Нүүр хуудас Үнэ цэнтэй яриа Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн шинэ барилгын ажил энэ онд эхэлнэ

Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн шинэ барилгын ажил энэ онд эхэлнэ

0

Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга

Т. Октябрьбаяр

 

 

 

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төв хэчнээн асруулагч ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төв байгуулагдаад 2025 онд 50  жилийн ойгоо тэмдэглэнэ. Үүнтэй холбоотойгоор тус ойг угтсан ажлуудынхаа төлөвлөгөөг гаргаад бэлтгэл ажлууддаа ороод байна. Манай байгууллага  нийт 50 хүний хүчин чадалтай бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Одоогоор Орхон, Архангай, Булган Завхан, Хөвсгөл зэрэг аймгуудын бие даан амьдрах чадваргүй, харж хандах хамаатан садангүй, үр хүүхэд нь тэжээн тэтгэх чадваргүй шалтгаанаар ирсэн 45 асруулагчтай, 25 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт асруулагчдын хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сэтгэцийн өөрчлөлттэй хөдөлмөрийн насны иргэд үйлчлүүлдэг. Манай байгууллага нь үйлчилгээний 17  ажилчин, их эмч, сувилагч, сэтгэл зүйч, нийгмийн ажилчинтайгаар асруулагчдыгаа тав тухтай орчин амьдруулахыг хичээн ажиллаж байна.

Байгууллагынхаа үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдээс хуваалцахгүй юу?

Манай байгууллага нь асруулагчдадаа эмнэлгийн эмчилгээ,үйлчилгээний чиглэлээр сэргээх засах, асаргаа сувилгааг өдөр бүр хийдэг. Мөн Хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр өглөө бүр дасгал хөдөлгөөн хийж   хөгжүүлэх үйл ажиллагааг явуулж тэмцээн уралдаан зохион байгуулан, шатар, даалуу гээд тоглох чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх боломж бололцоогоор нь ханган ажиллаж байна.

Танай байгууллагатай хамтын ажиллагаатай ямар байгууллагууд байдаг вэ?

Манай байгууллагатай оёдлын цехүүд болон Хөвсгөл аймгийн Политехник коллеж хамтран ажиллаж хөдөлмөрийн насны хөнгөн сэтгэцтэй иргэдийг тогооч болон оёдол гар урлалын чиглэлээр сурган ажиллах боломжийг хангаж байна.

 

Тэр дундаа Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хэрхэн уялдаа холбоотой ажилладаг вэ?

Манай байгууллага бусад аймгуудын ахмад настны асрамжийн төвийг бодвол нэг онцлогтой. Учир нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газраа харьяалагддаггүй Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төв гэж явдаг орон нутгийн төсөвт байгууллага юм. Харин аймгийнхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай бодлогын түвшинд хамтарч ажилладаг. Тухайлбал хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр улиралд нэг удаа сургалт явуулах, асруулагчдад шаардлагатай хэрэгслүүдээр хангах гэх мэт чиглэлээр хамтран ажиллаж байна.

Танай байгууллага шинэ байртай болох талаар жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Энэхүү ажил ямар шатандаа явагдаж байгаа вэ?

Манай байгууллагын байр 1975 онд анх Гал командын зориулалттай баригдсан босоо шаамал шургааган хуучны барилга байгаа юм. Одоо 60 жилийн насжилттай. 2010 онд Мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг хоёр удаа гаргасан байдаг. Манай байгууллагын газар нь төвийн дулаан, цэвэр бохир усан холбогдсон гэдгээрээ онцлог. Би 2022 оны 4 сард ажлаа аваад тухайн үеийн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа ирж манай байгууллагатай танилцаад УИХ-ын гишүүн. Л.Мөнхбаатар нар зураг төслийн мөнгийг орон нутгийн төсөв дээрээ суулгачих барилгын ажлыг шийдвэрлэх боломжтой гэсэн хариуг бидэнд ирүүлсэн. Үүний дагуу 2023 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын “Зураг төсвийн сан”-гаас 40 сая төгрөг тусгуулан зураг төсвөө хийлгэсэн. Зураг төсвөө хийлгэсний дараа Хөвсгөл аймгаас сонгогдсон 3 гишүүний дэмжлэгтэйгээр 2024 онд барилын ажлыг эхлүүлэхээр тендер сонгон шалгаруулалтын ажил явагдаж байна. Манай байгууллагын шинэ барилга 4.9 тэрбум төгрөгийн өртөгтэй хоёр давхар орчин үеийн стандарт нийцсэн барилга баригдах бөгөөд энэ хавар барилгын ажил эхэлнэ. Энэ онд барилгын маань 30 хувийн төсөв буюу 1.9 тэрбум төгрөгийн төсөв суугдаад байна.

– Таны хувьд байгууллагынхаа даргаар ажиллаад хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ямар ажлууд хийгдсэн вэ?

Миний бие 2022 оны 04 сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон. Ажлаа авснаас хойш өмнөх даргын хийж байсан ажлууд санал санаачилгыг үргэлжлүүлэх зорилготой ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд хамт олонтойгоо хэд хэдэн томоохон ажлуудыг хийсэн. Тухайлбал Асруулагчдыг амраан сувилах зорилгоор “Чигж” амралтын газрыг ашигладаг байсан хэдий ч тухайн 0.14га газрыг хувь хүний нэр дээр байсныг байгууллагын нэрд шилжүүлэн авч, асруулагчдын эзэмшлийн амралтын газартай болсон. Мөн байгууллагын албан хэрэгцээнд 5 ханатай иж бүрэн гэр, асар майхныг захиалгаар хийлгэн үндсэн хөрөнгөнд бүртгэж авсан. Түүнчлэн Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын өмчлөлд ашиглагдахгүй байсан Toyoto starix маркийн автомашиныг аймгийн ИТХ-ын захирамжаар байгууллагын үндсэн дансанд бүртгэн авч машинтай болсон. Ингэснээр асруулагчдын агаар салхинд гаргах, эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай хүргэхэд чухал дэмжлэг болсон. Манай байгууллагын цахилгааны утас гал гарах эрсдэл, сангийн шугам хоолойн гэмтэл ихтэй байсныг яаралтай шийдвэрлэсэн. Тухайлбал цахилгааны гол шугамын утас солиход шаардлагатай 10 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлэн байгууллагын цахилгааны утсыг бүрэн шинэчилсэн. Хөвсгөл аймгийн ХАА газартай хамтран 4:8 хэмжээтэй хүлэмж авч өөрсдөө хөдөлмөрлөж өргөн хэрэглээний хүнсний ногоогоо тарих боломжоор хангасан. Хамгийн том ажил маань 4.9 тэрбум төгрөгийн өртөгтэй  шинэ барилгын ажил  энэ оноос эхлэх болсон нь бидний хувьд том ахиц дэвшил юм.

 

Ажилчид албан хаагчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч ажилладаг вэ?

Энэ бол маш чухал юм. Манайх Ахмад настны асрамж үйлчилгээний төв гэсэн нэртэй боловч нийт үйлчлүүлэгчдийн ихэнх нь хөнгөн, хүнд хэлбэрийн сэтгэцтэй 10-20 хувь нь байнгын асаргаа шаарддаг хэвтрийн хүмүүс байдаг. Энэ хүмүүсийг тав тухтай гэртээ байгаа юм шиг байлгахад их хүндрэлтэй. Эдгээр хүмүүстэй ажилчид маань байнгын 24 цагийн турш тулж ажилладаг ч цалин бага төрийн хамгийн бага цалингийн шатлалаар цалинждаг. Миний бие энэхүү албан тушаалд томилогдсоноосоо хойш ажилчдын орчин нөхцөлийг сайжруулах хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдынхаа цалинг боломжоороо нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Байгууллагынхаа цалингийн санд тохируулаад өнгөрсөн 2 жилийн хугацаанд ажилчдынхаа цалинг 2-3 удаа нэмэгдүүлсэн. Одоо хамгийн доод цалинтай ажилтан 1 сая төгрөг авдаг. Энэ нь ажиллаж байгаа орчин нөхцөлтэй харьцуулбал хангалтгүй юм. Цаашид ажилчдын маань цалингийн шатлалыг нэмэхэд анхаарах шаардлагатай байна.

  • Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөсөн вэ?

Манай байгууллагын хамт олон 2025 онд 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тиймээс тус ойг угтан олон бүтээлч ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Жайка олон улсын байгууллага, Олон улсын Энэрэлийн байгууллагатай хамтарсан төсөл хөтөлбөртэй  ажлууд энэ оны 6 сараас эхэлнэ. Мөн 50 жилийн ойг угтан түүхэн ном гаргахаар ажиллаж байна. Ирэх он жилүүдэд Хөвсгөл аймгийн Ахмад насны асрамж үйлчилгээний төв гэдэг жиших байгууллага ямар хэмжээнд яаж хөгжиж ирсэн гэдэг гарт баригдаж нүдэнд харагдах ажлуудыг залуу хүнийхээ хувьд хийхийг зорьж байна даа.

АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

ЯМАР Ч ТАЙЛБАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version