Монгол хүний оюун, мэдлэг чадварыг төрсөн нутагт нь өндрөөр үнэлүүлж үнэ цэнтэй болгож байгаа маань мөнгө олох ажлаас илүү эрхэм чухал санагддаг.

0

 

 

Хамгийн анх Герман орныг зорих болсон түүхээсээ бидэнтэй хуваалцаач?

Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагчаар төгсөөд ажилд орох боломжтой байсан ч энэ мэргэжлээр насан туршдаа ажиллана гэсэн итгэл төрөөгүй юм. Учир нь нэгэн хэвийн тогтсон амьдрал нь миний хүсэл мөрөөдөлтэй минь зөрчилдөж байсан тул яаран ажлын байранд гарахыг хүсээгүй учир  аав ээжийнхээ бизнест тусалсан. Тухайн үед Холбоонд л ганцхан интернэт ажилладаг байлаа. Сургалтын  төвүүд нээгдээгүй, гадаад хэл дээр номууд ховор байсан үед Далайван сургуульд илгээлтээр ирсэн эмэгтэйтэй танилцан хэл сурахаар шийдсэн. Герман хүний амнаас гарсан үг болгоныг бичиж аваад хичээнгүйлэн 2 сарын хугацаанд суралцсан юм…. эмэгтэй нэгэн өдөр Германд айлын хүүхэд харах ажил санал болгосны дагуу Элчингийн шалгалтаа өгч тэнцсэнээр кармадаа 30 евротой Европын орныг зорьсон. Богино хугацаанд хэл сурч шалгалтдаа тэнцээд явахаар болоход эцэг эх минь мэдэхгүй газар, танихгүй хүмүүстэй яаж амьдрах билээ гэж дургүйцэж байсан ч эцэстээ зөвшөөрсөн юм. Энэ бүх хичээл зүтгэл,зориг, тэвчээр хаанаас бий болсон вэ гэхээр Европын оронд суралцана гэсэн мөрөөдлөөс минь эхлэлтэй.

Багаасаа л маш олон ном уншиж өссөн. Ном  уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдарч, уншдаггүй хүн ганцхан хүний амьдралаар амьдарч үздэг гэж үг бий. Миний хувьд залуу хүний алдаа оноо амжилтын тухай маш олон номоос уншин ямарч нөхцөлд, хаана ч биеэ авч явж чадна гэсэн итгэл байсан учраас энэ шийдвэрийг гаргасан. Энэ бүхэн муйхар зориг байгаагүй.

Кармадаа 30 евротой Туяа Европын орныг зориод ажил амьдрал, хичээл сургуулиа хэрхэн зохицуулсан бол?  Үнэхээр сонирхолтой санагдаж байна.

Сургалтын төлбөрөө олохын тулд Германд очоод ажил хийдэг байлаа. Үүнийхээ зэрэгцээ зав чөлөө олдвол үргэлж л хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхээр дүрмийн номоо уншина. Ингэж хэсэг хугацаанд хичээнгүйлэн бэлдэж ажилласны үр дүнд хуулийн сургуульдаа орохоор 2 төрлийн шалгалтыг өгсөн. Энэ шалгалтын босго нь тийм ч амар биш. Учир нь тухайн  улс орных нь иргэнээс илүү их мэдлэг чадвартай байж тус сургуульд суралцах учраас хүмүүс тэнцэхгүй гэж хэлдэг байсан. Тухайн үед МУБИС, МУИС-ийн Герман хэлний ангийг 4-н жил сураад төгссөн залуучууд ч тэнцдэггүй байлаа. Бие даан 2 жил тасралтгүй ажлынхаа хажуугаар бэлдсээр

шалгалтаа өгч сургуульдаа тэнцсэн. Миний хувьд түүх, улс төр,нийгэм эдийн засгийн номууд уншдаг байсан нь хүссэн сургуульдаа ороход минь тусалсан. Би маш их ухаантайдаа тэнцээгүй. Энэ бүхэн өдөр бүрийн хичээнгүйлэн бэлдсэн  хичээл зүтгэл оролдлогын үр дүн байсан. Суралцах хугацаа маань тийм ч амар хялбар байгаагүй. Бүх хичээл Герман хэл дээр учраас бэрхшээлүүд тулгарч байсан ч хүсэл мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг учраас баяр хөөртэйгөөр суралцаж төгссөн. Герман хэлний бүх дүрмүүд тодорхой байдаг. Ганц ч дүрэм гээгддэггүй тайлбарлагддаг. Дүрмээ мэдсэн тохиолдолд алдаа гаргах боломжгүй. Тийм учраас төгс хэл юм. Яг уран барилга шиг бүгд эмх цэгцтэй бөгөөд нягт нямбай тодорхой ойлгомжтой учраас Герман хэлэнд хайртай. Суралцаж байх хугацаандаа хуулийн факультетын оюутнуудынхаа даргаар ажилладаг ганц Ази оюутан нь байлаа. Монголынхоо нэрийг аль болох сайнаар дуудуулахыг хичээн суралцсандаа. Германд байх хугацаандаа чухал болоод чухал бус зүйлсийг ялгахад суралцсан. Тухайн үед үйлдвэрт хоёроос гурван мянган хүмүүс ажилладаг. Ихэнх нь оюутны визтэй нэртэй боловч ажиллана. Олсон орлогоо залуучууд маань ихэвчлэн брэндийн цүнх, хувцаснууд авч гангарна. Сарын цалин 1800 евро гэхээр Монгол мөнгөөр 6 сая төгрөгтэй тэнцэнэ. Цалингаа ийм зүйлсэд зарцуулахаар сурах мөнгөгүй болдог тул дахиад л ажиллах хэрэгцээ гарна.

Миний хувьд энэ мөнгөө сургалтын төлбөртөө хадгалсан. Тухайн үеийн загвар үнэтэй брэндүүд тийм ч чухал санагдаагүй харин насан туршийн эзэмших мэргэжил маань намайг үргэлж хувцаслах учраас ач холбогдол өгдөггүй байлаа. Сурах  хугацаандаа доороос нь тайрсан жинсэн өмдтэй, цөөхөн хэдэн хувцастай л төгссөн. Огт танихгүй хэдэн Германд сайхан харагдах тийм ч чухал санагдаагүй. 5-10 минутын дараа бүхнийг мартана шүү дээ.

 

Нөхөртэйгөө хэрхэн танилцсан вэ? Маш сайн хүн шиг санагдсан шүү.

Сурч байх хугацаандаа Америк эмэгтэйтэй найзалдаг байлаа. Тэр найз маань Австрид ажилладаг Герман найзыгаа танилцуулснаар бид 2 жил гарны хугацаанд холбоотой амьдарсан. Сургуулиа  төгсөөд тухайн муж улсынхаа шүүхэд шүүгчийн туслахаар жил гаран ажилласан ч цаашид энэ чиглэлээрээ ажиллахын тулд Герман улсын иргэн болох шаардлагатай тулгарсан. Гадны иргэнээр хууль шүүхийнхээ салбарыг хариуцуулах боломжгүй шүү дээ. Энэ саналаар дамжуулан миний амьдралд олон шинэ боломжууд гарч ирэх байсан ч би зөвшөөрөөгүй учир Австри улсад найз залуутайгаа хамт амьдрахаар болж удалгүй бид хуримаа хийж хоёр  том хүүхдээ тэнд өлгийдөн авсан. Европт гэрлэсэн л бол нөхрийнхөө овгийг авдаг хуультай. Миний  хувьд энэ тал дээр нөхөртэйгөө ярилцаж байгаад аавынхаа овгийг авч үлдсэн. Мөн хүүхдүүдээ нэр өгөхөөр боллоо. Тухайн үед хүмүүс гадаад Монгол нэрийг хольж нэр өгч байсан бол миний хувьд дан Монгол хэлээрээ хүүхдүүддээ нэр өгсөн.  Монгол иргэншлээ солихгүй байх, нэрээ эцгээрээ овоглох, хүүхдүүдээ Монгол нэр өгөх зэрэг эдгээр сонголтуудыг хийхэд эх орон минь, эцэг эх минь надад ямар үнэтэй эрхэм нандин болохыг багаасаа ухаарсан учраас эргэлзэх зүйл байгаагүй. Хүн бүр аль нэг улс орны иргэн байхаас үл хамааран адилхан үнэ

цэнтэй, Монгол ёс заншил ч адилхан үнэлэгдэх ёстой. Энэ бүхнийг минь ойлгож дэмждэг сайн нөхөртэйдөө  үргэлж талархдаг.  Боловсролтой хүн өөрийнхөө үнэ цэнийг үргэлж мэддэг. Чиний эрх ашиг хохирох ёсгүй гэдгийг ойлгодог.

Анх нутагтаа ирээд гэр бүлээрээ амьдрахад ямар хүндрэлтэй зүйлстэй тулгарч байв. Түүнийгээ хэрхэн даван туулсан вэ?

Монголд амьдрахад олон талаар бидэнд хүндрэл бэрхшээл учирч болохыг нөхөртэйгөө ярилцаж байсан.  Бид хоёрын хувьд аливааг эхлээд төлөвлөдөг. Тэгээд биелэлтээ үргэлж 70%-тай байхад хангалттай гэж үзэхээр санал нэгдсэн. Энэ нь ч бидэнд талархалтай амьдрах боломжийг өгсөн. Хүлээлтээ буулгаад ирэхээр амьдрахад амар тайван болдог. Дараагийн нэг зүйл бол нийгмийн аливаа стресс уур бухимдал хүмүүсийн сөрөг харилцааг өөрсдөдөө хүлээн авахгүй байхаар шийдсэн. Жишээ нь машин барьж явтал хүмүүс чамайг шахаад дайрна ш дээ. Тэр үед уурлах шаардлага байхгүй гэж үзсэн. Бусдын уурыг өөртөө болон гэр бүл рүгээ дамжуулахгүйгээр нь өнгөрдөг байх чухал санагдсан.  Оочир дайрч байгаа үйлдэлд бусдад зүгээр л зай тавьж өгөхийг сонгох нь хамгийн амар. Ингээд аливаад тайван бөгөөд уурлах шалтгаанаа хянаж эхэлснээр гэр бүлийн минь халуун дулаан уур амьсгал хадгалагдах боломжтойг харсан. Гэвч олон гэр бүлүүд гаднаас авсан өөрсдийн буруутай биш үйл ажиллагаанаас хүлээн авсан уур бухимдлаа гэр бүлдээ гаргаж байгаа нь үнэхээр таагүй санагддаг. Бид нийгмийн стресс бухимдлыг нэмдэг бус харин найрсаг амар тайван үйлдлээрээ сайнаар нөлөөлөн эерэг уур амьсгалыг бий болгох нь чухал. Бусдад сайхан үг хэлж чадахгүй бол дуугүй өнгөрдөг байхыг сонгох нь амар шүү дээ. Зарим хүмүүс Телевиз, facebook  үзээд уурлаад бухимдаад байдаг гэвч түүнийг үзэхгүй байх сонголт танд бий. Ингээд бид ухаалаг байдлаар стрессийг багасгах менежмент хийснээр  ямар ч нөхцөлд амар тайвнаа хадгалах боломж үүссэн.

Мэдээж бидний амьдрах орон байр хамгийн чухал. Танай гэр бүлийг хашаандаа сайхан амьдардаг гэж сонссон. Хэрхэн тохижуулсан вэ?

Орон сууцанд амьдрахад тохилог сайхан боловч хүүхдүүдээ тоглуулах хангалттай  том тоглоомын талбайгүй улмаас  хашаа байшинд амьдрахыг сонгосон. Тэгээд  маш гоё байшинтай хашааг худалдаж аваад гаднаа ус нөөцөлдөг тонны савнууд тавиад  дотроо дүүштэй вантай, халуун хүйтэн устай , ОО-той байхаар шийдлийг бий болгосон.  Маш бага зардлаар байранд амьдрахаас илүүтэйгээр тохилог тав тухтайгаар хашаандаа амьдарч байна. Хашаандаа хүүхдийн тоглоом, граш, саравч, зочны байшинтай, модоо тарьсан. Хашаа  байшинг эдлэн газар болгон хувиргасан гэхүү дээ. Одоо манай хүүхдүүд хашаандаа аюулгүй дураараа гүйлдэн тоглож байна. Хүмүүс байранд л амьдрах сайхан гэж харснаас биш хашаанд ингэж амьдрах  боломж байсныг олж хардаг. Германд газар маш үнэтэй тул тэр болгон олдохгүй учир тэнд байгаа найзууд маань биднийг харахдаа эдлэн газартай та нар үнэхээр тансаг амьдарч байна гэж хэлдэг /Инээв/.

Монголдоо яагаад амьдрахаар шийдсэн вэ? Танай гэр бүлд бүхий л сайхан боломжууд байсан шүү дээ?

Хүүхдүүд маань Германд төрсөн учраас  хэчнээн би гэртээ Монголоор ярьсан ч бүхий л орчин гадных болохоор Монголоор ярихгүй байгаа нь намайг эмзэглүүлж эхэлсэн. Би өөрөө Монгол хүн байтал миний хүүхэд эх хэлээр минь ярихгүй байгаа нь нутаг ругаа буцах бас нэг шалтгаан болсон. Хүн ямар  хэлийг эзэмшсэн тухайн хэлнийхээ соёлтой илүү ойр өсдөг. Тиймээс нөхөртэйгөө ярилцаж байгаад интернэтийн боломжийг ашиглаад онлайнаар ажиллах боломж байгааг харсан. Бүтэн жилийн хугацаанд төлөвлөөд ирэхээр шийдэхэд маш олон хүмүүс Монголд ирж яах гээд байгаа юм бэ, та хоёрын бүх зүйл амжилттай сайхан байна, бүх хүн гадагшаа гарахыг хүсэж байхад та хоёр юун нутагтаа ирэх вэ гэж хэлдэг байсан. Нэгэнт  бид шийдсэн учраас ажиллаж амьдрах олон боломжийг харан Хөвсгөлдөө ирсэн.

Одоо байгуулсан компаниа хэзээ байгуулсан вэ? Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

2018 онд компаниа байгуулсан. Тэнгис болд хэмээх барилгын инженер мэргэжилтэй залуутай  хотод анх танилцаад гэр бүлийн хүн нь мөн инженер мэргэжилтэй гэдгийг сонсоод хамтад нь ажиллуулахаар болсон. Хоёр хүнтэй ажиллаж байсан байгууллага нь одоогоор 20-н хүнийг ажлын байраар ханган үндсэн мэргэжлийн 5-6н хүн бусад нь инженертэй төстэй чиглэлийн мэргэжилтэй залуус манай багт ажиллаж байна. Ихэнх залуучуудаа ажлын байран дээр сургаж авдаг. Хүний чадвар, авьяас, сурах хүсэл эрмэлзэл, эерэг хандлага нь дипломоос чухал санагддаг. Бидний хувьд зорилтоо өөрсдийнхөө чадахаас 2 дахин илүү өндөр тавьдаг. Тэгээд тухайн төлөвлөгөөнийхөө 70%-ийг биелүүлэхэд тэр нь бага зорилгын  100% биелэлттэй тэнцдэг.  5-10 жилийн төлөвлөгөө урьдчилж гаргаад түүндээ хүрэхийн төлөө ажиллаж байна.

Та байгууллага нь хэрхэн ажилладаг вэ?

Монголд мэдээллийн харьцангуй сайн технологи хөгжсөн. Дэлхий бөөрөнхий биш дэлхий хавтгай болж. Учир нь дэлхийн бүх хүмүүс нэг цэгт амьдарч байна гэж хэлж болохоор. Би яг одоо энд ажлаа хийгээд Австри улс руу явуулахад хэдхэн секундийн дотор очно. Үүнээс харахад бидэнд орон зайн хязгаар саад болохгүй  учраас бид  нэг цэгт амьдарч байна. Энэ давуу талыг ашигласан. Европт сүмүүд олон. Учир нь сүм байгаа газар гэрэл байгаа гэж үздэг. Мөн суурин хот болгон гүүртэй, уран барилгатай, ордон, банк зэргүүд нь хуучны барилгуудад тооцогддог. Европт хүн ам нь шахуу суурьшсан байдаг. Монголын 4-н аймгийн газар нутагтай тэнцэхээр зайд 80 сая хүн амьдардаг. Тиймээс барилга байгууламж ихтэй. Эдгээрээс хамгийн эртнийх нь 1100 онд баригдаад хамгийн залуу нь 300-400н жилийн насжилттай байдаг. Эдгээр  барилгууд  нь цаг хугацааны эрхээр хуучирч, элэгдэж эхэлдэг. Тухайн үедээ зураг хийсэн байсан ч орчин үеийн шаардлага хангахгүйн улмаас шинэ зураг хэрэгтэй болж эхэлсэн. Бид энэ зах зээлийн эрэлтийг олж харсан.

Захиалагч компани маань тухайн барилгын гадна дотно зургийг 3D зураг авалт хийгээд манайх руу илгээдэг.  Бид бүхэн 2D  зураг болгон файлаар явуулах зарчмаар ажилладаг. Энэ зураг яагаад чухал вэ гэхээр барилгад ямар нэг эвдрэл гарах, газар хөдлөх зэрэг эвдрэл үүсэхэд зургийг үндэслэн сэргээн засах боломж бий болдог ач холбогдолтой. Бидэнд 10-20 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлын захиалга нөөц байна гэж харж байгаа учраас 50 цаашлаад 100 хүний ажлын байрыг бий болгохоор зорьж байна.

Монгол залуучуудын оюуны чадвар дэлхийд үнэлэгдэж байгааг харахад үнэхээр таатай байна? Яагаад үнэлэгдэж байгааг тайлбарлахгүй юу?

Монгол хүний оюуны мэдлэг чадварыг төрсөн нутагт нь өндрөөр үнэлүүлж үнэ цэнтэй болгож байгаа нь мөнгө олох ажлаас илүү эрхэм чухал санагддаг. Маш олон залуучууд өндөр цалингийн төлөө гаднын улс орнуудыг зорин үйлдвэрүүдэд ажилласаар. Гэтэл Монгол хүний оюун ухааны цар хүрээ, аливааг ойлгон гүйцэтгэх чадвар нь өндөр. Ашиглах тусам улам хөгжиж дүүрч байдаг энэхүү оюуны баялаг үнэгүйдэх ёсгүй.  Энэ баялаг ухаад дуусдаг уурхай биш. Харин ч улам дүүрч байдаг уурхай юм. Монголоос ганц ч ширхэг төгрөг элс шороо гаргахгүй байна. Харин оюуны чадвар мэдлэг боловсролыг  гадагшаа гарган үнэлүүлж Европ зарцуулагдах байсан валютыг Монголд оруулж байна.

Танай нөхрийн хувьд мэргэжлийн ур чадвараа залуучуудад заан сургаж байгааг харж байна.  Та хоёрын хувьд ажилчдадаа ямар шаардлагыг тавьдаг вэ?

Шинэ хүн ажилд орлоо үргэлж асуу гэж хэлдэг. Асуух тусмаа сайн. Тааж битгий хий бас бүү Монголчил гэж захидаг. Шинэ хүн эхлээд айж эмээгээд байдаг тул бид чи эхний хоёр сар алдах эрхтэй, асуух ч эрхтэй гэж хэлдэг. Харин алдаагаа давтаж болохгүйг сануулдаг.  Бид ажлаа сайн гүйцэтгэж байвал захиалга нэмэгдэж дахиад нэг залуу гэр бүлийн амьдралд хувь нэмрээ оруулж, шинэ ажлын байрыг тэдэнд бэлдэж өгөх болох боломжтой гэж хэлдэг. Зүгээр нэг 8-н цагаар, сарын цалингаа аваад явах биш миний ажлаар дамжуулан бусад хүмүүст боломж ирнэ гэсэн сэтгэлээр ажиллах чухал гэдгийг сануулдаг. Бид бүхэн Энэтхэг, Хятадын олон ажилчидтай компанитай өрсөлдөхөд цөөн ажилчидтай хэрнэ чадвараараа ялдаг. Энэ ялалт нь ямар нэгэн танил тал болоод хээл хахуулиар биш бид чадвартай учраас ялсан тул ажилчид маань нүүр бардам ажилладаг. Манай нөхөр энэ чиглэлдээ 10-н жил ажилласан туршлагатай мэргэшсэн тул ямар ч алдаа гаргахгүйгээр бүгдийг шүүж чаддаг. Хэрэв компьютер зургийн аль нэг хэсэгт алдаа заавал том барилгуудын хувьд түүнийг олно гэдэг маш их хугацаа шаарддаг. Тиймээс бид алдаа гаргавал алдагдал хүлээх эрсдэлтэй байдаг. Манай нөхөр залуучуудыг мэргэшүүлж сурган, мэддэг зүйлсээ тэдэнтэй харамгүй хуваалцдаг. Бриллиант гэж зассан очир эрдэнийг хэлдэг. Очир эрдэнэ мэт Монголын залуучуудыг дэлхийн зах зээлд өрсөлдөхөд тэднийг засаж чиглүүлэн сургаж байгаа хүн нь манай нөхөр юм. Миний хувьд алсын хараа руу чиглүүлж менежментээ хийж манай нөхрийг хувьд яаж хийхийг заадаг хүн. Ажилдаа ирэх дуртай, жаргалтай хүнээс бүтээмж

өндөр гаргадаг. Тиймээс ажилчдынхаа сэтгэл ханамжтай байдалд илүү анхаардаг. Нэг талаараа бид сайн хүн болох гээд хичээгээд байгаа биш ингэж ажиллаж байгаа байгууллага ашигтай ажилладаг. Ажилчид нь орой гэртээ хариад ажлынхаа талаар үргэлж гомдож ярьдаг бол энэ ажилчнаас бүтээмж гарахгүй. Харин ажилдаа ирэхдээ сэтгэл хангалуун гэр лүгээ явахдаа яардаг тийм л залуучууд байгаасай гэж хүсдэг.

Цар тахлын энэ хэцүү цагт танай хамт олон Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат бэлэглэж байсан үүнийг хараад үнэхээр талархсан шүү?

Сайн бүхнийг хийж, сайхан зүйлийг ярих нь үүнийгээ дагаад зөв зүйл бий болдог гэж боддог учраас ажилчдаа уриалан ковидын энэ цаг үед эмнэлэг цөөхөн хэдэн амьсгалын аппараттай байгааг судлаад Нэгдсэн эмнэлэгт 4-н аппарат бэлэглэсэн. Бусад газруудын хувьд даргадаа тал засаж өөрийг нь магтсан хүн нэр олдог бол бидний хувьд зүгээр л өөрийнхөөрөө зөв хүн байхад л, хэнч хараагүй байхад зөвийг үйлдэн зөвхөн даргадаа бус хамт олон найз нөхдөдөө нийгэмдээ үнэлэгдэх нь чухал болохыг ойлгоосой гэсэндээ энэ сайн үйлсэд ажилчдаа уриалан оролцсон.  Манай ажилчид маш сайн хандлагатай. Энэ эерэг зөв уур амьсгалыг энэ хэвээр нь хадгалан авч үлдэх юмсан гэж хичээдэг.

Бидний эргэн тойронд төр засагтаа, удирдлагадаа гомдоллосон олон хүмүүс байдаг. Энэ бүхнийг хэрхэн өөрчлөх вэ?

Гомдоллож байгаа хүн үргэлж бусдыг буруутгадаг. Гэвч өөрөө энэ бүхэн хэр оролцоотой өөрөөсөө шалтгаалах сайн зүйлсийг хийж чадаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй санагддаг. Өөрсдөөсөө шалтгаалах зүйлсээ хамгийн сайнаараа хийж эхэлье. Гэр бүлээ хамгийн сайнаараа хамгаалж хайрлаж хангаад өөрсдийн ажил үйлсээрээ бусдад боломж олгож бусдын сайн сайхан амьдрах бас нэгэн эх үүсвэр нь болоод нийгэмдээ чадах зүйлсээрээ туслаад амьдарвал бидэнд гомдоллох цаг гарахгүй гэж боддог.

 

ЭХ СУРВАЛЖ: ГЭРЭЛ СЭТГҮҮЛ  2021 ОН

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу