсгөх их дуртай. Нэг үе бүүр өвөртөө хийхээс наахнуур малладаг байлаа. Сүүлийн үед нас яваад ч тэр үү жаахан залхуу болоод байх шиг.

Сүүлийн үед малын тоо бус чанарт анхаар гэдэг болжээ. Та алинд нь их анхаарч байна вэ?

Байгаль цаг уур өөр болсон. Үүнийг дагаад бэлчээр их хэцүү болсон. Нөгөө талаар нас ахиад олон мал дийлэхээ байжээ. Тоог бол мянгаас илүү гаргахгүй байх бодлого барьж байгаа гэхүү дээ. Өсгөе гэсэн урмаараа явсан бол өдийд гурван мянга хүрсэн байх байлаа. Ер нь бол бэлчээртээ тохирсон тооны малтай баймаар байгаа юм.

Чанартай малтай байхын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?

Эцэг малд л анхаарах хэрэгтэй дээ. Эцэг малыг холоос авчрах нь чухал. Эцэг малыг чанаржуулснаар төдий чинээ чанартай төл авна гэсэн үг. Нэг хотноос эцэг мал тавилбал төл давжаарах гээд сөрөг талууд их. Манайх Дорнодоос хуц, Говь гурван сайхны ухна, Булган, Сэлэнгэ талын бух, Галшарын азарга гээд холоос авдаг.

Таны мал маллах арга ухааныг танай хүүхдүүдээс хэд нь өвөлж авсан бэ?

За бараг ихэнх хүүхдүүд малчин даа. Сумын аварга малчин, аймгийн аварга малчин гээд миний араас явж л байна./инээв/Хөдөлмөрийн үнэ цэнийг ягштал мэдэрч, хөдөлмөрийнхөө хөлс хүчээр амжилтад хүрнэ гэдэг бол бахархал.

Та залуучуудад хандаж хөдөлмөрийн үнэ цэний талаар юу хэлэх вэ?

Хэдий их  хүч хөдөлмөр зарцуулна тэр хэрээр амжилтад хүрнэ. Би бол энгийн нэг л малчин хүн. Жилийн дөрвөн улирлын эргэлтэд малаа дагаж зүтгэсний хүчинд өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Ер нь бол залхууралгүй хөдөлмөрлөж чадвал ийм амжилт хүн бүрийн гарт бий. Гол нь хийж байгаа ажилдаа үнэн голоосоо дуртай, дээрээс нь залхуурах явдлыг таягдан хаях хэрэгтэй. Хөдөөгийн ажлыг хүнд л гэдэг юм. Дуртай ажил маань болохоор сайхан л байдаг юм. Мөн хөдөөгийн бид байгалийн цэвэр гэгдэж байгаа бүгдийг хэрэглэж байна. Эрүүл хүнс, эрүүл агаар, эрүүл хөдөлгөөн гээд суурин газрынхан толгойн өвчин болоод байгаа энэ асуудал хөдөө бол өдөр тутамдаа хэрэглэж, хийж байгаа үйлдэл шүү дээ. Малчин бид хөдөлгөөний дутагдалд орно л гэж лав байхгүй.

Мал маллах залуус хэр их байна вэ? Залуу малчдадаа хандаж юу хэлэх вэ?

Сүүлийн үед залуучууд малд дуртай болж, хөдөөг сонгох нь элбэг болсон харагддаг юм. Гэхдээ тэдэнд зарим тохиолдолд жаахан дэмжлэг хэрэгтэй юм болов уу гэж хардаг. Залуу малчдыг хамруулсан уулзалт зөвлөгөөн баймаар байгаа юм. Залуучууд маань малаа сайн өсгөж байгаа. Ер нь бол таван зуу руу дөхүүлэх хэмжээнд л өсгөнө дөө, манай эндхийн залуус. Эд нарыгаа хараад сайхан л байдаг юм. Залуу насанд ингэж л малладаг даа гээд. Манайх туслах малчинтайгаа хамтран ажиллаад хорь гаруй жилийн нүүрийг үзжээ. Энэ хүмүүсийнхээ хүчээр их ажлыг амжуулж байна. Залуучуудад хандаж хэлэхэд дөрвөн улирлын нутгаа сайн сонгож буурьших хэрэгтэй. Бууриа зөв газар сонгоод тохилог сайхан хашаа хороо бэлдээд авсан байхад алзахгүй дээ хүүхдүүд. Мал ч зутрахгүй, хүн ч ядрахгүй.

 

Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Гэрэл сэтгүүл 2020 он

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу