ӨЛ ЗАЛГУУЛАХ ТӨСВӨӨР ӨДӨР ХОНОГУУДЫГ ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

0

ӨЛ ЗАЛГУУЛАХ ТӨСВӨӨР ӨДӨР ХОНОГУУДЫГ ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

           Олон мянган гэр бүлийг айдас түгшүүрт амьдруулж,  дааж давшгүй хүнд ачаа дарамтыг үүрүүлж буй, харанхуйн бүхий л бузар муугийн үндэснүүд нь АРХИДАЛТ, ҮЛ ОЙЛГОЛЦОЛ, ГЭР БҮЛ САЛАЛТ, ХАРАА ХЯНАЛТ СУЛ, ҮЛ ХАЙХРАХ явдлууд юм. Энэ бүхний хохирогч болсон олон зуун иргэддээ тусламж хүргэхээр ажиллаж буй төрийн үйлчилгээнүүдийн нэг  нь  хамгаалах байр буюу “Нэг цэгийн үйлчилгээ”.  Анх энэ төвтэй  хоёр жилийн өмнө хамаатны дүү маань хүчирхийлэлд өртсөн байна гэх дуудлагаар очиж танилцаж байв. Хүүхдүүдийн тоглолдон инээлдэх, мөнхүү уйлалдахтай зэрэгцэх энэ л орчны дуу чимээ болоод давчуухан зайнд зөрөх хүмүүсийн хөл хөдөлгөөн гээд энэ бүхэн анх удаа тус төвтэй танилцаж байгаа намайг гайхшируулсан юм.  Төд удалгүй дүүгийн минь нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөн шийдэгдэхийг хүлээх зуураа тус хамгаалах байрны орчин нөхцөл болоод үйлчлүүлэгч, ажилчид, төсөв хөрөнгө оруулалт гээд үйл ажиллагааг нь сонирхон судалж эхэлсэн юм. Харин саяхан Хөвсгөл аймгийнхаа Нэг цэгийн үйлчилгээний төвд дахин ирэхэд ажиллах хүчинд өөрчлөлт орсон ч шинээр ажиллаж байгаа хүмүүсийн хандлага нь урьдын адил байлаа. Бага цалин хөлстэй ч баяр наадам,  амралтын өдрүүдийг үл хайхран, баримт бичгийн их ажилдаа нухлагдавч тэдний сэтгэл зүрх мохоогүй хэвээр. Сүүлийн нэг жил багаараа тогтвортой ажиллаж чадлаа гэх яриаг сонсоход бахархал төрнө. Тус байгууллага 2019 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ оны долоон сарын байдлаар нийтдээ 1632 хүн үйлчлүүлсний 949 эмэгтэй, 483 эрэгтэйчүүд эзэлж байгаа ба мөн үүнээс 1033 насанд хүрэгчид 599 хүүхэд үйлчлүүлсэн байна. Үйлчилгээ авсан иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь тус төвийн үйлчилгээний талаарх иргэд, олон нийт мэдээлэлтэй болсноор далд хэлбэрийн хүчирхийллийн илрэлт сайжирч, хүчирхийллийг үл тэвчих хандлагад суралцаж буйг анзаарсан юм. Үргэлжлүүлэн тэдгээр иргэд ямар шалтгааны улмаас хандаж байгааг тодруулбал.

Эдгээр шалтгаанаар холбогдсон иргэд ихэвчлэн хүчирхийллийн ямар хэлбэрт өртөж байгааг судлахад. 

Дээрх тоо бүртгэл, баримт судалгааны цаана уй гашуу, өнчрөл харуусал, өвчин зовлон, санаа зовнил гээд сэтгэлийн шархнууд тээгдээтэй. Эдгээр хүмүүсийг бид буруутгах ямар ч боломжгүй. Харин ч тэднийг асуудал бэрхшээлээс гарахад туслах үүрэгтэй санагдана. Гэвч эдгээр хүмүүс болоод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын өмнө тулгамдаж байгаа асуудал, цаашид шийдвэрлэх ёстой хүлээгдэж буй шийдлүүдийн зангилаа нь төсөв хөрөнгө оруулалттай холбоотой болохыг олон удаагийн уулзалт ярилцлага, тоо баримт, олон улсын болон мэргэжлийн ТББ-ын үнэлгээ дүгнэлтээс харж мэдэв. Товчхондоо, тус төв нь улсын болон, орон нутгийн төсвөөс ямар байдлаар санхүүжиж байгааг онцлон хөндье.

ТУС ТӨВИЙН ТӨСВИЙГ ХЭН ХУВААРИЛЖ, БАТАЛДАГ ВЭ?

Түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний зардлыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд орон нутгийн төсөвт тусган баталж, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхээр заажээ. Мөн Төсвийн тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардалд тусгайлан төсөвлөхөөр тус тус зохицуулсан байна. Хөвсгөл аймгийн тухайд орон нутгийн төсвөөр тус төвийн нэг жилийн төсвийг 2019  онд 41 сая, 2020 онд  55 сая төгрөг, 2021 онд 50 сая төгрөг 2022 онд 70  сая төгрөг байхаар төсөвлөсөн нь эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэн шиг л хуваарилалт болжээ. Яагаад ийм зүйрлэл ашигласныг үргэлжлүүлэн тайлбарлая. Энэхүү жил бүрийн төсөвлөсөн төсөв нь ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалд зарцуулагддаг бөгөөд жил бүрийн төсвөөс шалтгаалж ажлын байрны орон тоо нэмэгдэж байвч тэдний цалин урамшуулал дэндүү хангалтгүй. Улсаас төлдөг шимтгэлүүдээ хасаад  сарын 400 гаруй мянган төгрөг гар дээр авна. Багш нар нь үүнээс ч бага. Тэднийг нэгдсэн хөтөлбөрөөр сургаж, дадлагажуулах шаардлагатай. Мөн түүнчлэн хөгжил сургалтын үйлчилгээний хэрэглэгдэхүүн,  үйлчлүүлэгчид нэн шаардлагатай солих хувцас, ариун цэврийн хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хомсдол, байр савны хүртээмж, стандартын шаардлага хангахгүй байгаа олон асуудлын ихэнх нь төсөвтэй холбоотой.

Энэ жилийн тухайд өмнөх жилийн төсвүүдтэй харьцуулахад харьцангуй нэмэгдсэн ч бас л чамламаар тоо. Ганц сайн мэдээ нь ажилчдын цалин багахан хувиар нэмэгдэх сураг дуулдана.  Төрийн үйлчилгээ үзүүлж буй ажилчид нь авч байгаа цалин хөлсөндөө сэтгэл хангалуун байж, гутарч ядарсан нэгэнд баяр хөөр, урам зориг, хүч найдвар өгдөг байлгахын тулд тэдний цалин урамшуулал амьдралд нь хүрэлцэхүйц байх нь хамгаас чухал.     

ЭНЭХҮҮ ТӨСВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ ЮУ?

Тэгвэл орон нутгийн төсвөөс хөрөнгө санхүүжилт нь шийдэгддэг тус төвийн санхүүжилт шаардлагатай хэмжээнд хангалттай  нэмэгдэхэд тэдний хоол хүнсний чанар сайжрахаас гадна ажилчдын нийгмийн асуудал ч давхар шийдэгдэнэ. Мөн үйлчлүүлэгчийн хөгжих боломж нэмэгдэж цаашлаад үйлчилгээ үзүүлэх дөрвөн өрөө, үйлчлүүлэгч байрлах хоёр өрөө, найман ортой, ариун цэврийн нэг өрөөтэй дэндүү давчуухан байртай тэдний хувьд, бусад аймгуудын барилга байгууламжийн жишгээр ажиллах боломж бүрдэх юм.

Орон нутагт хуваарилагддаг төсвийг юунд зарцуулдаг болохыг багахан жишээгээр харуулъя. Хөвсгөл аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөө гүйцэтгэлээс https://www.shilendans.gov.mn/org/50?form=5883939&year=2022&month=6&group=0&task=46 харвал энэ жилийн төсөв болоод зориулалтууд тодорхой харагдана. Нэлээдгүй олон сумдад трактор, ковш, авто машин   худалдан авахад ойролцоогоор 450  орчим сая төгрөг.  Хогоргын Монгол үхрийг омгоор батлуулах судалгааны ажил болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад 25 сая төгрөг, Аймгийн хүнсчдийн холбооны ойн самбар хийх /Хүндэтгэлийн хаалганы ойролцоо/ мөн ном хэвлүүлэхэд нийтдээ 40  сая төгрөгийг тус тус  зарцуулахаар төсөвлөсөн байна. Энэ бол наад захын жишээ. Эдгээр зардлуудад төсөв хөрөнгө зарцуулах чухал байж болох ч төсөв багатай байдлаас шалтгаалсан гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарт үзүүлэх төрийн үйлчилгээ явуулахад тулгамдаад буй  асуудлын дэргэд нэн чухал бөгөөд тэргүүний ач холбогдол бүхий байж чадах уу?

Ард иргэдийнхээ /сануулахад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүд мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүд бас багтана/ өмнө төр өөрийн хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ тэр дундаа хамгийн их анхаарал, тусламж шаардлагатай эдгээр нэн эмзэг бүхий бие махбод болоод сэтгэл санааны хүнд нөхцөлд амьдарч  байгаа иргэддээ зарцуулах төсвөө яагаад ингэж бага  батална вэ?  Орон нутгаас хуваарилж буй санхүүжилтийн ихэнх хувь ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн даатгал зарцуулагддаг юм бол үйлчлүүлж байгаа иргэд хэр хэмжээний төсөвтэйгөөр, хэрхэн үйлчилгээ авдаг талаар мэдээлэл хүргэе.

НЭГ ХҮН ТАВ ХОНОГТ 26500 ТӨГРӨГӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ?

            Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох зардлын хэмжээ нь 26500  төгрөг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/150 дугаар тушаалаар энэхүү үнийн дүнг баталсан. Үүнд хоол хүнс, хувцас, ариун цэврийн хэрэгсэл, төлбөртэй тусламж үйлчилгээний зардлууд багтсан. Харамсалтай нь нэг биш таван хоног тухайн төвөөр үйлчлүүлэх зардал нийлээд ийм болно. Багахан тоо бодъё.  26500 төгрөгийг таван өдөрт хуваая. 5300 төгрөг гарч байна. Энэхүү мөнгөөр өдөрт хэрхэн чанартай хоол хүнс, шим тэжээл хэрэглэх вэ? Мөн дээр дурдсан үйлчилгээ болоод өдрийн хэрэгцээгээ авч чадах уу? Энэхүү зардал нь улсын төсвөөс буюу аймгийн ГБХЗХГ-т хувиарлагдаж ирсэн  “хамгаалах нөхөн сэргээх зардлаас” гардаг байна. Нөхцөл байдлыг   газар дээр нь бодитоор үнэлж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлж байгаа тусламж хүртээмжийг сайжруулахын тулд  дээрх тогтоолоо  эргэн харж шинэчлэх шаардлага бий болжээ.

Цагаан дээр хараар бичигдсэн тэрхүү хүрэх үр дүнгүүд энэ л газар үгүйлэгдэнэ.

Тэр нэгэн үйл явдлаас хойш эхлүүлсэн миний аялал энэхүү газрын сайн сайхан хийгээд, асуудал бэрхшээл рүү хөтөлсөн юм. Амьдралынхаа хамгийн хүнд, үеийг даван туулахаар тусламж эрэн, төрийн үйлчилгээ авч буй тэдэнд төсвийн хатуу бодлого бус харин хайр ивээл хэрэгтэй байна. Хамгаалагдлаа гээд ханы дотор хоригддог шорон биш байлтайурт, богино, дунд хугацааны олон мөрийн хөтөлбөрийг  уншсан хэдий ч цагаан дээр хараар бичигдсэн тэрхүү хүрэх үр дүнгүүд энэ л газар үгүйлэгдэнэ. Жил бүрийн 11 сарын 25-ны дотор Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус Нэг цэгийн үйлчилгээний төвийн төсвийг өргөн мэдүүлэхээр хуульд заасан байдаг тул удахгүй батлагдах  ирэх оны төсөв иргэддээ ээлтэй байлаа хэмээх сайхан мэдээгээр эргээд уулзана гэж найдаж байна.

Сэтгүүлч Н.Отгонжаргал

АНУ-ын ОУХА-гийн “Эмэгтэйчүүд залуучуудын улс төр, сонгуулийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшл төвөөс зохион байгуулж буй Ментортой Сэтгүүлч хөтөлбөрт хамрагдсанаар энэхүү сэдвийг нийтлэл болгон уншигчдад хүргэх боломж бүрдсэн юм.

Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга, дүгнэлт, санал нь сэтгүүлчийн үзэл бодол бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу