Өвдсөн  хойноо эмчид хандах биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлье

0

 Өвдсөн  хойноо эмчид хандах биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлье

Зүрх судасны их эмч,Дотрын тасгийн эрхлэгч Ю.Энхжаргал

Зүрх судасны эмгэгээс хамгийн их тохиолдох нь артерийн судасны хатуурал бөгөөд энэ эмгэгийн суурин дээр артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг нас баралтаар тэргүүлдэг эмгэгүүд хүндрэл хэлбэрээр илэрдэг. Манай улсад артерийн даралт ихсэх өвчин насанд хүрсэн дөрвөн хүн тутмын гуравт тохиолдож байгаа нь маш их сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байна. Мөн зүрхний титэм судасны өөрчлөлтөөс болж зүрхний булчинд цусан хангамж дутагдаж зүрхний бах, зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх, нас барах явдал их байна. Сонирхуулан хэлэхэд “Зүрх судасны эмгэг” нь хүний амьдралын буруу хэв маягаас үүсдэг аж.

Үүнд  нас, хүйс, удамшил нөлөөлөхөөс гадна архи, тамхи, хоол хүнсний буруу хэрэглээ ялангуяа өөх тос, нүүрс ус, давс ихтэй хоол хэтрүүлэн хэрэглэх зэргээс үүдэлтэй, хөдөлгөөний хомсдол, таргалалт, стресс, чихрийн шижин ч мөн зүрх судасны эмгэг үүсэх хүчин зүйлүүд болдог байна.

ДЭМБ-н мэдээгээр жил бүр дэлхийн 15 сая хүн зүрх судасны өвчлөлд өртдөгөөс 5 сая гаруй нь нас барж,нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.Манай орны эрүүл мэндийн статистикийн мэдээгээр 1995 оноос хойш цусны эргэлтийн тогтолцооны өвчин нас баралтаараа байнга тэргүүлж, жил ирэх бүр нэмэгдсээр байна. Зүрх судасны өвчний 41,8%,зүрх судасны шалтгаант нас баралтын 52%г Артерийн даралт ихдэх өвчин эзэлж байна.Дэлхийн хүн амын нийт нас баралтын 13% буюу 7,1 сая тохиолдол нь Артерийн даралт ихдэх өвчнөөс шалтгаалж байна.

2010 онд зүрх судасны өвчний өвчлөл 50-54 насанд илүүтэй тохиолдож байсан бол 2030 он гэхэд Монголын хүн амын тоо 3,236,000 болж өсөхөд өвчлөл 35-39 нас болж залуужна гэсэн түгшүүрт мэдээ байна.(http;www.World life expectancy.com/country-health-profile/Mongolia). Сүүлийн 10 жилийн судалгаагаар аймгийн нэгдсэн эмнэлгийн зүрх судасны кабинетаар нийт 66173 өвчтөн үзүүлсэн бөгөөд үүний 22576 буюу 30% нь Артерийн даралт ихдэх өвчинтэй байна.

Зүрх судасны өвчин сүүлийн үед залуужиж байгаа нь уг өвчний шалтгаан нь олон янз байдагтай холбоотой. Үүнд:
• Нас
• Хорт зуршил
• Буруу хооллолт
• Хөдөлгөөний хомстолд
• Халдвар зэрэг шалтгаануудыг мэргэжлийн байгууллага тодорхойлж байна.

Зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүйс, удамшил зэрэг эрсдэлийн зарим хүчин зүйлсээс арилгах зайлсхийх       боломжгүй    ч          бусдыг           нь боломжтой юм.

  1. Артерийн     даралтыг       хэвийн           хэмжээнд      барих. Ялангуяа цаг агаарын өөрчлөлтийг гойд анхаарах хэрэгтэй. Артерийн даралт ихтэй хүмүүст хэт халуун нь аюултай юм.
  2. Цусан дахь сахрын хэмжээг хэвийн болгох. Өөрийн боломж бололцоонд  тааруулан            хөдөлгөөний дутагдлаас зайлсхийж байх хэрэгтэй. Заавал гүйх шаардлагагүй бөгөөд өдөртөө эрүүл агаарт хагас цагаас багагүй хугацаагаар алхахад хангалттай.
  3. Тамхинаас тамхи гарах.
  4. Илүүдэл жингээ хасах. Үүний тулд эхлээд хэвийн жингээ мэддэг байх хэрэгтэй. Биеийн жинг /кг/       өндрийн /метр/ квадратад хуваана. Энэ үзүүлэлт 18,5 – 25 -ын хооронд гарч байвал таны жин хэвийн гэсэн үг.
  5. Хоолондоо   амьтны          гаралтай       өөх      тос, холестерин агуулсан хүнсний бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоо, тахианы мах, ургамлын тос, загасны махыг түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Зүрх судасны өвчинд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлсээс аль болох залуу наснаасаа сэргийлж байх нь иргэн бүрийн ухамсар юм. Заавал  өвдсөн хойноо эмчид хандах биш өвдөхөөсөө өмнө сэргийлэн эрүүл амьдралын хэв маягт суралцах нь  чухал байна.

Эрүүл зүрхтэй,эрүүл судастай байхын тулд эрсдэлт хүчин зүйлсээс өөрсдийгөө хамгаалж амьдралын чанараа сайжруулах нь иргэн бүрийн үүрэг юм.

 

 

 

 

 

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу