Аавынхаа захиасыг биелүүлсэн ачлалт хүү
Түүний бага нас хөдөөгийн хот айлын нөр их хөдөлмөр дунд өнгөрсөн
Хөвсгөлийн хязгаарын үзэсгэлэнт газрын нэг Баянзүрх сумын Оглогийн голд 1955 онд нэгэн хүү төрсөн нь Г.Бөхсуурь.Эгэл боргил хөдөөгийн цөлх эр Гүржав, гэргий Норов нарын тав дахь хүүхэд болж төрсөн тэрээр ханат цагаан гэртээ ах дүүс есүүлээ бужигнаж өссөн.Түүний бага нас хурга ишигний араас чавхадсан, малын хошуу эргүүлсэн хот айлын нөр их хөдөлмөр дунд өнгөрчээ. Гүржав гуай угийн холыг хардаг зангаараа үр хүүхдээ насаараа малын хошуу эргүүлсэн бүдүүн бараг улс болгохгүйн тулд их бага ч гэсэн боловсрол эзэмшүүлэх нь зүйтэй хэмээн сэтгэж, төрж өссөн нутгаа орхин соёл гэгээрлийн их хөлийн газар Хатгалыг зорьсон байна.Дассан газрын давуу зөөлөн гэдэг шиг хүн малгүй л эргэж хургаж, Оглогийн голоо орхин тэмээн хөсгөөр зургаа хоног нүүдэллэж Хатгалын айл болсон нь 1960 оны зун. Нүүдлийн зургаа хоногт замд юу эс тохиох билээ.Бороо шороо,халуун нар,цангах ядрах гээд жаахан хүүд Хатгал их л хол санагджээ.Гэвч очиж үзээгүй газар хүүд шинэ бодогдож,хурдан Хатгалын барааг харах сан хэмээн дотроо яравч тэмээн алхаа урагшаа ахихгүйд урам нь үе үе хугарна. Ийн явсаар бороотой нэг орой айлын өтөг бараадан хонож, өмсөж явсан цууямбуу цамцаа өвөлжөөн дээр орхиод явчхаж. Ээжийнх нь гараа гаргаж, ховрын бараагаар урласан тийм гоё цамцаа хаясандаа нэг хэсэгтээ л дотроо харууссан гэдэг. Ах дүүс есүүл учир дунд болон багачууд нь барагтай бол шинэ хувцас өмсөхгүй. Ах эгчийн багадсан эсвэл хуучирсан дээлийг дахин оёж шидэж байгаад өмсөнө. Шинэхэн үнэр нь гараагүй тийм гоё цамцаа хаян барин Хатгалыг зорьж ирсэн нь хүүгийн хувьд шинэ амьдрал,ирээдүйн замын их эхлэл байжээ.
Хөдөө явах бодлоосоо ухрахгүй зүтгэсээр томилолт бичүүлээд авав
1974 онд Хатгалын арван жилийг алтан медальтай төгсөв.Арван жилийн турш хичээн суралцсаны үр дүн энэ.Тэр үеийн уралдаант шалгалт буюу конкурсэд онц сурлагтангуудын нэр хамгийн түрүүнд дуудагдаж, их дээд сургуулийн хуваарь авдаг байв. Хатгалаас Г.Бөхсуурь, Мөрөнгөөс мөн хоёр сурагч,Тариалангаас нэг сурагч тэр хавар онц дүнтэй төгсөж, Их дээд сургуулийн хуваарь авах бүрэн эрхтэй болов. Энэ дөрвөн хүүхдээс хамгийн түрүүнд Г.Бөхсуурь дуудагдаж ЗХУ-д барилгын инженерээр суралцах эрхийн бичиг өгөв.Гадаад сурна гэдэг тухайн үед хэн бүхний хүсээд авчихдаг зүйл биш. Хэн сайн сурна, хэн илүү их хичээнэ түүнд шударгаар олгогддог алтан боломж байв. Г.Бөхсуурийг уралдаант шалгалтад орохоор явахад аав нь “За миний хүү гадагшаа яваад яах вэ вэ,дотооддоо л сураарай.Аавынх нь бие базаахгүй байна. Хүүгээ хүлээж чадаа ч билүү үгүй ч билүү” гэж захижээ. Хүү аавынхаа захиасыг биелүүлж МУИС-ийн худалдаа,эдийн засгийн ангийг сонгож,амьдралынхаа алтан аргамжнаас атгаж авав. Их сургуулийн он жил нүд ирмэхийн зуурт л өнгөрч. МУИС-ийн тэргүүн эгнээний оюутны нэг байж 1979 онд сургуулиа эдийн засагч мэргэжлээр дүүргэв. Их сургуульд Г.Бөхсуурийг ирээдүйн эздийг бэлтгэх их үйлсэд хувь нэмэр оруулан багшаар үлдээч хэмээн урьсан ч бас л аавын захиас бодогдоод болдоггүй. Нутаг буцах санаатай байгаагаа дуулгатал “Бид мэдэхгүй чамайг яам мэднэ” гээд халгаасангүй. Эргэлзэж тээнэгэлзэлгүй шууд яамны хаалгыг татаад орчхов. Яамны боловсон хүчин эхэндээ ширүүхэн байна. “Чи бол чадварлаг боловсон хүчин. Их сургуульд ажилла эсвэл яаманд ажил.Өөр яриа байхгүй” гэв. Хоёр гурав хоног боловсон хүчний үүд сахиж, хөдөө явах бодлоосоо ухрахгүй зүтгэсээр томилолт бичүүлээд авав.Ингэж тэр их хотын иргэн бололгүй төрсөн нутгийн зүг жолоо эргүүлсэн.
Худалдаа бэлтгэлийн удирдах газар хэмээх өнөр өтгөн хамт олны нэгээхэн хэсэг нь болов.
Хуулиар олгогдсон арван дөрөв хоногийн амралтаа дуусгаад шинэ ажилдаа очтол намрын хадлан тэжээлийн үе гээд Домбуу хавчуу руу хадлан авхуулахаар явуулав.Арваад хоног өвс хадаж, буцах болтол залуучууд үлдсэн ажлаа дуусна гээд ихэнх нь буцаад явчхав. Г.Бөхсуурь тэргүүтэй үеийн хоёр залуу,ахмад ажилчин н.Чойндон нар өвсөө ачуулахаар үлдсэн боловч ачих машин ирсэнгүй хэд хонолоо. Хүнс ч дууслаа. Хадлангийн талбайны дээхнэ талд хүн тавьдаг газар таарч.Нэг өглөө хүн машин бужигнаад ажил явдал болж байгааг харав. Г.Бөхсуурь н.Чойндон гуайтай нийлж “ Хэдүүлээ энэ хүмүүсийг явахаар очиж буяны хүнс идэх үү. Би бүр тэсэхээ байлаа” гэхэд н.Хөххүүгийн нь нүд ам нь орой дээрээ гарах шахам айх гайхах зэрэгцэж. Хөгшин залуу хоёр нийлж байгаад н.Хөххүүг явуулсан юмсанж.Ингэж тэр Аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газар хэмээх өнөр өтгөн том айлд төлөвлөгч эдийн засагчаар ажилд томилогдов. Энд жил ажилласны дараа Худалдаа бэлтгэлийн трестийн орлогч даргаар томилох тухай шийдвэр гарч орлогчоос даргын албыг 1980- 1983 он хүртэл хашжээ. Аймгийн бүх дэлгүүр,худалдааны салбар,нийтийн хоолны гуанз, ресторан,махны дэлгүүр, зун болохоор сүүний мухлаг,мал нядалгаа,гахай тахианы газар гээд олон салбарыг хамарсан, 700 гаруй ажилчин албан хаагчтай нүсэр газрыг удирдан зохион байгуулна гэдэг тийм ч амар ажил биш. Аймгийн хэмжээний том салбар энэ хугацаанд төлөвлөгөө нормоо биелүүлж, улсын уралдаанд гурван удаа түрүүлж явсан түүхтэй. Тэрээр худалдаа бэлтгэлийн удирдах газарт буцан ирж хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр 1984 оныг хүртэл ажиллаж,аймгийн бөөний худалдааны баазад даргаар томилогдон ирсэн юм. Аймгийн бөөний худалдааны бааз нь аймгуудын бөөний худалдааны баазуудын дунд зарласан социалист уралдаанд нэг, хоёрдугаар байранд орж Худалдаа бэлтгэлийн яамны баярын бичиг, мөнгөн шагналаар шагнагдсан нь түүний удирдсан он жилийн хөгжлийн түүхэн гэрч, хамт олных нь бүтээлч, хөдөлмөрч ажлын үр дүн байжээ.
Хөвсгөл аймгийг бараа таваараар хангах үүрэг бүхий энэ баазыг их хувьчлалын он жил хүртэл удирдан зохион байгуулсан. Төрийн өмчит үйлдвэр үйлчилгээний газрууд хувьд гарах ,хувьцаат компани болох үед түүний удирдаж байсан бөөний худалдаа бэлтгэлийн бааз Худалдаа хувьцаат компани болж төрийн нэрийн өмнөөс энэ компанийг удирдав.Гэвч цагийн байдал ороо бусгаа болж бүр хувьд гаргаж орхив.Ажлаа хүлээлгэн өгөх гэсэн боловч авсан хүмүүс нь холбоо барилгүй амралтын сартай золгожээ. Амраад ирсний дараа шинэ эзэн нь хальт уулзах санал тавьж,олон юм бодолгүй яваад очтол “өрөөгөө хүлээлгэж өг,яг одоо тамга тэмдгээ авлаа” гэх нь тэр. Шууд хүлээлгэж өгнө чинээ санаагүй учир баахан самгардаж учир байдлыг тайлбарлах гэтэл шууд л авна гээд зүтгэв. За даа ингэж байхаар өгчихье гэж “ Энд 60-70 хүний амь амьдрал бий,бүхэл бүтэн байгууллагын түүх,санхүү бий.Ном журмаар нь авсан бол сайн байх байлаа. Одоо яалтай билээ. Бүх бичиг баримтаа аймгийн архивд өгөөрэй” гэж захичхаад гараад ирлээ. Аймгийн толгой байгууллагуудын нэг ингээд хаалгаа барилаа даа гэж бодтол голоод нэг юм өгсөөд ирж билээ.Түм түжигнэж,бум бужигнаж байсан газар нүдэн дээр уналтад ороход харамсмаар байсан. Олон арван жилийн түүхтэй Бөөний худалдааны баазын падаан бичиг баримт зах дээр тамхины цаас болж зарагдаад,дэлгүүр,гуанз,мал нядалгааны газрууд бүгд тарж бутраад энэ их айлын үүх түүх гэхээр юм өнөөдөр гарт барих юмгүй болсон.Захиж хэлснээр маань архивын газарт нэг ч бичиг баримт өгөөгүй юм билээ. Арван арван жилийн түүх ингэж хувьчлал хэмээх шуурганы салхинд хийссэн.Гэхдээ ажиллаж байсан хүмүүсийнхээ үүх түүхийг цуглуулж худалдааны100 жилийн ойн номоо удахгүй баринтаглана” хэмээн тэрээр хуучилсан юм.
Хувьчлалын шуурганд бүгд өртсөн.
Гэхдээ архив ч үгүй түүх ч үгүй болтлоо өртсөн нь дээрх салбарууд.Оргилуун залуу насныхаа эрч хүч,цог золбоо,эд эс бүхнээ зориулан ажилласан салбараа уналтад ороход дотроо хамгийн их харуусаж суусан хүн бол Г.Бөхсуурь. Ажил нь жигдэрсэн,1500 гаруй хүнтэй, улсын хэмжээнд таван удаа шалгарсан нүсэр байгууллага нүдний өмнө задран унахыг харахад тийм гэхийн аргагүй хачин зүйл цээж зурахыг мэдэрсэн хүн бол энэ хүмүүн.Гэвч нийгмийн байдлыг яалтай ч билээ дээ. Цаг үе эргэж бөөний бааз хувьд гарснаар Г.Бөхсуурь нэг хэсэгтээ ажилгүй байв. Гэтэл танил нэг хүн нь татварын хэлтэст орох санал тавьснаар татварын хэлтэс орж, 3-р багийн татвар хураалтын улсын байцаагч болжээ.ТҮЦ дэлгүүр,машин тэрэг,бууны татвар хураахад айл бүрд толгойн даран орох шаардлага гарна. Айлын хаалга нүдэх бол энүүхэнд. Ийн байтал 2000 онд татварын хэлтсийн дарга чөлөөлөгдөж, “татварын албыг чи удирд” гэсэн хамт олны санал гараадхав. Үгүй яаж ажилд авсан хүнийхээ суудлыг авах вэ гэсэн бодол төрч цааргалзав. Гэтэл хамт олон нь “таны санал бидэнд хамаагүй, гол нь энэ салбарыг сайн мэддэг хүн удирдан зохион байгуулах нь чухал” гэж санал нэгдсэнээр татварын албан даргын ажилд хүчээр ч гэхүү, саналаараа ч гэхүү тохоон томилогдоодхов. Энэ салбарыг удирдсан он жилүүдэд аймгийн хэлтэс,агентлагуудын дунд зарласан уралдаанд ажил үйлсээрээ зургаан удаа тэргүүлсэн чадварлаг хамт олон болж чадсан юм.2009 онд аймгийн Засаг даргын саналаар иргэдийн хурлын нарийн бичгийн даргын албанд шилжин ирж, 2015 онд гавьяаныхаа амралтад гарсан нэгэн. Төрийн захиргаанд энгийн мэргэжилтнээс дарга хүртэл дэвшин ажилласан тэрээр 35 жилийн нөр их хөдөлмөрөө энэ салбарт зориулсан.
Г.Бөхсууриас илүүтэйгээр ээж нь учиргүй их баярласан
Амьдрал гэдэг аугаа баян.Төөрөг учралын түмэн замтай билээ. Нэгэн мянга есөн зуун наян зургаан онд Бөөний баазын хэсэг нөхөд Нов-д номын дуу сонсохоор очжээ.Чухамдаа номын дуу сонсох гэхээсээ илүү хайрын аялгуунд хөглөгдөж Завхан нутгийн Түдэвтэй сумын бүсгүй Амгаланг гэргийгээ болгохоор шийдэж. Г.Бөхсууриас илүүтэйгээр ээж нь учиргүй ихэд баярлажээ.Аргагүй ч үгүй биз. Гуч гарсан хүү нь ингэж нэг хань ижилтэй болсон хойно доо. Хань ижилтэй болсонд нь хачин ихээр баярлаж суусан ээждээ Г.Бөхсуурь хоёр ач охин,нэг ач хүү тэврүүлжээ. Ингэж Бөхсуурийнх хэмээх айл улсын доторх улс гэр болж,эдүгээ 13 халуун ам бүл болсон байна. Түүний гэргий Амгалан Монгол улсын мастер тогооч. Анх 1995 онд гурван хүний бүрэлдэхүүнтэй, арваад хүний суудалтай цайны газар байгуулагдаж байсан нь өнөөдрийн Танил жаргалан ХХК-ийн гал голомт байв. Шилжилтийн үеийн нийгмийг даван гарч, өнөөдрийн зэрэгт хүрэхэд тууштай зан, эргэлт буцалтгүй энэ салбарыг сонгосон бат итгэл байв.Заримдаа ажилчдынхаа цалин тавих мөнгөгүй болтлоо орлого орохгүй сар байна. Эрхбиш төрийн албанд ажилладгаараа Бөхсуурь цалингийн зээл авч цалингаа тавих үе ч байв. Хадмын нутагт очиж төлөг худалдан авч, хот ороод өнөө хэдийгээ хариулж явсан дурсамж ч байна.Ингэлээ гээд тэд энэ замаасаа ухраагүй.Ямагт урагшилж өнөөдрийн танил жаргалангийн түүхийг бүтээсэн. Гурван ажилчинтай тулгын чулуугаа тулж байсан энэ газар өнөөдөр 70 шахам ажилчинтай, таван чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хөвсгөлийн баялаг бүтээгчдийн нэг болсон.
Дал орчим хүнийг ажлын байраар тогтмол хангаж, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн таван салбарын үйлдвэрлэлийг том охин Б.Түвшинжаргал авч явна. Удаах охин Б.Түмэнжаргал нь нягтлан бодогчийн мэргэжилтэй бөгөөд гэр бүлийн хамт Австрали улсын Сидней хотод мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байна. Хүү Б.Төмөрбаатар нь мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний эмч мэргэжилтэй. Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн 2-р салбарт ажиллаж байгаа.Улс орондоо өөр өөрийн мэргэжлээр салбар салбартаа хувь нэмрээ оруулж буй гэр бүл бол Г.Бөхсуурийнх. Ерөөс гэр бүл гэдэг соёл иргэншлийн цөм хэмээн нэгэн эрхэм хэлсэн нь бий. Энэ үгтэй Г.Бөхсуурийнх яав цав таарах мэт. Он жилийн тэртээ ахуй амьдралаасаа илүү эрдэм номыг эрхэмлэж есөн хүүхдийнхээ ирээдүйг зурж суусан Гүржав хүүгээ нэг насных нь амьдралтай залгуулсан бол Г.Бөхсуурь ч аавынхаа энэ л замналаар үр хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлсэн. Энэ хэрээр өнөөдөр үрээ хурааж сууна…
Сэтгүүлч: Н.Тогтох