Иргэдээ хамгаалах амь дүйсэн ажилд онцгой байдлынхан тэргүүн эгнээнд явдаг

0

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргахад  нутгийн аврагчдын байгуулсан гавьяа их.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн

Хүний амьдрал гэдэг тэр чигтээ алаг тууж аж. Ирээд буцах тэрхэн зайд ямар түүх бүтээх нь хүн хүний хувьд өөр өөр. Энэ  түүх дундаас онцгой байдлын байгууллагын тод нэгэн эрхэмийг оны онцлох хүнээр тодруулсан юм. Тод гэж онцолсон маань учиртай. Онцгой байдлын салбар бол амь дүйсэн газарт аврах ажиллагаа явуулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр бат зогсдог “арми”-ийн нэг.Энэ салбарыг тэргүүлэн авч явна гэдэг хэн хүний хийгээд байх амар  ажил биш. Харин хурандаа Ё.Пүрэвсүрэн энэ салбарыг бусад аймгуудын салбаруудаас ажил байдал,үйл хэргээрээ хошуучлан авч яваа.

Тэрээр Далайн эргийн хөвөөнд төрж өссөн нэгэн. Найман хүүхэдтэй айлын долоо дахь хүүхэд болон мэндэлсэн Ё.Пүрэвсүрэн хөдөөгийн эгэл боргил амьдрал дунд бусад хүүхдүүдийн адил бага насаа өнгөрөөсөн. Түүнийг сурагч байх он жилүүдэд жагсаалын үзлэг, цэрэгжилтийн “Дөл” тэмцээн гээд эх оронч үзэл нэвт шингэсэн тэмцээнүүд болдог байв. Цэргийн хүний зовлон жаргалыг жагсаалын хөл тавихаас эхлээд ойлгуулдаг энэ тэмцээнд сургуулийн охид хөвгүүд бүгд хамрагдаж оролцдог байлаа. Энэ тэмцээнд Ё.Пүрэвсүрэн олон ч удаа түрүүлсэн. Чухамдаа энэ үеэс л эх оронч үзэлтэй сурагч болон төлөвшиж, ирээдүйдээ цэргийн хүн болох мөрөөдөл тээсэн.Дээрээс нь  багш  Д.Дамдинсүрэн энэ үзлийг гүн гүнзгий суулгаж,мөрөөдлийг нь улам бататгаж өгсөн гэдэг.

Хар багын мөрөөдөл 1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ар талын хангалтын ангийг төгссөнөөр биелэлээ олов.Шинэхэн мөрдөс зүүсэн залуу офицер  Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 204 дүгээр ангийн Хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхлүүлж,жинхэнэ цэргийн хүний амьдралд хөл тавьсан байна. Шинэ томилгоот ажилд анхлан ирэхэд “залуу хүн” хэмээн жаахан голонгуй. Харин энэ албанд Ё.Пүрэвсүрэн балчирдахгүй нэгэн гэдгээ хийсэн ажил, хариуцсан албаараа харуулсан. Түүний хөл тавьсан  204 дүгээр анги нь химийн 203, Артиллерийн 136 дугаар ангиудтай цуг байрладаг. Нэг гал тогоонд 700 гаруй цэрэг хооллох, ангийн 250 гаруй цэрэг, офицерын хувцасны хангалт, хүнсний ногоо, мал аж ахуйн ажлыг тун чамбай  хариуцаж ямар ч доголдол гаргаагүй. Энэ албан тушаалд тэрээр 3 жил үүрэг гүйцэтгэн, өөрийн хүсэлтээр 1993 онд ажлаасаа чөлөөлөгдөн нутгаа зорив. Төрийн тусгай байгууллагаас төрийн үйлчилгээний салбарт шилжин улмаар аймгийн Татварын хэлтэст мэргэжилтнээр 12 жил ажиллажээ. Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжин, анги, байгууллагуудын бүтцэд өөрчлөлт орж шинэчлэлтийн салхи сэвэлзсэн үе. Үүнтэй зэрэгцэн Ё.Пүрэвсүрэн  дахин цэргийн амьдралдаа тангараг өргөж эргэн ирсэн нь 2005 он. Шадар ахмад цолтой анхлан аймгийн Онцгой байдлын газарт томилогдож байсан тэрээр энэ салбарын уураг тархи нь болж “улаан халзан” хурандаа болно чинээ санаагүй явсан. Шадар ахмадаас хурандаа хүртэл ажилласан он жилүүдэд түүнийг шалгасан,сорьсон, туршлага хуримтлуулсан хэд хэдэн томоохон үйл явдал болсон. Монгол Улсад анх удаа N1H1 шувууны томуу өвчин Алаг-Эрдэнэ сумын “Эрхэл” нууранд гарсан бол ОБЕГ-аас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт мөн л анх удаа зохион байгуулсан явдал байв.

Анх түүнийг хэлтсийн даргаар томилогдон ирэхэд Онцгой байдлын газар 1970-аад оны Гал унтраах үндсэн албаны, шуурхай албаны 7 авто машинтайгаар үйл ажиллагаа явуулдаг байж. Түүнээс хойш Герман, Орос, Солонгос, Хятад, Франц улсын өндөр хүчин чадалтай 30 гаруй автомашин, 4 катер завиар парк шинэчлэл хийж, алба хаагчид аюулгүй үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдсэн байна. Түүний хувьд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 5 анги, Эрэн хайх аврах салбар 1, Улсын нөөцийн салбарыг нэгдсэн удирдлагаар ханган ажилладаг. Анги, салбарууд нэмэгдэхийн хэрээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ ойртож, авран хамгаалах ажил шуурхай болж, нутгийн залуус  ажлын байраар хангагдаж буй юм. Мөн ирэх онд Ханх суманд “Эрэн хайх аврах бүлэг”-ийг байгуулахаар гал унтраах автомашин, шуурхай албаны автомашин, катер завь байрлуулах 2 давхар байрыг барьж дуусгажээ.

Бусдын нүдэнд зав зайгаар их мэт боловч амь дүйсэн ажлын хамгийн эхэнд онцгойгийхон тэргүүн эгнээнд явдаг. Ган зуд,гамшиг осол гээд эрдэнэт хүний амь нас аврах, эд хөрөнгө хамгаалах гээд тэдний үүрэх ачаа бусдаас их. Тэд хариуцлага алдах эрхгүй,ухрах замгүй, шаардлага гарвал өөрийн амиараа өгөхөөс ч буцдаггүй.  Автомашин техник хүрэх боломжгүй  хөвч тайгад ч түймэр гарна, хүнд даацын автомашин техник гол мөрөнд олноороо цөмөрч живнэ. Байгалийн эрс тэс уур амьсгал, газар усны онцлог ихтэй нутаг учраас ямар ч дуудлага ирсэн аль болох алба хаагчдадаа хань бараа болж, хамт явахыг хичээдэг. Тэднийхээ араас сураг чимээ тавин, санаа зовж суух шиг хэцүү зүйл байхгүй гэх. Хүн амьд явах эрхтэй. Харин тангараг өргөсөн цэргийн хүн амьд явах эрхээсээ “өргөсөн тангарагтаа үнэнч, амь бие үл хайрлана “ хэмээн халуун амиа хэзээ ч өгөхөд бэлэн зогсож байдаг.

Онцгой байдлын газрын аврагчид “Хөвсгөл” нуурт живсэн 22 техник хэрэгсэл, 25 буцалтгүй нэрвэгсдийг гаргаж, 21 хүний амь нас, 398,6 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Энэ олон дуудлагаас 2011 онд Ренчинлхүмбэ сумын нутаг “Дүбэрлэгийн” ам гэдэг газарт Хөвсгөл нууранд живсэн 23тн шатахуунтай Урал хоёр автомашиныг татан гаргах ажиллагаа бусад ажиллагаанаас онцлог байсныг өгүүлсэн.Татан гаргах ажиллагааг 10 хоног ахлан ажиллаж хатан далайд дусал ч шатахуун асгалгүйгээр гаргаж ирсэн. Сонсоход сүртэй ажиллагаа биш мэт санагдаж болох.Дүн өвлийн хүйтэнд, мөсөн доогуур ажиллана гэдэг тангараг өргөсөн хүмүүсийн эр зориг, ажлаа гэсэн чин сэтгэлийн нийлбэр байх. Төрж өссөн хөх нүдэн нуураа бохирдуулалгүй шатахуунтай машиныг татан гаргасны дараа нэг том ачаа нууруунаас буулгасан мэт болж билээ хэмээсэн нь түүний нутгаа гэх сэтгэлийн илэрхийлэл. Харин өнгөрсөн намар бүтэн сар гаруй буюу 36 хоног Хөвсгөл далайд ажиллаж, “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргахад  нутгийн аврагчдын байгуулсан гавьяа их. Удирдлагын арга барилаас гадна аврагчдын мэргэжлийн ур чадвар, багийн ажиллагаа нэгдмэл байсныг дурьдах нь зүй. Эх орон, эх нутгаа гэсэн сэтгэл, эзэмшсэн мэргэжилдээ эзэн шиг эзэн байсан, боловсруулсан бодлогын  цараанаас ажлын үр дүн “ажиллагаа амжилттай” гэсэн илтгэлээр гарсан.

Цэргийн сургуулийг түүнийг ар талын эрдэм өвөртлүүлэн гаргасан бол амьдрал, ажлын талбар түүнийг хамт олон удирдах, бодлого боловсруулах арга ухааны цар суулгажээ.Эзэмшсэн мэргэжил, удирдсан байгууллага,хийсэн үйлээрээ содон ялгарах ийм нэг хүн эрдэм чадвараараа салбарын нөхдөө түүчээлэн явна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу