ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД ӨРХ ТУСГААРЛАСАН УУ?

0

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД ӨРХ ТУСГААРЛАСАН УУ?

Хувьчлал хэрхэн эхэлсэн вэ? 

Байшингийн суурь сайн цутгагдсан боловч өрөлгө нь муу бол тухайн айл  даарч, салхи бороонд зутрах нь лавтай. Мэдээж айлын эзэн муу байшин барихыг зориогүй. Барьж байгаа хүмүүст итгэж найдсан. Яг үүнтэй ижил зүйл та бидний хамгийн сайн мэднэ гэж найддаг боловч хамгийн бага мэдээлэлтэй байдаг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн өнөөдрийг хүртэл бидэнд үйлчилж ирсэн 23-н жилийн түүх харуулна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хувийн статусаар төрдөө үйлчлэх нь эмч ажилчдад болоод иргэдэд олон эерэг үр дүн авчирна гэж тухайн үеийн Засгийн газар 1999 онд  “Эрүүл мэндийн салбарын хөгжил” төслийг  Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлсэн. Энэхүү шийдвэрээр орон нутгийн өмчийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглан Улсын төсвийн санхүүжилттэйгээр иргэдэд үйлчилж эхэлсэн. Үүнээс хойш өрхийн эмнэлгүүдийн өмнө тулгамдаж байсан олон жилийн бэрхшээл саадууд болоод, өөрчлөлт шинэчлэлтийн давалгаанд тэссээр ирсэн тэдний үйлс гавьяаг үгүйсгэхийг хүссэнгүй. Гагцхүү энэ үйлчилгээгээр дамжуулан иргэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авч, харин үйлчилгээ үзүүлэгч Өрхийн эмнэлгүүд анх байгуулагдаж байсан зорилго үр дүнгийнхээ альхан талд явж буйг мөн тэдгээрийг иргэдийн өмнөөс хянаж шалгах байгууллагууд нь үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг эргэн нэг сурвалжилсан юм.

ЭНЭ ТҮНШЛЭЛИЙН ҮР ДҮН ИРГЭН ТАНД ХҮРЧ БАЙНА УУ?

Төр ямар тохиолдолд хувийн хэвшлээр өөрийн үйлчилгээгээ гэрээгээр гүйцэтгүүлдэг вэ? Тухайн эзэмшиж байгаа техник, технологи, үр ашигтай удирдлагын арга барилыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр олон эерэг үр дүн салбартаа нэвтрүүлж түүнээс иргэд үр шимийг хүртэж байвал гэрээлэн гүйцэтгүүлэх шийдвэр гаргахаар заажээ. Энэхүү эерэг үр дүнгүүд өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа иргэн танд хэрхэн хүрч байна вэ? Дор бүрнээ үнэлэлт дүгнэлт өгнө биз ээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй уулзалт ярилцлага хийж, судалгаа хийх явцад тухайн ӨЭМ төв нь сар, жилд хэдэн төгрөгийн санхүүжилт авдаг түүнээс нөхөрлөлийн гишүүд нь бусад ажилчдаас хэрхэн ялгаатай хөдөлмөрөө үнэлүүлж байгаа талаар хамт олон нэгдсэн мэдээлэлгүй байв. Дотооддоо нээлттэй ил тод биш хэдэн нөхөрлөлийн гишүүдийн санал хураалтаар шийдвэрүүд гарч, ялгамжтайгаар цалин хөлсөө нэмэгдүүлж байгаа энэ засаглал нь иргэдэд хэр ээлтэй байх нь дэндүү тодорхой харагдана. Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ИНБ-уудын хийсэн судалгаагаар Хөвсгөл аймгийн ӨЭМТ-дэд үнэлгээ хийгдэхэд материаллаг орчин хангалттай сайн боловч ашиглалт муу, үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн ханамж асуулгын дүн хангалтгүй, засаглалын орчин муу үзүүлэлттэй гарчээ. Мөн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн судалгаанаас харахад, эмч мэргэжилтний мэдлэг ур чадвар, харилцаа дутмаг, тоног төхөөрөмжийн хангалтгүй байдал, хөнгөлттэй эмийг авч чадахгүй байх,  хүний нөөцийн дутагдлаас болж чирэгдэлтэй хүлээгдэл дараалал их, цахимаар цаг авах боломжгүй, санхүүгийн мэдээлэл нь ил тод нээлттэй бус зэрэг үүссэн асуудлуудыг дурдсан байв.  Дээр дурдсан үнэлгээ нь зөвхөн Хөвсгөл аймгийн хувьд ч биш Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй анхан шатны тусламж үйлчилгээ ямар түвшинд байгааг нийтлэг байдлаар харуулж байгаа талаар экспертүүд санал нэгтэйгээр дүгнэж байв.

 

ИРГЭН ТӨВТЭЙ БУС ЭМНЭЛЭГ ТӨВТЭЙ УДИРДЛАГУУД…

Иргэний нийгмийн байгууллагууд болоод ОУ-ын байгууллагуудын хамтарсан үнэлгээ, мониторингоор хийсэн дүнгээс харахад, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь санхүүжилт багатай гэх шалтгаанаар олон бэрхшээлийг тоочин ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж ирснийг жишээ тоо баримтаар харуулж болно. Хяналт тавьж, шаардлага хүргүүлж, эрхийг нь цуцлах хүртэл эрх мэдэлтэй аймаг орон нутгийн удирдлагууд хэр үр дүнтэй үүргээ хэрэгжүүлж байгааг мэдэхээр Хөвсгөл аймаг дахь ӨЭМТ-тэй хийсэн гэрээний үр дүнгийн биелэлтийн хувиудтай танилцах хүсэлтээ хүргүүлэхэд мэргэжилтнээс удирдлага хүртэлх бүхий л шатандаа танилцуулах боломжгүй гэдгээ мэдэгдэв.

Энэ нь нэг талаас эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа иргэдийн мэдэх эрхийг зөрчиж байна. Нөгөө талаас, иргэддээ бус эмнэлгүүддээ үйлчилж байна.  Эрүүл мэндийн салбарын судлаачдын дүгнэж байгаагаар тус үр дүнгийн биелэлт нь хангалтгүй байдгийг онцлон мэдээлсэн. Хариуцлага хүлээлгэж, үр дүн нэхэх салбарын удирдлагууд нь эмнэлгүүдээ өмгөөлөхөөр, өвдөж зовсон  иргэдийнхээ талд хэн зогсох вэ? Чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн иргэндээ ээлтэй хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх шинэ багийг энэ олон жилийн хугацаанд яагаад сольж болохгүй байна вэ? Ийм өөрчлөлт шинэчлэлт үгүй бол үр дүнгийн гэрээгээр  дамжуулан шалгах нь хэр үр дүнтэй өөрчлөлтийг авчрах вэ? Олон хүн анхан шатандаа оношлогдохгүйгээр хүндэрсэн үедээ II-III дахь шатлалын эмнэлгүүдэд хандаж ачаалал үүсгэж байна.  Дэлхий даяар жилд ойролцоогоор 100 сая иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаас шалтгаалж санхүүгийн сүйрэлд орж байгаа юм.

ЭНГИЙН ЖИШЭЭГЭЭР ТАЙЛБАРЛАЯ

Төрөөс зам тавиулахаар нэгэн хуулийн этгээдтэй гэрээ байгууллаа гэж бодъё. Гэвч тухайн замын компани гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай гүйцэтгэхгүй байсаар олон жил болсон ч үргэлжлүүлэн гэрээгээ сунгасаар байвал энэ хуульд нийцсэн үйлдэл мөн үү?  Та ажил үүргээ гүйцэтгэхдээ төрийн техник хэрэгслийг ашигла мөн бүх зардлыг нь төсвөөс санхүүжүүлье. Чанартай зам тавих л шаардлага тавив. Гэтэл тухайн байгууллага чанаргүй зам тавихад төрийн байгууллагууд танай ажилчдыг сургаж өгье, нэмэлтээр техник хэрэгсэл олгоё улмаар сайжрахыг нь хүлээе гэсэн шийдвэр гаргаж буй хэр олон төр хувийн хэвшлийн түншлэл байгаа бол. Яг үүнтэй ижил түүх энэ салбарт үргэлжилсээр… Нөхөрлөл хэмээх статусын дор нөмөрт нь хорогдож буй хувийн хэвшил нь олон жилийн монопол ноёрхлоо тогтоосон. Удирдлагын багийн хөшүүн хойрго сэтгэлгээ, хараат бус бие даасан хэсэг бүлэг хүмүүсийн ашиг хүртэх хэрэгсэл нь ӨЭМТ болсон юм биш биз…?

ЭНЭ САЛБАРТ  ШИЙДЭЛ БАЙНА УУ?

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж буй үндсэн шалтгаан, эрсдэлийг шийдвэрлэхэд үр дүнтэй, үр өгөөжтэй арга зам болох нь батлагдсан. Тус төвийн материаллаг, сэтгэл зүйн, засаглалын орчны чанар хүртээмж үр дүнтэй байх тусам эрүүл мэндийн нийт зардал буурч, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь багассанаар үр ашиг нэмэгддэг болохыг олон улсад нотлоод байна.

Олон жилийн турш тогтсон хэвшмэл ойлголтоос төр салж өөрчлөгдөх цаг нэгэнт болжээ. Иргэдэд л бурууг өгдөг хандлага бүхий хайрцагласан сэтгэлгээнээсээ иргэндээ ээлтэй, шударга ил тод нээлттэй, хариуцлага нэхдэг шаарддаг засаглал руу шилжих шаардлагатай байна. Нөгөө талаас, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ажиллаж байгаагаа ӨЭМТ-д ажилладаг удирдлагын баг, эмч, ажилчид ухамсарлан энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй бол дараагийн багт халаадаа тайлж, халаагаа өгдөг зах зээлийн өрсөлдөөний тогтолцоо руу шилжье. ӨЭМТ-дэд Улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас өгдөг төлбөрийн хэмжээ өмнөх онуудаас хоёр дахин нэмэгдсэн. Гайхалтай эерэг үр дүн. Төр, иргэд өндөр хариуцлага, итгэл хүлээлгэж байгаа явдал. Маш бага цалин хөлсөөр дөнгөж төгссөн эмч, ажилчдыг ажиллуулж  нөхөрлөлийн гишүүд нь өндөр хувь хүртдэг өрх тусгаарласан энэ засаглал хэр удаан оршин тогтнох вэ? Ур чадвартай эмч, эмнэлгийн ажилчид анхан шатандаа ажиллаж, иргэн төвтэй удирдлагын багийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ энэ салбарт үгүйлэгдэж байна. Чадварлаг боловсон хүчин, чанартай, хүртээмжтэй эмчилгээ, үйлчилгээ, зөвлөгөө чиглүүлэг анхан шатандаа бүрдвэл дараагийн шалтлалын эмнэлэг болоод хувийн эмнэлэг рүү иргэд зорин  эрүүл мэндийн шалтгаантай эдийн засгийн эрсдэлд өртөх нь багасах болноо. Албан тушаал болоод авч байгаа цалиндаа уягдалгүй, энэ асуудлын шийдэл рүү чиглэсэн, зоригтой алхамуудыг тууштайгаар хэрэгжүүлэх салбарын удирдагчдыг иргэд хүлээж байна.

Иргэд шаардаж, санал хүсэлтээ илэрхийлэхгүй л бол тус өөрчлөлт, шинэчлэлт удааширна. Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид бид эрүүл мэндийн салбарын ажлыг хийхгүй нь мэдээж. Харин үүргээ гүйцэтгэж байгаа та бүхнийг эмнэлгээ чухалчилдаг бус иргэдээ эхэнд тавих хүртэл саналаа хүргүүлж, сануулсаар байх болно.

Эрүүл мэндээ хамгаалах нь ИРГЭН ХҮНИЙ ҮҮРЭГ юм бол нэгэнт өвчилсөн үед  нь чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх нь ТӨРИЙН ҮҮРЭГ.

Үргэлжлэл бий…

Сэтгүүлч. Н.Отгонжаргал

АНУ-ын ОУХА-гийн “Эмэгтэйчүүд залуучуудын улс төр, сонгуулийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшл төвөөс зохион байгуулж буй Ментортой Сэтгүүлч хөтөлбөрт хамрагдсанаар энэхүү сэдвийг нийтлэл болгон уншигчдад хүргэх боломж бүрдсэн юм.

Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга, дүгнэлт, санал нь сэтгүүлчийн үзэл бодол бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу