ХҮҮХЭД ХООЛОНД ДУРГҮЙ БАЙХ ШАЛТГААНУУД

0

Хүүхдийн бие өвдөх болон тавгүй байх

Таны хүүхэд хоолондоо дургүй болбол хамгийн түрүүнд ханиад хүрсэн, халуунтай, хоолой нь өвдсөн, чих нь өвдсөн эсэхийг нь шалгаарай. Ихэнх хүүхдүүд энэ тохиолдолд хоолонд дургүй болдог байна. Хүүхдийнх нь бие нь эдгэрсэн ч эхний хэдэн хоногт хоолны дуршил муу хэвээр байх тохиолдол их байдаг.

Шүд ургах

Хүүхэд шүд нь ургах үед хоолондоо эрс мууддаг. Амаа жимийнэ, толгойгоо сэгсэрнэ, хоолоо шууд гаргах гэх мэтийн ааш гаргана. Энэ үед нь аль болох зутан шөл болон хүйтэн тараг, жимсний нухаш өгөхийг зөвлөж байна. Яагаад хүйтэн тараг гэж үү? Учир нь хүүхдийн шүд ургах үед буйл нь хавдаж өвддөг учир хүйтэн зүйлс өгөх нь өвдөлтийг намдаадаг гэж үздэг. Хэт халуун болон зажлууртай хоол хүүхдийн буйлыг улам өвтгөдөг.

Өтгөн хаталт болон гэдэс нь өвдөх

Өтгөн хаталттай хүүхэд хоолонд дургүй байх тохиолдол элбэг байдаг. Энгийнээр бодсон ч тэр гэдэс нь дүүрэн өтгөнөө гадагшлуулж чадахгүй байгаа хүүхэд яаж хоол идэх билээ.

Цус багадалт болон төмрийн дутагдал

Хүүхдийн биед төмөр дутагдахаар хоолны дуршил буурдаг гэж үздэг. Тиймээс та эмчдээ хандан энд дурдсан шинж тэмдгүүд байхгүй мөртлөө хоолонд дургүй бол шинжилгээ өгөөрэй

Замбараагүй хооллолт

За энэ их чухал сэдэв шүү! Хүүхдийг тогтсон цагт нь зөв хэмжээгээр хооллож байх нь их чухал юм. Цагийн хуваариар зөв хооллож чадвал жингийн дутагдалд хэзээ ч орохгүй гэдэг шүү. Зарим ээж нар өөртөө тааруулж хүүхдээ хооллох гээд байдаг. Ядаж хоёр нас хүртэл нь цагаар хооллож сураарай.

Хэт ойрхон хооллох

Хүүхдэд өлсөх мэдрэмжийг өгөх нь бас их чухал юм билээ. Энэ алдааг ихэвчлэн шинэ ээж нар гаргадаг. Хүүхэд нь уйлахаар л өө өлсөөд байгаа юм байна гээд л хооллоод байдаг. Энэ их буруу юм. Хүүхдийн ходоодыг хэт их ачаалалд оруулан хоолонд дургүй болгодог муу талтай Хүүхэд 2-3 цаг тутамд хооллох нь хамгийн тохиромжтой.

Дандаа нэг төрлийн хооллолт

Хүүхдийг өдөр болгон нэг төрлийн хоолоор хооллох нь хоолны дуршил бууруулж тэжээлийн дутагдалд оруулдаг. Учир дандаа л бантан кааш тараг өгөөд байж болохгүй. Хоолоо баяжуулж төрөл зүйлийг нь нэмж яваарай

Нойр ба ядралт

Хүүхэд хэтэрхий их ядарсан болон нойр нь дутуу үедээ хоолны дуршил нь буурдаг. Хүүхдэд нойр маш чухал байдаг. Таны хүүхэд шөнө хангалттай сайн унтаж амарч чадаагүй үед цаанаасаа л ядраад уур уцаартай байдаг байна. Тиймээс ямар ч хоол хийж өгсөн дуртай иддэггүй.

Өөрөө идэхийг хүсэх

Хүүхэд болгон өөр байдаг бас тэд юуг яаж идэхээ өөрсдөө л шийддэг БОСС.Зарим хүүхдүүд бүр багаасаа л ээж ааваараа халбагадуулж идэх биш өөрөө идэх дуртай байдаг. Магадгүй таны хүүхэд өөрөө идэх гээд уурлаад хоолоо идэхгүй байж болно.

Хэт хөдөлгөөнгүй байх

Хүүхдийг хооллосныхоо дараа тоглуулж, мөлхүүлж, алхуулж байх нь хоолны дуршилд сайнаар нөлөөлдөг. Хөдөлгөөн их хийх тусам хоол нь хурдан шингэж дараагийн хоолоо амтархан иддэг.

За ерөнхий шалтгаануудыг нэгтгэн бичлээ. Дээрх мэдээлэл нь эрүүл саруул ямар нэгэн суурь өвчингүй хүүхдэд хамаарах ба таны хүүхэд хэтэрхий удаан хоол идэхгүй байх тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандаж байгаарай!

Tenuuka”s Mom зөвлөгөөнөөс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу