Хүмүүс хогоо ангилан ялгах эрүүл зөв дадалд суралцаасай

0

Хүмүүс хогоо ангилан ялгах эрүүл зөв дадалд суралцаасай

Манай сэтгүүл нь Хөвсгөл аймагт шинэлэг болоод эерэг сайн зөв үлгэр дуурайлал болж буй хүмүүсийн мэдээ мэдээллийг уншигч танд хүргэхийг зорьдог билээ. Энэ удаад Элстэйн арлуу явах замд байрлах түүхий эд хүлээн авах төвийн үйл ажиллагааг гэр бүлээрээ эрхлэн явуулж буй С.Мэнджаргал ахтай уулзаж ярилцсанаа уншигч танд хүргэе.

Монгол улсын хэмжээнд  жилд 2,2 сая тн  хоёрдогч түүхий эд гардгаас 3-5 хувийг дахин боловсруулж байна. 2019 оны байдлаар  хог хаягдал дахин боловсруулдаг 57  үйлдвэр 100 гаран бизнес эрхлэгч, ялган бэлтгэдэг 200 гаруй цэг, түүнд 2000 гаруй ажилтан ажиллаж байна. Эдгээр иргэдийн нэг болох бусдын  хог гэж хаясан зүйлсийг эргэлтэд оруулан баялаг бүтээн буй, эгэл даруухан ажилч хөдөлмөрч нэгэн гэр бүлтэй уулзсанаа уншигч танд хүргэж байна.

Иргэд хогоо ялган ангилаад хуванцар сав лааз ундааны савнуудаа танайд авчраад өгөхөд бүрэн боломж нээгдсэн байна?

Тийм шүү. Даанч иргэд маань манай түүхий эдийн төвийн байрлал үйл ажиллагааг хараахан мэдэхгүй байна. Их хэмжээний түүхий эдийг бид газар дээр нь очиж худалдан авч болно. Та бүхнээр дамжуулан мэдээлэл өгч байгаадаа баяртай байна. Би Мөрөнгийн харьяат боловч хотод арваад жил түүхий эдийн компанид ажилласан бөгөөд энэ олж авсан мэдлэг туршлагаараа аймагтаа ирж тус цэгийг ажиллуулж байна.

 

Та ямар түүхий эдийг хэдэн төгрөгөөр худалдан авдаг вэ? Нийлүүлэлт хэр байдаг вэ?

Аль болох олон зүйлсийг худалдан авахыг хүссэн ч өөрсдийн нөөц бололцооноос шалтгаалан лааз 1кг нь 400 төгрөг, ундааны савыг 100 төгрөг, фивор савыг 200 төгрөгөөр мөн ундаа пивоны гадна талын гялгар уутыг 250 төгрөгөөр тус тус худалдан авч байна. Гэвч нийлүүлэлт маш бага байна. Бид өөрсдөө заримдаа хогийн цэг орж түүхий эдээ олж авдаг.  Элстэйн арын хогийн цэг дээр ажиллаж байгаа иргэд маань өмнөхөөсөө багассан байна. Бид  бүхэн тус газарт ирснээр нийлүүлэгчдэд маань явах зам нь ойртсон давуу талтай байна. Мөн өнгөрсөн зун Хатгалаас бид нэлээдгүй их түүхий эдээ зөөвөрлөн авсан.

Та худалдан аваад цааш хаана нийлүүлдэг вэ?

Манай аймгийн Байгаль орчны газраас бидэнд преслэгч машин өгсөн. Энэ бидний ажлыг маш их хөнгөвчилж байна. Бид түүхий эдээ нягтруулан преслэгч Улаанбаатар хотын компанид нийлүүлдэг. Бидний байрлаж буй энэ газар нь Мөрөн сумын эзэмшлийн газар бөгөөд бидэнд үүдний хэсгийг түр хугацаанд хариуцуулан өгөхөөр ярьж байгаа.

Хүлээн авч байгаа компани  нь тус түүхий эдээр юу хийдэг вэ?

Өмнө нь хайлуулахгүйгээр Хятад руу гаргадаг байсан бол одоо Монголдоо хайлуулаад урагш нь нийлүүлдэг болсон байна. Тус  хайлуулсан хуванцар зүйлсээр утас болон траншейны таг, ширээ, сандал хийдэг гэж сонссон.

 

Энэхүү үйл ажиллагааг явуулахад хүндрэлтэй тулгамдаж байгаа ямар асуудал  байна вэ?

Аймаг орон нутгийн зүгээс биднийг олон талаар дэмжиж байгаад талархаж байна. Бид түүхий эдээ татан төвлөрүүлж байгаа ч ажиллах хүний нөөцийн дутагдалтай байна. Одоогоор эхнэр бид хоёр хамтдаа түүхий эдээ ангилан ялгаж байгаа боловч өдөрт ажлын гүйцэтгэлийн хувь маш бага байна. Таньдаг  хүмүүсээрээ дамжуулан ажиллах хүн сурагласан боловч хүн олдохгүй л байна.  Дөнгөж эхэлж байгаа учраас түүхий эдээ төвлөрүүлээд хот руу нэг ч ачилт хийж амжаагүй байна. Тээврийн зардал бас нэлээдгүй гарах бололтой.  Одоогоор ямар нэгэн зээлд хамрагдаагүй өөрсдийн боломжид тулгуурлан ажиллаж байна.

Элстэйн ард ажиллаад танд түүхий эд нийлүүлэн ажиллаж байгаа хүмүүсийг та хэрхэн хардаг вэ?

Энэ хүмүүс бол хөдөлмөрч хүмүүс. Энэ ажлыг хүн голоод хийхгүй шүү дээ. Хүн сайнтай муутай, мод урттай богинотой гэж дотор нь янз бүрийн зорилготой хүмүүс байдаг байх. Олсон орлогоороо хүн юундаа зарцуулна тухайн хувь хүний л асуудал шүү дээ. Гэхдээ л зөв зүйлд зарцуулаасай гэж хүсдэг. Цаашид эдгээр хүмүүсийнхээ түүхий эдийг аль болох ахуй үнээр худалдан авахыг зорино.

Хогийг ангилан ялгаж дахин боловсруулсны ач тусын тухай манай уншигчидтай хуваалцахгүй юу?

Хамгийн чухал зүйл бол байгаль дэлхийгээ бохирдлоос хамгаална. Мөн аюултай хог хаягдлын нөлөөг багасгана. Хүмүүс хогоо ангилан ялгах эрүүл зөв дадалд суралцана. Айл өрх аж ахуй нэгж байгууллагуудын түүхий эдээр дамжин орж ирэх орлого нэмэгдэнэ.  Дахин боловсруулахтай үйлдвэртэй холбоотой ажлын байр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой.

За баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу