БЭЛТЭС МӨРӨНГИЙН ХОР ХӨНӨӨЛТ ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН ӨРНӨСӨН ВЭ?

0

“Баримт нэн тэргүүнд сүлжээний олон нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”

        Гал дээр бор цай буцалж идээний тавган дээр хэдэн ширхэг хатсан боорцог харагдана. Харин Болороо 13-н настай ч оюун санаа нь  балчир хүүхдийн адил сэтгэдэг хөгжлийн бэрхшээлтэй охиныхоо үсийг самнан сууна. Давчуухан  гэртээ гүйлдэх дэрсхэн хоёр  хүүгээ дүрсгүй гэж загнах халамцуухан аав, үрсдээ санаа нь зовиносон ээжийн харц энэ бүх дүр төрх гурван жилийн өмнө өөр байсан юм. Нөхөр нь хувиараа хөдөлмөр эрхэлж өрх гэрээ тэжээнэ. Харин Болороо бүтэн асаргаанд байдаг  охиноо асарна. Харин хоёр хүүхэд нь сургуульдаа явна. Хаанаас нь ч харсан хэнээс ч гуйхааргүй хашаа байшинтай, өр зээлгүй, эгэл жирийн энэ айл амьдралаа бүтээх гэж хамтдаа олон өдөр хоногуудыг хичээн өнгөрүүлсэн нь лавтай. Өдөр бүр л өөрсдийн амьдралын чанараа дээшлүүлэх зорилго тэдний зүрхэнд уяастай тул тэрхүү хүсэл нь “Бэлтэс Мөрөн” гэх компаниар дамжуулан биеллээ олно хэмээн боджээ.  Бусдын л адил тэд байгаа боломжоо харж эхний удаадаа хөгжлийн бэрхшээлтэй охиныхоо нэр дээр гэрээ байгуулахаар хашаа байшингаа боломжийн үнээр зарж хямдхан хөл залгуулах унаа, хоосон хашаа худалдан авч түүндээ айлаас гэр түрээслэн амьдарсан нь энэ байлаа. Нүүр нүдгүй шавхадсан хүйт даасан хаврын тэр өдрийн мэдээ Болороогийн гэр бүл гэлтгүй олон айлын амьдралд харууслыг дагуулан ирсэн.  Амьдралаа дээшлүүлэх боломж мэт санагдсан тэр өдрийн шийдвэр нь амьдралыг алга урвуулахын чиний өөрчлөнө гэж хэн санах билээ.

Их ашиг олон хүний эрсдэлийг харах нүдийг таглав

      Гэгээлэг сайхан зорилготой, гэрэлт ирээдүйг бэлэглэх амлалтын цаана шуналт хүслээ нуун хуурамч мэдээллүүдээр халхавчлан хөдөлмөр эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэврийн, улсаас ямар нэгэн халамж авдаг иргэдэд тусалж өрхийн болон санхүүгийн орлогод нь тус нэмэр болох зорилготой гэх энэ байгууллагын мэдээлэл Болороод анхандаа гэрэлт мэдээ байсан нь лавтай. Өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үлгэрт гардаг боломж өмнө нь бодит биеллээ олсон байгааг харав. Тухайн үед бас нэгэн танил нь 20 сая төгрөгөөр гэрээ байгуулж 26 сая төгрөг болгон өсгөн авснаа хуваалцсанаас хойш энэ бүхний учрыг нягтлахаар фейсбүүкт байрлах Бэлтэс Мөрөн ХХК хуудаснаас мөн хүмүүсийн ярианаас тус компани нь хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдаж авах замаар түүнээсээ ашиг хүртэж иргэдэд хуваарилдаг тухай мэдээллийг хүлээн авав.

Эдгээрээс өөр мэдээллийг нягтлах аргуудыг мэдэхгүй тул үүндээ л  итгэхээр шийдсэн юм. Хашаа байшингаа зараад үлдсэн 30 сая төгрөгөө Бэлтэс Мөрөн ХХК-тай гэрээ байгуулан мөнгөө өсгөж аваад шинэ байшин барих төлөвлөгөө тэдэнд бий.Тиймээс нөхөр нь өвлийн ид тэсгэм хүйтэнд шөнөжин  оочирлон эмх замбараагүй зохион байгуулалтгүй олгогдож байсан оочир дараалал дунд  ажлын цаг эхлэхтэй зэрэгцэн амжиж дугаар авснаар  гэрээ байгуулах боломж нээгдэв. Тэдэнд өмнө нь хэр олон сар иргэдийн мөнгийг найдвартай буцаан олгосон вэ гэдэг нь чухал байснаас ирээдүйд тус компани хэр тогтвортой найдвартай үйл ажиллагаагаа явуулах вэ гэдэг тооцоолол, судалгаа, баримтуудыг нягтлах бодол түүнд байсангүй. 

Тус санхүүгийн туслалцаа үзүүлэх  гэрээний хариуцлага хэсэгт “бидний үйл ажиллагаа төрөөс шалтгаалж доголдож, зогсох мөн өөр асуудал үүсвэл хариуцлагыг бид хүлээхгүй гэсэн агуулгыг” тусгаж өгснийг Болороо анзааралгүйгээр гарын үсэг зурсан байв.  

Энэ хугацаа 2021 оны 12 сарын сүүлээр байв.  Хаанаас ямар эх сурвалжаас мэдээллээ нягтлах, төрийн ямар байгууллагад хандах мөн интернэт орчинд ямар хэрэглүүрүүдийг ашиглаж баримтыг нягтлах ойлголт мэдлэггүй Монголын олон зуун иргэдийн нэгэн адилаар тэд амьдарч байв.

“Нэмэх Даатгал” ХХК нь “Бэлтэс Мөрөн” ХХК болсныг иргэд анзаарсангүй…

          Тус компани нь 2021 оны 03 сард үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ “Нэмэх Даатгал” нэртэй улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хуурамч компанийн нэрээр иргэдтэй “Даатгалын гэрээ” байгуулж, хуурамч тэмдэг, хэвлэмэл маягтыг ашиглан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдэж байсан нь тухайн оныхоо 7-н сард цагдаагийн хяналт шалгалтаар илэрсэн ч хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаагдсан байна. Тиймээс тэд дахин санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй ““Бэлтэс Мөрөн” ХХК-ийн нэрээр иргэдтэй үргэлжлүүлэн гэрээгээ байгуулан ажиллажээ. Энэ байгууллагын нэр солигдсоныг иргэд тэр бүр анзаараагүй бөгөөд үргэлжлүүлэн тусгай зөвшөөрөлгүй өөр компанийн нэрээр үйл ажиллагаа явуулсныг ч төрийн байгууллагууд нь ч хяналт хийж зогсоосонгүй. Гэвч учир битүүлгээр дахин 12 сард хуурамч баримт бичиг бүрдүүлэн үйл ажиллагаа явуулсан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дараа оны 2022 оны 02 сард Дугаар 2022/ШЦТ/58 бүхий Хөвсгөл аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Г овогтой Н-ыг 1 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн аж. Энэ хугацаа бол тус компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарахаас 3-н сарын өмнө байв. Анхнаасаа иргэдийг хууран мэхлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж хуурамч мэдээллүүдийг тарааж эхэлсэн энэ байгууллагын гэмт үйлдлийн сэжүүр эхэндээ илэрсэн ч хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаагдаж олон хүний эргэлзэх, нягтлах байдлыг намжаасан юм.

Энэхүү учир битүүлэг энэ үйл явдлын нөлөөгөөр ашиг хүртэх, хууран мэхлэх зорилго бүхий хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа өргөжиж тухайн байгууллагад итгэж хохирол амсах иргэдийн тоо нэмэгдэхэд хүрсэн байна.

       Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд үйл ажиллагаа явуулж олон хүнийг хохироосон “Жи тайм”  сүлжээнээс хохирлын хэмжээгээрээ давсан “Бэлтэс Мөрөн ХХК” нийтдээ  213 тэрбум 32 сая орчим төгрөгийг иргэдээс татан төвлөрүүлэн хамтран ажиллах, санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээгээр нэг хүнтэй  1 саяас 800 сая  хүртэлх төгрөгөөр гэрээ байгуулсан байна. 3

Хуурмаг үнэний нөлөөнд автсан иргэд үнэнг хайхаас татгалзав

      Аливаа мэдээллийг олон удаа давтаад байвал тархи үүнийг үнэн гэж хүлээж авдаг байна. Энэ үзэгдлийг “Illusory Truth Effect” буюу “Хуурмаг үнэний нөлөө” гэж нэрлэдэг байна. Бодит байдалтай огт хамааралгүй хуурамч мэдээллийг олон давтаж түгээснээр аажмаар дасаж, түүнийг “үнэн” итгэж эхэлдэг байна. Яг энэ онолоор тухайн байгууллагаас иргэд рүү хандсан мэдээллүүдийг түгээж, сайн үйлсийн аян өрнүүлж үйлчлүүлж буй иргэд нь олон дахин давтамжтайгаар сошиал орчинд болон танил хүрээндээ энэ байгууллагын шударга үнэн болоод хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг мэдээлсээр байв. Энэ олон удаагийн давтамжтай мэдүүллүүд нь хуурмаг худлыг нөлөөг нэмэгдүүлж энэ байгууллагын хууль бус ажиллагаанд иргэд итгэхэд хүрэв.

Хүмүүнлэгийн үйлсээр халхавчлан худал бүхнээ нууж байв. Бэлтэс Мөрөн компанийг нягталж шалгах нь байтугай  өмгөөлж ач тустай компани гэж зарлах иргэдийн үзэл санаа хүчтэй дэлгэрч байв.

Харин болгоомжлуулсан хэн бүхэн рүү иргэд үг хэлээр дайрах, доромжлох, буруутгах хандлагууд сошиал орчинд их байв Үүнийг биеэрээ мэдэрсэн хүмүүс хожим хуваалцаж байв. Иргэдийн өмгөөлөл хүчтэй байсан тул үүнийг сөрөх зоригтон ч ховордов.

Хүмүүнлэгийн үйлсээр худал арга замаа далдалсаар

          Тус компани үе шаттайгаар хүмүүнлэгийн ажлууд санаачилж иргэдийн итгэлийг улам бэхжүүлж байв. Өөрсдийн албан ёсны хуудсаараа дамжуулж нийгмийн хариуцлагын хүрээнд  гэх тодотголтойгоор гэр нь шатсан болон амьдрах газаргүй айлд иж бүрэн гэр олгосон, өвчний улмаас эмчилгээнд явах иргэдэд хандив тусламж үзүүлсэн мөн 500 хүүхдэд 10 гаруй сая төгрөгийн бэлэг, 10 дугаар сард өрхийн орлогогүй амьжиргааны түвшин доогуур 500 гаруй айлд түлээ нүүрс, хүнсний 20 гаруй сая төгрөгийн тусламж, 12 сард шинэ жилийн баярыг угтаж 4000 гаруй хүүхдэд 40 гаруй сая төгрөгийн бэлэг цагаан сарын баярын үеэр 250 настан буурал, ахмадуудаа 30 сая төгрөгийн тавгийн идээ цай сүүний дээж тараасан энэ мэт ажлуудаа мэдээлсэн нь  үүнийг хүлээн авсан иргэд яавч бидэнд хохирол учруулахгүй ач тустай компани гэсэн ойлголт тэдний дунд хүчтэй тархсан юм. 

Түүнчлэн манай байгууллага 2021 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварт орон нутагтаа  татварт орон нутагтаа 118,361,154.00 төгрөг төлсөн хэмээн олон нийтэд  мэдээлсэн нь Татварын байгууллагыг хяналт шалгалтын байгууллага гэж андуурч үйл ажиллагааг нь шалгасан гэж энэ байгууллага нь “хариуцлагатай газар” гэх  төөрөгдүүлсэн ойлголт тэдний дунд бий болжээ.  

Хяналт шалгалт хийж иргэдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төрийн байгууллагуудаас иргэдэд зориулсан тус байгууллагатай холбоотой тодорхой мэдээлэл цацагдахгүй байгаа нь тухайн үедээ  Болороогийн сэтгэлийг тайвшруулж байв. 

Үнэн цаг хугацаа өнгөрөх тусам далайн гүн руу живсээр

      Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас 2022 оны 01 сард тус байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж хэд хоног Бэлтэс мөрөнгийн үйл ажиллагааг зогсоов. Бүхэл бүтэн гэр орноо зарж хөрөнгө оруулсан энэ гэрээ нь амжилтгүй болвол яах вэ гэсэн айдас нөмрөвч найдвар алдалгүйгээр ЦГ-ын мэдээллийг тэд хүлээв. Удалгүй ЦГ-аас одоогоор хохирсон иргэн байхгүй  гэж мэдэгдсэн байна.   Үүнийг ч төвийн хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолж мэдээлж байв. Иймээс тэдний сэтгэл амарчээ. Энэ хооронд тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан юм. Энэ бүхнийг харахдаа тус байгууллагад дахин итгэх иргэдийн тоо нэмэгдсээр байв. Аль хэдийн завинд суун далайд гарсан Болороогийн гэр бүлд шуурга мэт ирсэн энэ айдас намжив  ч үнэн тэднээс алсран холдсоор. Нэг сар харавсан сум шиг л хурдан өнгөрч  тэдний өмнө нь байгуулсан 30 сая төгрөг нь дансанд 36 сая төгрөг болон оров. Энэ мэдээ тэднийг хэд хоногтоо л баярлуулав. Удалгүй энэ мөнгөө хэрхэхээ дахин ярилцаж байшингаа барих уу дахин өсгөх үү гэдэг сонголтын өмнө ирэв. Төд удалгүй хэдэн сарын дараа ээжийнхээ тэтгэврийн зээлийг авхуулж өмнөх мөнгөтэйгөө нэгтгэж 40 сая болгон 2022 оныхоо 04 сарын 01-нд дахин гэрээгээ байгуулж чадлаа. Тэд үүндээ ихэд сэтгэл хангалуун байв.Одоо тэд гуч хоног л хүлээх үлдлээ.

Иргэд ийнхүү аливаа мэдээллийн үнэнийг хайхгүйгээр өөрсдийн таамаг бүхий ташаа мэдээлэлд итгэсэн юм. 

         Эрх бүхий байгууллагуудаас  Бэлтэс мөрөнтэй холбоотой тусгайлсан сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг бүр хожим цацсан ба  цахим залилангаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг  өмнө нь тогтмол нийтэлж байжээ.Үүнийг иргэд үл ойшоов. Энэ байдал нь ч тус компанид сайхан боломж болж хуурамч мэдээллээ зоригтойгоор тунхаглан үйл ажиллагаагаа явуулах болжээ. Үүний нэг жишээ нь Бэлтэс мөрөн луйвар залилан хийж байна хэмээх мэдээлэл бүрд няцаалт хийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэх мэдэгдлүүдийг тухай бүр компанийнхаа  пэйж хуудсанд байршуулж байсан нь одоо ч хадгалаастай байна.

 

Тэвчээр, тэнхээ шалгасан хүнд өдрүүд эхлэв

Хууль бус үйл ажиллагаа нь илрэхээс 2 хоногийн өмнө тус компаниас дахин “Хүчирхэг ээж хөтөлбөрөөр” дамжуулан цалинтай ээж 50 000 төгрөг авдаг ээжүүдэд зориулсан гэрээний онцгой саналыг хэрэгжүүлэх болсноо олон нийтэд өөрсдийн хуудсаараа дамжуулан цацаж байв. Үүнд ч олон ээжүүд баярлажээ. Тэдний залилан үргэлжилж илүү их хохирогчдыг хамруулахаар зэхэж байв. Нууц далд хэлбэрээр бус ил тодоор олон нийтийн өмнө хууль бус үйл ажиллагаагаа явуулж, хуурамч мэдээлэл түгээсээр байсан Бэлтэс Мөрөн ХХК нь ойролцоогоор 360 гаруй хоногийг үдэж эцэст нь илчлэгдэв. Цагдаад шалгагдаж байхдаа ч хэвлэл мэдээллийн байгууллагад өөрсдийн байгууллагыг зөвтгөсөн хуурамч мэдээллийг өгч байв  Баяртайгаар гэрээ байгуулсан тэд өөрсдийн хөрөнгө оруулсан 40сая төгрөгөө хэсэгтээ л авч чадахгүй хэмээсэн гунигт мэдээг хүлээв авав.   Үүний дараагаар танил найз нөхөд рүүгээ ярьж бэлтэсийн хохирогчтой нэгдэж  өргөдөл гомдлоо хүргүүлж, дарга удирдлагуудтай уулзах, хот явж шаардлага хүргүүлэх, жагсаал цуглаанд оролцож үнэт цагаа алдсаар байв. 

Хуурамч мэдээллийг зоригтойгоор тунхаглаж буй тэдний эдгээр мэдээлэл хожим л худал болохыг төр засаг нь иргэд нь ч хор хөнөөлийг мэдэрснийхээ дараа ойлгосон юм.

Шүлсээ залгисан ч хоолой нь аргаж, нүдээ нээсэн ч Болороогийн сэтгэл нь харанхуйлна. Гол зурсан харуусал үе үе зүрхийг нь сийчихтэй  зэрэгцэн мэдээллийг нягталж үнэн мөнийг судлахгүй яав даа гэх харуусал төрнө. Харин түүний нөхөр Төмөрөөд энэ үйл явдал хүндээр тусч үе үехэн л хатуу сархад амсаж байсан бол үргэлжийн шахуу уусан өдөр хоногууд үргэлжилсээр 2 жилийг ардаа үджээ.

Гэрээ зарж хоосон хашаанд хүний гэртээ үлдэж, ээжийнхээ тэтгэврийн зээлийн өртэй үлдсэн Болороогийн тэвчээр тэнхээг шалгасан хүнд өдрүүд үргэлжилсээр өдгөө шүүх хурлын шийдвэрийг хүлээн сууна. 

Бэлтэсийн голоороо нэрлэсэн энэ  байгууллагыг удирдах тэдгээр хүмүүсийн сэдэл хандлагын эх үндэс нь булингартай байсан тул адаг нь ч бас бохир байж олон хүмүүсийн амьдрал руу урссан аж. Үерлэсэн энэ их ус олон хүний амьдралыг хаман урссаар эргээсээ халивч үүнийг зогсоох хана хэрэм болсон төрийн байгууллагууд нь ч үүнд автав. 

Оройтсон борооны цувыг эрт нөмрөх боломж     байсан уу?

Ковид цар тахлын хүндхэн үеийг дөнгөж давсан Хөвсгөлчүүд амьдралынхаа олон талбар дээр ангаж цангасан цөл мэт өдрүүдтэй золгосон байв. Яг энэ цагт  Бэлтэс мөрөнгийн энэ боломж тэнгэрээс хур бороо орж  амьдралыг нь услах мэт гайхалтай үйл явдал байв. Тиймээс иргэд өөрт байгаа бүхнээ барьцаалж, зээлж, зарж борлуулан амьдралынхаа  олон эх үүсвэрийг тус компанид даатгасан юм. Иргэдийн мөнгийг хуу хамсан энэ хур бороотой хуй салхи мэт үзэгдэл төр засгийг ч хууль хүчний байгууллагыг ч гайхширалд ба гацаанд оруулсан юм.

Энэ үүсээд буй нөхцөл байдалд төрөөс хэрхэн хариу үзүүлэх ямар шийдвэр гаргах вэ гэсэн эргэлзээнд оруулж байсан нь  илхэн. Эрсдэл үүсээд буйг мэдсэн ч хууль эрх зүйн хувьд ямар гаргалгаа байна вэ гэж тээнэгэлзсэн өдөр хоногууд өнгөрсөөр байв. Төр засагтаа ч  мэдээлэл нь хаалттай, үйл ажиллагаа нь ойлгомжгүй үргэлжилж байсан тэр цаг хугацааны цоорхойгоор иргэд нь хуурамч мэдээлэлд итгэж тэдний өгөөшинд оров. Хохирсон иргэдийн яриа, мэдүүлгээс харахад дийлэнх хэсэг нь төрийн байгууллага болоод албан хаагчдыг буруутгаж байв  Гэвч үүний дотор цөөн иргэд нь бидэнд сонголт байсан, бид энэ байгууллагын мэдээллийг нягталж шалгаагүй, ам дамжсан ярианд итгэсэн, болгоомжлуулж сэрэмжлүүлсэн мэдээллийг хүлээж аваагүй болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд эдгээр цөөн хүмүүсийн нэг нь Болороо байсан юм. Тэрээр хожим хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг шалгах сайт байдгийг мэдсэн ба тухайн байгууллагын нэр болон рэгистрийн дугаараар хайн ерөнхий мэдээлэлтэй танилцаж болох байснаа ухаарсан. Мөн энэ чиглэлд ажиллаж байгаа  төрийн эрх бүхий байгууллагуудаас /Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Санхүүгийн зохицуулах хороо/ мэдээлэл авах мөн тухайн үед иргэдийг сэрэмжлүүлсэн хүмүүсээс ямар учиртай болохыг лавлах, интернэт орчинд энэ чиглэлийн мэдээллийг судлах мөн  салбартаа мэргэшсэн олон хүнээс зөвлөгөө мэдээлэл авч болох олон боломж нээлттэй байсныг хожим ухаарсан юм. Аливаа эргэлзээтэй мэдээлэлд хандаж шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийн итгэл үнэмшил бодолдоо нийцсэн мэдээлэлд тулгуурлахгүйгээр, цэгцтэй танин мэдэхийг эрмэлзэж, найдаж болох хамгийн сайн баталгаатай эх сурвалжид тулгуурлан нягталж  алдаатай шийдвэр гаргаж эдийн засаг, эрүүл мэнд сэтгэл зүйгээрээ хохирох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн чухлыг энэ үйл явдал олон хүнд ойлгуулав.

Сэтгүүлч: Н.Отгонжаргал

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу