Нүүр хуудас Нийтлэл ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН УУ? ТОМИЛСОН НАМЫН ГИШҮҮН ҮҮ?

ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН УУ? ТОМИЛСОН НАМЫН ГИШҮҮН ҮҮ?

0

ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН УУ?

ТОМИЛСОН НАМЫН ГИШҮҮН ҮҮ?

Өвлийн урь орсон тэр нэгэн өглөө уулын цаанаас нар тусахтай зэрэгцэн өвөлжөөндөө өнтэй хоносон хонь ямаа ганц нэгээрээ майлалдана. Зоогоо  тэнийлгэх хүслээ  эзэндээ илтгэж байгаа шинжтэй. Үүнтэй зэрэгцэн тогоонд буцлах цайны уур дээшээ оргих агаад хүйтэн агаар тоононоос цохих үед тэрхэндээ л уур манан гэрт үүснэ. Ийнхүү цайгаа самрах айлын эзэгтэйн царай тэр өглөө инээмсэглэл дүүрнээр тодорно. Учир нь нар сарны хооронд хэдэн малаа дагаж үр хүүхдээ эрдэм боловсролтой эх орондоо тустай эрхэм хүн болгохыг хичээсэн түүний зүтгэл хий хоосон биш байсныг  хүү нь төрийн албаныхаа шалгалтдаа тэнцэж нутагтаа ажиллахаар болсон баярт мэдээ нотолно. Түүний хүүг Бат гэнэ.

Тэрээр нийгмийн хамгийн эмзэг давхаргын дэмжлэг тусламж хэрэгтэй газар ажиллахыг мөрөөддөг байсан нь ийнхүү биеллээ олов.

 Төрийн албан тушаалын ангилалд бус намын харьяаллын ангилалд хамааруулсан нь

Их сургуулиа улаан дипломтой төгссөн залуу боловсон хүчин  төрийн албан хаагчаар ажилласнаас хойш нэг мэдэхэд хэдэн сар өнгөрчээ.Гэтэл хамт олон дундах хүмүүсийн харилцаа хандлага, ажил үүргийн хуваарилалт зэрэгт нэгэн үл ойлгогдом уур амьсгал үүссэн байхыг тэр анзаарав. Энэ хүн тэр намынх, энэ нөгөө намын хүн гэх мэт төрийн албаны тухай  хуульд заасан ангиллаас өөр нэр томьёо заримдаа дуулдана. Гэтэл төд удалгүй Батыг нэг намын харьяаллын хүн гэх ам дамжсан цуурхал өөрт нь сонсогдлоо. Учрыг нь нягталбал шууд харьяалан захирах хэлтсийн дарга Ардын намд ажиллаж байгаад төрийн албан хаагч болсон аж. Бат ажил мэргэжлээ илүү сайн таньж мэдэхийн тулд тэрхүү хүнтэй ойрын хэдэн сар илүү хамтарч ажилласан тул ажлын хамт олондоо ийн дүгнэгджээ. Гэтэл бас нэг сонирхолтой зүйл нь тухайн ажиллаж буй газрынх нь агентлагийн дарга нь өмнө нь Ардчилсан намын гишүүнчлэлтэй байгаад энэ албыг авсан  аж.  Ийм  л үүх түүхтэй удирдлагуудын дор төрийн албаа хашиж буйгаа тэр ойлгов. Энэ нэр томьёоны ангилал юу юунаас илүү хүчтэй, намын харьяалалгүй хүнээс илүү давуу байдлыг бүтээж болохыг Бат тухайн цаг үед ойлгоогүй юм.

Нууц бүхэн ашигтайг харав

Батыг ажилд орсон үе удахгүй болох орон нутгийн сонгуулийн  дөнгөж өмнөхөн юмсанж. Нэгэнт л тэр хамт олны нэг хэсэг болсон тул улс төртэй хутгалдсан төрийн албаны бараан сүүдэр тойрч бус дайрч гарах нь лавтай болов. Түүний нэг нууц нь хандив байлаа.Намын томилгоотойгоор төрийн албанд ажиллах болсон зарим албан хаагч намдаа хандив өгдөг болохыг ажлын хамтрагчаасаа олж мэдэв. Улмаар сонгуулийн үеэр намаа дэмжвэл цаашид ажлын байраа удаан хадгалах, албан тушаал дэвших сайхан боломж байгааг дурдаж түүнд оролцох эрх нээлттэй гэж мэдэгдэв. Бат ажлын хамтрагчдаа Төрийн албаны тухай хуулийн 7.1.3-д улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байхыг мөн Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн 8.2.2-д удирдлагадаа байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулах, оролцох санал тавихыг хориглох заалтыг хуваалцавч хариулт нь цочирдом байв.

“…Нотлогдоогүй л бол хууль зөрчсөн үйлдэл гэж хэн хэлэх юм бэ? Улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байхаар хуульдаа заасан ч хамгийн их хараат болсон газар бол төрийн алба. Харин ч арга хэлбэр нь илүү нарийсаад нууц, далд байдлаар өрнөдөг. Бүгд л ийм байхад хэн ч л өөрт ашигтайгаа сонгоно. Тэгээд ч энэ төрлийн зөрчилд хүлээх хариуцлага нь зүгээр л сахилгын шийтгэл төдий зүйл” хэмээн тоомжиргүй хариулжээ.

 Төрийн мэдээллийг сонгуулийн үйл ажиллагаанд ашигласан нь

Энэ бүхний  дараа ажил үүргээ гүйцэтгэсэн жирийн нэг өдөр өнгөрч байлаа. Батыг дарга нь дууджээ. Зөвшөөрөл авч өрөөнд нь орсноор тэдний яриа ийнхүү өрнөв. Тухайн суманд амьдарч байгаа нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, халамжаас тэтгэвэр, тэтгэмж авдаг иргэдийн судалгааг гаргаж өгөхийг түүнд даалгав. Бат ч даргаас өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлж төд удалгүй судалгааг нягтлан танилцуулав. Удирдлагын зүгээс эдгээр айлуудад нэгэн ТББ-аас ахуйн хэрэглээний зүйл мөн гурил будаа тараах хүсэлт ирүүлсэн тул Батыг хамт явж тараахыг үүрэгдэв. Батын хувьд төрийн албанд ажиллаад удаагүй тул ямар нэгэн хардалт таамаг байсангүй харин ч олзуурхан энэ хэдэн айлуудад дэмжлэг ирэх нь хэмээн бодно. Бэлэг тараах өдөр ч ирлээ. ТББ-ын төлөөллүүдтэй уулзахаар товлосон газраа иртэл орон нутгийнх нь томоохон намын дарга холбогдох ажилтнуудынхаа хамт зогсож байв. Тэрхэн үед улс төр, нам эвслийн үйл ажиллагаанд өөрийг нь татан оролцуулах гэж буйг ойлгосон Бат тухайн багынханд төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч тус үйл ажиллагаанд оролцох нь  хуулиараа хориотой болохыг танилцуулаад тэрхүү ажлыг орхин явлаа.  Гэтэл иймэрхүү зөрчилд гомдол ирж шийдвэрлэгдэж байсан тохиолдол тун ховор гардгийг Төрийн албаны зөвлөл болон холбогдох газруудаас мэдээлэл олж уншиж байснаа Бат эргэн санав.  Үүний гол шалтгаан нь  төрийн албан хаагч улс төр нам эвслийн үйл ажиллагаанаас ангид байх энэ хууль зүйн ойлголт мэдлэг иргэдэд бага байдгаас энэ төрлийн гомдол мэдээлэл бараг ирдэггүйг холбогдох судлаач, мэргэжлийн холбоод байр сууриа илэрхийлснийг олж уншив. Иргэд олон нийт сонгуультай холбоотой төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавьж хуулиа биелүүлэхийг шаардах эрхтэй болохоо мөн хууль зөрчсөн үйлдэлд нь дээд шатны албан тушаалтанд нь өргөдөл, гомдол хүргүүлж болох эрх зүйн мэдлэг дутмаг байгааг  Бат энэ үед мэдэж авав.

Хууль ёсны мэт харагдах хууль бус үйлдлүүд

              Ажил үүргээ чин үнэнчээр явуулахад саад учруулж буй төрд үүссэн энэ мэт хууль ёсны  харагдах боловч хууль бус үйлдлүүд  Батын хувь хүний хүсэл зориг, ёс зүйтэй зөрчилдөж, эрдэмтэн багш нараараа заалгасан сайн засаглал бүхий эрх зүйт төрийн эрхэм чанарыг бүдгэрүүлж буйг олж мэдэв.  Улмаар энэ бараан сүүдрийнх нь нэг хэсэг болон уусах уу эсвэл замаасаа гараад үүлэн чөлөөний нар тусах тэрхэн гэрэлд өөрийгөө л хичээн амьдрах уу хэмээн бодсон өдөр хоногууд түүний амьдралд өрнөсөөр. Төрийн албанаас гарч хувийн ажлаа эхлүүлэх эсвэл бусдын адил жишгээр хонгилын үзүүрт бага ч болтугай гэрлийг хэн нэгэн  асаахыг хүлээх гэсэн сонголтын өмнө Бат ирэв.

Батын шийдвэр энэ хоёрын аль нь ч байсангүй. Түүний сонголт төрийн албандаа үлдэж төрд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд, төрийн албан хаагчид хууль ёсоо сахихад учирч буй саад бэрхшээлүүдийн үндсийг танин мэдэхэд эргэн тойрондоо өөрийн чадах зүйлээ хийхээр шийдэв. Улс төрийн үзэл санаа нь төрийн албаны соёл болон суурьшсан энэ үзэгдэл бий болоход нөлөөлсөн зүйл, өөрчлөх боломж, гаднын улс орнуудын сайн туршлага зэргийг Бат судлахаар шийдлээ.

Төрийн албыг улс төрийн нөлөөнөөс хэрхэн хамгаалдаг вэ?

Сайн  засаглал өндөр  хөгжсөн олон улсын жишээ туршлагыг олж уншихаар Бат шийдэв. Түүний олж мэдсэнээр Японы төрийн алба бол төрийн жинхэнэ албан хаагчийг сонгуульд өрсөлдөхийг нэг их таашаадаггүй. Японы Үндэсний боловсон хүчний газар сүүлийн таван жил улс төрийн алба хашаагүй, сонгуульт ажил эрхлээгүй, улс төрийн нөлөөтэй байгууллага, намд ажиллаагүй байх шаардлагыг төрийн жинхэнэ албан хаагчдадаа тавьдаг байна. Энэтхэгийн төрийн албан хаагчдыг улс төрийн сонгуульд оролцохыг хориглочихсон. Хэрэв оролцвол сахилгын шийтгэл оногдуулдаг. Сахилгын шийтгэлийн дээд хэмжээ нь хорих ял хүртэл үргэлжилдэг тогтолцоотой. Төрийн албан хаагчдын улс төрийн амьдралд оролцох явдал үлэмж хэмжээгээр хязгаарлагдмал шинжтэй. Төрийн албан хаагч улс төрд ороход тодорхой хэмжээгээр хязгаарлалт тавьж өгдөг байна.

Англид  төрийн албанд ажилд орох, албан тушаал ахих үйл явц улс төрөөс бүрэн хамааралгүй байдаг. Сайд бол улс төрийн алба болно. Сайдтай дотно харилцаатай байж болно, гэхдээ  энэ нь төрийн албанд байр сууриа бататгана гэж үзвэл үүн шиг алдаатай зүйл байхгүй.  Төрийн албаны хамгийн том шалгуур нь мэргэшсэн байдал, ажилласан жил хоёр юм.  Улс төр хийгээд төрийн алба хоёр нарийн зааглагдсан ажээ.

Олон нийтийн итгэл суларсан уу?

      Үндсэн хуульд Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж тунхагласан тул иргэд энэхүү эрх мэдлээрээ дамжуулж юуг өөрчилж чадахыг судлахаар шийдсэн түүний дараагийн эрэл хайгуулын хэсэг ийнхүү эхлэв. Мэдлэгтэй оролцоотой ард иргэдийн санаачилга хүчтэй болохыг тэр хамгийн сайн ойлгож байлаа. Хувийн хэвшил,  ТББ-аас төрийн байгууллагын ялгарах томоохон ялгаа нь олон нийтийн итгэл тэдэнд хандсан байдгийг Бат мэдэж байв. Гэвч иргэд хэнд итгэж буйгаа, өөрсдийг нь төлөөлөн төрд ажиллаж буй албан хаагчид хууль ёсоо хэрхэн сахин ажиллаж буйг хянаж, шаардах мэдлэггүй байсаар.  Нэг хэсэг нь мэдсэн ч юу ч хийхгүй, нөгөө хэсэг нь шударга бус үйлдлийн хамтрагчаар оролцож байгаа нь түүний сэтгэлийг эмзэглүүлнэ.

Төрийн албан хаагчдын нам эвсэл, сонгуулийн үйл ажиллагаанд оролцох энэ төрлийн зөрчил сонгууль дөхөх болон сонгуулийн цаг хугацаатай зэрэгцэн  илүү их үйлдэгддэг болохыг Бат анзаарав. Үүнийг таслан зогсоож хууль ёсны дагуу шийдвэрлэх, тухайн албан тушаалтанд тохирсон шийтгэл оногдуулах эрх нь дээд шатных нь албан тушаалтанд буйг Бат хамгийн сайн мэднэ. Төрийн албан хаагчдын энэ төрлийн зөрчилд гомдол мэдээлэл ирэхэд тэдгээрт тохирсон хариуцлагыг оногдуулах нь  иргэдийн зүй бус зүйлтэй эвлэрэхгүй байх, үзэл санаа, оролдлого, хичээл зүтгэлийг нь мохоохгүй байхад чухал нөлөөтэйг тэр анзаарсан юм. “…Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангарагласан алба бол төрийн албан хаагч нар билээ.

Улс оронд хуулийн засаглал үнэлж баршгүй эрхэм болохыг ойлгож байгаа ч түүнийг үнэгүйдүүлж буй чухал хүчин зүйл нь бие хүний төлөвшил, үнэлэмж, зарчимч байдлаас ихээхэн хамаардаг болохыг Бат анзаарлаа. “Хэрэв хүмүүс сахиусан тэнгэрүүд байсан бол ямар ч төр, засгийн газар хэрэггүй байх байлаа” гэж АНУ-ын Үндсэн хуулийн эцэг гэгддэг James Madison 1788 онд хэлсэн билээ.

Хуулиар хориглоогүй боломж  

Нам эвслийн үйл ажиллагаанаас ангид байх энэ заалт 14 жилийн өмнө хуульд нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн нь төрийн албан хаагчдыг илт шууд байдлаар оролцохыг хориглосон ч далд хэлбэрээр оролцохыг болиулж чадаагүй болохыг өөрийн биеэр мэдэрч байлаа.

Мөн  сонгуулийн дараа төрийн албан хаагчдын халаа сэлгээгээр  намд  үнэнчээр зүтгэж ирсэн улс төрийн албан тушаалтнуудын ойрын хүрээллийн хүмүүс нь томилогддог тул төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, улс төр нам эвслийн үйл ажиллагаанаас ангид байх зэрэг төрийн албаны зарчим бүдгэрч буйг илтгэнэ. Үүнээс харвал  төрийн албыг улс төрөөс ангид байлгах  хуулийн орчин сул мөн албан хаагчдад тавигдах нийтлэг болоод  тусгай шаардлагуудаа нэмэгдүүлэх шаардлага үүссэнийг  харж байв.

Бат бусад улс орны туршлага болоод Монгол улсад үүссэн нөхцөл байдлуудыг анхааралтай судалсны үндсэн дээр төрийн албыг  улс төрийн нөлөөнөөс ангид байлгах, нарийвчлан зааглахад тустай онцгой нэгэн шийдэл олсон нь түүнийг баярлуулж байв.

Хууль нь аливаа зөрчлийг хориглох үүрэгтэй атал өөгшүүлэх  боломжийг нээж өгөх учиргүйг бид сайн мэднэ. Мэргэжлийн холбоод, судлаачдын дэвшүүлсэн нийтлэг санаачилгатай нэгдэж буй түүний нэг шийдэл нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар өнөөдрийн үүссэн асуудлыг шийдвэрлэх явдал юм. Монгол улсын хэмжээнд ажиллаж буй Төрийн захиргааны 22023, Тусгай 47158, Үйлчилгээний 152265, Улс төрийн  3759 нийт 2022 оны байдлаар 225205  албан албан хаагчид ажиллаж байна. Эдгээр албан хаагчдыг томилохдоо албан тушаалд тавигдах босгыг нь өндөрсгөж улсад ажилласан жил болоод чадахуйн зарчмыг харгалзан мөн сүүлийн таван жилийн хугацаанд аль нэг нам эвслийн үйл ажиллагаанаас ангид байсан гэх шаардлагуудыг тавьснаар аль нэг нам, улс төрийн намын албан тушаалтны ойрын хүмүүс төрийн албанд шууд томилогдох байдлыг хязгаарласнаар төрийн албыг улс төрөөс зааглах боломжтойг харав.

Аливаа харилцаа зөрчил маргаан хуулиар зөвшөөрсөн хийгээд хориглосон тодорхой хязгаар дотор үргэлжилдэг тул  хуулийг боловсронгуй болгосноор  төрийн албаны хүний нөөц, эрх мэдлийн тогтолцоо, дата, судалгаа бусад нөөцийг сонгуулийн өмнөх болон сонгуулийн үеийн ямар нэг нөлөөллийн ажил, хэн нэгний ашиг сонирхлоос ангид байлгаж, улмаар төрийн албаны үндсэн зарчмууд хэрэгжих үндэс суурь бэхэжнэ гэж Бат дүгнэж байна.

Нийтлэлийг сэтгүүлч Н.Отгонжаргал

ЯМАР Ч ТАЙЛБАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version