Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга Ж.Төмөрсүх
Танай байгууллагын газар нутгийн хамгаалалтын захиргааны хамрах хүрээнд ямар ямар газар багтдаг юм бэ?
Манай байгууллага нь 1987 онд байгуулагдсан. Гуч гаруй жилийн түүхтэй байгууллага. Дэлхийд цэнгэг усаараа гайхагдсан Хөвсгөл нуурын ай сав, түүний эргэн тойрны эко системийг хамгаалдаг. 2011 онд газар нутгийн хэмжээ өргөсөөд 1,1 сая га байгалийн цогцолбор газрыг тусгай хамгаалалтад авч , Даян дээрхийн байгалийн дурсгалт 30 мянга гаруй га газрыг хамгаалахаар болсон. Байгалийн цогцолбор болон дурсгалт газрыг 40 хүний орон тоотойгоор хамгаалах ажлыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн жил танай байгууллагын хувьд ямар жил болж өнгөрсөн бэ. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж аялагчид бага байв уу?
Гадаадын аялагчид ирээгүй. Цаг үеийн нөхцөлөөс шалтгаалаад.Харин дотоодын жуулчид аялаад буцсан. Дэд бүтэц сайжирсан учир аялагчдын тоо жил ирэх тусам өсөж байгаа. Хөвсгөл нуурын ойр тойронд хог хаягдалгүй зорчих, иргэдийн ухамсарт эерэг хандлага өгөх чиглэлээр онцгойлон ач холбогдол өгч ажилласан жил болж өнгөрлөө. Мөн бүтээн байгуулалтын ажлын эхлэл тавигдсан жил байлаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл нуурын тогтвортой аялал жуулчлал төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд нуурын баруун эргээр 37км хатуу хучилттай хар зам тавихаар болсон. Зам барих бүтээн байгуулалтын ажил энэ онд хийгдэнэ. Засмал замтай болсноор тоосжилт буурч байгаль экологийн хувьд ээлтэй болно. Мөн гадаад дотоодын аялагч, Хөвсгөл нуурыг зорьж ирсэн хүмүүст зориулан мэдээлэл өгөх мэдээллийн төвийн барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ онд ашиглалтад орно
Хөвсгөл нуурыг тойрсон асуудлыг олон нийтийн сүлжээгээр ч, хэвлэл мэдээллээр ч ярьж байна. Нуурыг тойрсон жуулчны баазууд ихсэж үүнээс шалтгаалан нуур бохирдож байгаа тухай хэлж ярьж байгаа. Үнэхээр нуур маань бохирдсон уу. Та энэ нуурыг хамгаалж буй байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд юу хэлэх вэ?
Хөвсгөл нуурыг тойрсон 100 гаруй жуулчны бааз байна. Зуны улиралд ихэнх нь ажилладаг. Амралтын ид үед хуурай болон шингэн хог хаягдлыг зайлуулах ажлыг дэс дараатай хийж ажилладаг. Тээвэрлэж зөөдөг ажлыг зохион байгуулсан. Хөрсөнд шингэсэн нүхэн жорлон халах ажлыг зохион байгуулж, 00-ын асуудлыг стандартжуулахаар болсон. Энэ нь байгальд ээлтэй орчин үеийн шийдэл бүхий гарц гаргалгаатай ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлнэ гэсэн үг. Ингэснээр нуурт хөрсөөр дамжин орох бохирдол бага болно. Бохирдоод байгаа гэж ярьдаг. Үнэндээ бол тийм айхтар бохирдоод ууж болохгүй хэмжээнд хүрээгүй. Гол нь бохирдох вий гэж санаа зовж хэлж ярьж байгаа нь байгаль дэлхийдээ хайртай Монгол хүний ухамсрын илэрхийлэл байх. Ард түмний хяналт бидний ажилд их дэм болдог шүү. Нөгөө талаар ноосны үйлдвэр, усан замын тээврийн үйл ажиллагаа бүрэн зогссон нь бас давуу тал гэж хэлж болмоор. Мөн нуурт живсэн машин техникийг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар гаргаж эхний үр дүн гарлаа. Цаашид ч ийм ажил хийгдсээр байна. Энэ нь өөрөө нуур хамгаалал,нуурын усыг цэвэр байлгах бас нэг санаачилга юм.
Дэлхийн улс орнуудад тусгай хамгаалалттай бүс нутагт ажиллаж амьдарч буй хүмүүс заавал дагаж мөрдөх журамтай байдаг юм билээ. Харин манайд ийм журам бий юу?
Өнөөдрийн байдлаар ийм журам алга. Нуурын ай савд амьдарч буй иргэд байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах тал дээр өвөг дээдсээсээ ирсэн сургаал заншлаар хандаж ирсэн. Дээр би дурдсанчлан ард түмний оролцоо хяналт чухал. Яг үүнд тулгуурлаад ойн нөхөрлөл, аялал жуулчлалын иргэдийн бүлэг ажиллаж байгаа. Нуураа түшиглэн ашиг орлого олж байгаа хойно хамгаалах нь зайлшгүй. Нэгэнт л энэ нуураа тойрон аж амьдралаа залгуулж байгаа учраас нуур хамгааллын ажлыг хэдэн байгаль хамгаалагчдад даатгаад орхих нь өрөөсгөл юм. Тиймээс манай байгууллагын зүгээс иргэдэд хандсан итгэлийн гэрээний захидал хүргүүлсэн. Энэ гэрээнд гурван зүйлийг тодорхой зааж хамтран хэрэгжүүлэхээр болсон.Нэгдүгээрт эргийн хяналтыг иргэдийн оролцоотойгоор сайжруулна. Эргийн хяналт сайжирснаар хууль бус загасны агнуурыг зогсоож чадна. Дараагийнх нь хог хаягдлыг заавал байгаль хамгаалагчид түүх бус иргэд мөн харсан даруйдаа, таарсан газраасаа түүж авдаг байх зэргийг тусгасан Хуурай хог хаягдал хийсэж ирээд нуурт ордог тохиолдол олон. Үүнийг байгаль хамгаалагч заавал авах бус харсан хүн бүхэн түүгээд байвал хог хаягдлыг шийдэж чадна. Ноос угаах үйлдвэр,усан замын тээврээс үдээд хожуул их байдаг. Тухайн үед ноосны үйлдвэр, Сүхбаатар хөлөг онгоцны уурын хөдөлгүүрийн модоор галладаг байсан. Асар их хэмжээний түлээ бэлтгэж өнөөдрийн энэ хожуул үлдсэн.“Харлаг сарлаг шиг хар хожуул” гэсэн шүүмжлэлийн нийтлэл хүртэл гарч байв.Тиймээс нуур тойрсон айл өрхүүд жилдээ гурван том хожуул, жуулчны баазууд 10 хожуулыг авч түлээндээ хэрэглэнэ. Ингэснээр хөрөнгө мөнгө зарахгүйгээр хожуулаас сална. Мод унагаад байдаг гэж ойлгогддог. Аль 1930, 1940 оны үед унасан ч бий, 70,80 -аад онд унагасан ч байдаг.Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.Ийм гурван чиглэлд хамтран ажиллаж,иргэдийн олон нүдний хараа хяналт дор ажилласнаар үр дүнгээ өгч таарна. Нуураа хайрлахгүй, нууртаа сэтгэл гаргахгүй нэг ч хүн байхгүй учир нуур хамгаалагдаад явна гэж бодож байгаа. Улаантайга бол нуурын хажууд хүнд хамгаалалт. Бартаа ихтэй,явах тойрох газарт байгалийн бэрхшээл их. Энэ газрыг арван жилийн хугацаанд засаж цэгцэлсэн. Харин Хөвсгөл нуурыг хүний нүдэнд харагдахаар өөрчилж болно гэж боддог.Хөвсгөл нуур надтай ч надгүй ч, сайн даргатай ч ,даргагүй ч, сайдтай ч, сайдгүй ч ай савандаа байсаар л байна. Гол нь юуг өөрчлөх вэ гэхээр Хөвсгөл нуурын төлөө зүтгэдэг зүтгэлтэй хүнийг,албан хаагчийг бий болгох хэрэгтэй.Ийм зүрх сэтгэлтэй хүмүүсийг төрүүлмээр байна. Хөвсгөл нуурыг хамгаалдаг байгууллагыг байгууллага шиг болгох хэрэгтэй.Түүнд ажиллаж буй албан хаагчдыг сэтгэлтэй зүтгэлтэй болгох хэрэгтэй.Энд олон таван ажил хэрэггүй. Зүрх сэтгэлтэй хүнийг томилж чадвал Хөвсгөл нуур хамгаалагдана гэж хардаг. Үүний төлөө явна,үр дүн ч гарна гэж боддог.
Мөсний баярыг анх санаачилсан хүн нь та. Тавин хүн оролцож эхлүүлсэн баяр улсын хэмжээний баяр болтлоо өргөжихөд танд сайхан санагдана биз?
Анхны мөсний баярыг 2000 онд зохион байгуулж байлаа. Нуурын маань баяр 23 жилдээ зохион байгуулагдах гэж байна. Гурван удаа дундаа тасарсан.Нэг удаа мөс нимгэн шалтгаанаас сүүлийн хоёр жил коронагийн нөхцөл байдлаас үүдсэн. Ренчинлхүмбэ сумын Жиглэгийн аманд 50 хүн оролцсон баярыг хийх санааг би морин чарганаас олсон байдаг. Яагаад заавал баяр хийх болов вэ гэвэл. Нуурыг тойрсон “Алтан тал”, ”Хөгжил” нэгдэл гэж байсан. Энэ хоёр нэгдэл далайн тээвэр хийдэг, тэрхүү тээврийг 200 гаруй морин чаргаар гүйцэтгэдэг байв. Нэгдэл татан буугдаж ачаа тээвэр зогссоноор энэ соёл уламжлал үндсэндээ устсан. Хөвсгөл нуурыг таниулах, хамгаалахад лоозон хэлээд зогсмооргүй санагдсан. Байгалиа хамгаалахын дээр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага гарсан юм. Хүмүүсийг Хөвсгөл нуур луу татахын тулд хамгийн түрүүнд юу сонирхолтой байх бол гэж бодсон. Уламжлалт тээвэр, уламжлалт соёлыг оруулах нь зүйтэй гэж үзээд морин чарга хайхад Хөвсгөлийн тэр газраас зургаахан морин чарга олсон.Өнөө 200 гаруй морин чарганаас ердөө зургаа л үлдсэн байсан.Толь цэнхэр мөсөн дээр анхны чаргатай морины уралдаан зохион байгуулсан нь тэнд ирсэн хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж дараа жид дахин энэ баярыг хийе гэдгийн дуу нэгтэйгээр зөвшөөрч, хойтон жилийн баярыг хүлээсэн дээ. /Инээв/.Цагаан дагт гэдэг газраас Жиглэгийн ам хүртэл хатирах байдлаар уралдаж байлаа. Тахьтай морьд толь шиг мөсөн ямар үзэсгэлэнтэй гайхалтай харагдаж байсныг үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрж байсан. Дэлхийд ганц гэж хэлж болохоор тахьтай морин чарганы уралдаан ингэж болж байлаа. Тухайн үед би тусгай хамгаалалтын дарга байв.Хамт олонтойгоо энэ баярыг хийж дээр нь багийн дарга,нутгийн иргэд гээд тоотой хүмүүс яг далайн голд дунд энэ баярыг хийсэн. Дараа жил нь Хөвсгөл нуурын мөсөөр гайхуулъя гэж анхны мөсөн талбайг хийсэн. Том том гэр шиг мөсийг түлээний хөрөөгөөр хөрөөдөж морин чаргаар зөөж авчраад хооронд нь нааж эвлүүлээд босгож байв. Хэлбэрийг нь Урандөш уул, Бүрэнхаан уулаа дүрсэлж анхны мөсөн урлалыг хэрээндээ хийж байлаа. Одоогийн хийж байгаа мөсөн хотхоны хажууд ичмээр дамшиг гэдэг шиг зүйл байсан.Хөвсгөл нуурын мөсөөр гайхуулах,хүн мөс хоёр өөрөөр хэлбэл хүн байгаль хоёрын шүтэлцээг илэрхийлсэн баяр болгохыг зорьсон. Нөгөө талаар Хөвсгөл нуураа хамгаалдаг хайрладаг үзэл санааг төлөвшүүлэх,суулгах баяр болгохыг зорьсон. Анх 50 гаруй хүнтэй орон нутгийн чанартай баяр байсан бол одоо 5000 шахуу хүмүүс оролцдог улсын хэмжээний баяр болсон.Анх ийм том хэмжээний баяр болно гэж бодож байгаагүй. Хөвсгөл нуурыг хамгаалах, хүн байгаль хоёрыг ойртуулахыг хичээсэн. Миний нэг үзэл одоо болтол надад хадгалаастай явдаг юм. Мөсний баярыг толь шиг мөсөн дээр л хийнэ,их далай дээр л хийнэ. Далайн булан тохой,газар дээр хийвэл энэ нь мөсний баяр биш юм. Хөвсгөлийг тодотгосон баяр бол жинхэнэ мөсөн дээр болж, мөсөөр гайхуулах юм. Газар дээр хийдэг баяр олон л доо. Яг далайн дундах мөсөн дээр ямар ч цас байхгүй толийсон мөсөн дээрх хийх учиртай. Уран жолоодлого, тахьтай морин чарганы уралдаан бол мөсний гайхамшгийг харуулсан, хүн байгалийн шүтэлцээг илэрхийлсэн уралдаан байдаг юм. Морин чарганы чимээ, тахьнаас үсэрч буй жижиг мөс, толь шиг мөсөн дээр морь хаана ч харахгүй тийм тансаг зураглал байдаг. Үүнийг харсан хүмүүс дуу алдахаас өөрийг хэлж чаддаггүй дээ. Тэр далайн чимээ их сайхан. Энэ бүгдийг хүний оюун санаа, бодолд тас шингээж үлдээх ёстой.Дээрээс нь хүн бүр зөв сэтгэлтэй энэ баярт ирэх ёстой. Хог өвөртөлж ирэх ёсгүй.Энэ баяр бол байгалиа бохирдуулдаг баяр биш,байгалиа хайрладаг баяр,хамгаалдаг баяр.
Таныг байгальд их ойрхон хүн гэж хардаг. Байгальдаа хайртай болох энэ их эрч хүч, урам зориг, сэтгэл хаанаас юунаас ундардаг юм бэ?
Би Улаантайгын тусгай хамгаалалтад 10 жил,Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтад 25 жил, нийт 35 жилийг үзэсгэлэнт байгаль, орон нутгаа хамгаалахад зориулжээ. Амьдралын ихэнх хугацаа маань энэ үзэсгэлэнт газарт зориулагдсан байдаг. Залуу байхад ар гэрээ орхиод алга боллоо гэж их зэмлүүлж байсан. Ар гэрийнхэн минь намайг их ойлгож, миний энэ мэргэжлийн үнэ цэнийг мэддэг учир санаа зовох зүйлгүй явдаг байв. Ер нь байгаль хамгаалагчийн ар гэр их чухал.Тэр хүнийг олон хоногоор хөдөө хээр явахад ар гэрийг нь аваад явах чадвартай байх хэрэгтэй. Тэгвэл сэтгэл хоёрдохгүй явдаг.Энэ бол давуу тал. Манай эхнэр намайг жилийн 289 хоног хөдөө хээр явсныг тэмдэглэсэн байдаг юм. /Инээв/. Байгаль хамгаалах ажил бол хүнд. Гэхдээ би ухраагүй.Энэ сайхан нутаг орныг хайрлахгүй байхын аргагүй байдаг. Өчигдөр тэнд хэдэн аргал бэлчиж байсан яагаа бол хулгайн анчид үргээчхээгүй байгаа, энэ нэг хүмүүс яваад байсан юу болоо бол ухаад хаячих вий гэж үргэлж боддог. Очиж үздэг,шалгадаг. Байсан байрандаа байхад учиргүй их баярладаг. Ан амьтан хаана яваа бол юу болоо бол, яагаа бол гэсэн санаа зоволт уул руу хөтөлдөг. Хэн ч яваарай гэж хэлдэггүй. Өөрийнхөө сэтгэл зүрхээр хийдэг ажил. Би хар багаасаа л аавыгаа дагаж уул хаданд явж эхэлсэн. Байгалиа гэсэн зүрх сэтгэл багаас минь суусан. Улаан тайга, Хөвсгөл нуурын төлөө би л явахгүй бол өөр хэн явах вэ гэж боддог болоод удаж байна.
Гуч гаруй жил халуунд халж,хүйтэнд хөрж явлаа. Эцэст нь би юуны сш%үтөлөө ингэж явж байгаа билээ гэж бодогдох үе байдаг уу?
Үгүй ээ. Ийм бодол огт төрч байгаагүй юм байна. Эх болсон байгалийнхаа төлөө л явсаар ирсэн.Цаашид ч явна.Ингэж явж байхад шүүмж ирдэг л юм. Хонинд явсан хүүхдийг хониноос ирэхэд дээшээ суу,цай ундаа уу гэж хүндэлдэг шүү дээ.Гэтэл байгаль хамгаалагчийг 140-150 км цасан дундуур алхаад алт ухаж буй хүмүүс дээр гочход ямар байдалтай угтах вэ, хулгайн анчдын араас очиход хэрхэн угтах вэ. Таатай угтаж авахгүй л лав шүү дээ. Бид ийм эрсдэл дунд ажилладаг. Уурласан, шүүмжилсэн хүмүүсийг үл тоож ажлаа хийдэг. Хувийн эрх ашгийн төлөө яваагүй,бүрэн бүтэн байгалийнхаа төлөө явж байгаа.Миний ажил зөв юм аа гэсэн хандлага үзлээр өнөөдрийг хүртэл явж ирсэн. Төрж өссөн нутгийг нь хайрлаж хамгаалсны төлөө муу хэлдэг хүн байвал байна л биз. Бид энэ нутаг орныг чинь аваад явчихгүй, гадаадад зараагүй, муу хэлбэл хэлэг би эцсийн эцэст бүрэн бүтэн байгалийнхаа төлөө л байсан. Хол явахгүй муу санаа гэж үзээд ач холбогдол өгдөггүй л дээ.
Ярилцсан:Н.Тогтох
Эх сурвалж: Гэрэл сэтгүүл №4 дугаар 2022 оны 02 сар