КОВИДЫН ҮЕИЙН ГЭР БҮЛИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ

0

Ковидын үед гэр бүлийн хямралыг хэрхэн даван туулах вэ?

Гэр бүл бол хүн бүрийн заавал суралцах ёстой талбар юм. Аливаа мэргэжлийг эзэмшихийн тулд тодорхой цаг хугацаа, хичээл зүтгэл, санхүү зарцуулдаг. Жишээ нь: Хэрэв та багш болохыг хүсвэл тус мэргэжлийг 4 жил, харин эмч болохыг хүсвэл 4-7 жилийн сургуульд суралцах хэрэгтэй болно. Харин хүний амьдралд хамгийн чухал байр суурь, талбар бол эцэг хүн байх, эх хүн байх юм. Гэтэл сайн эцэг эх байх тухайд бид өөрсдийгөө үүнд бэлтгэдэг билүү? Үнэндээ энэ бол хамгийн чухал мэргэжил. Олон хос гэр бүлийн тухай боловсрол дутмаг, тус талбар дээр суралцаагүйгээс болж амьдралд тулгарах бэрхшээлийг зөвөөр даван туулж чаддаггүйн улмаас энэ байдал нь тэднийг салалт руу хөтөлдөг.

Гэхдээ бидэнд одоо ч боломж бий. Сурахад огт оройтохгүй хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Тиймээс та  гэрлээд хэдэн жил болсон эсвэл хэдэн настай гэдгээс чинь үл шалтгаан гэр бүлийн талбар дээр таны суралцах зүйлс байсаар байдаг. Учир нь гэр бүл бол хүний амьдралын үнэ цэнэ, утга учир, амьдралын үндсэн ойлголт юм. Суурь тавцан ч гэж хэлж болно. Байшин сууриа сайн тавьбал бат бөх болдог шиг бид үндсэн ойлголтоо авч чадвал бидний амьдрал бат бөх урт удаанаар үргэлжлэх болно.

Тиймээс Гэрэл сэтгүүлээрээ та бүхэнтэйгээ гэр бүл хэмээх нандин сэдвээр уулзах болсондоо баяртай байна.

Энэ удаад онцгойлон хямралыг хэрхэн гэр бүлээрээ давах талаар хуваалцаж байна. Ковидын үед гэр бүлүүд олон талбарт хямралтай нүүр тулсан нь бодит амьдрал дээр ч мөн судалгаагаар батлагдсан.

Үүний нэг нь санхүүгийн тогтворгүй байдал болон зогсонги байдал юм. Энэ нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд үндсэн хэрэгцээ хангагдахгүй болоод ирэхэд гэр бүлд зөрчил үүсдэг. Энэ зөрчлөө хэрхэн шийдвэрлэх аргаа олохгүйгээс гэр бүл салалтад хүрсэн тохиолдол ч бий.

Мөн хүмүүсийн амьдралын хэмнэл өөрчлөгдсөнөөр стресс бухимдал нь гэр бүлд ихээр үүсэх болсон. Гэрээс гадуур ажилдаа олон цагийг өнгөрөөдөг эцэг эх нарын хувьд хүүхэдтэйгээ харилцах харилцаанд бэрхшээл үүсч байна.

Гэр бүлийн гишүүд ойлголцохын тулд бие биетэйгээ ярилцах цаг гаргадаггүй, эсвэл өөрийгөө бүрэн илэрхийлэх аргад суралцаагүй, стресс уур бухимдлаа дарж, сэтгэл мэдрэмжээ зөвөөр илэрхийлж хянах арга эзэмшээгүй зэргээс шалтгаалж эдгээр зөрчил гэр бүлд үүсч, гэр бүлийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэдгийг мэргэжилтнүүд ярьсаар байна.

Өнгөрөгч жил дунджаар 15 мянга орчим хос гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг ч эсрэгээр 4 мянган орчим хос гэрлэлтээ цуцлуулсан гэсэн тоо баримт байна. Харамсалтай нь гэр бүлээ цуцлуулж буй хосуудын тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. Энэ салалтын хамгийн том хүчин зүйлсийн нэг нь гэр бүлийн боловсролын дутмаг ойлголт гэдгийг ч судалгаагаар харж болно.

Ингээд эцэст нь та бүхэнд товчхон гэр бүлээрээ хямралыг даван туулах талаар зөвлөмж хүргэе.

  1. Гэр бүлийн харилцаагаа эргэн нэг дүгнэж үзэх -Бид завгүй гэдэг үгээр чухал хүмүүстэйгээ харилцах харилцаагаа орхигдуулдаг.
  2. Гэр бүлдээ чанартай цаг гаргах-Хэн нэгэнд яг зориулж цаг гаргах нь харилцааг авардаг.
  3. Гэр бүлийн сургалт, бүлэг, хэлэлцүүлэгт хамрагдах- Бид үргэлж суралцсаар байх хэрэгтэй.
  4. Танай гэр бүлийн туулж буй хямрал дааж давшгүй мэт санагдаж байвал заавал мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна.

 

Гэр бүлийн сургуулийг үүсгэн байгуулагч Г. Бат-Оргил, Н. Эрдэнэцэцэг нар зөвлөж байна

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу