ЗАРГАЧ НЭРТЭЙ ТЭМЦЭГЧ БҮСГҮЙ

0

Сэтгүүлч Н.Отгонжаргал

ЗАРГАЧ НЭРТЭЙ ТЭМЦЭГЧ БҮСГҮЙ

Нар ээж, салхи зөөлнөөр үлээсэн намрын налгар өдрүүдэд сумын төвийн хөл хөдөлгөөн ихэсжээ. Удахгүй тохиох мөнгөн хонхны жингэнэх дуутай зэрэгцэн зуны саруудын тоглож наадан, амарч зугаалсан өдрүүд дуусаж, анги танхимдаа эрдэмд шамдан суралцах учраас тэр байх.

Аймагтаа л хүн ам ихтэйд тооцогдох, алс зайдуухан нэгэн сумандаа Гэрэлээ өнөр өтгөн гэр бүлтэйгээ амьдарна. Өглөө эртлэн босож өнгө зүс, өмсөх зүүхдээ анхаарна.  Догдлон хүлээсэн энэ өдөр бол түүний хувьд онцгой. Сумын сургуульд технологийн багшийн шинэ ажлын байр зарлагдсан нь энэ л өглөөний дурсамж догдлолын  шалтгаан байв.

ХААЛГА ОНГОЙВ..

             Хаалга нээгдэж, шалгалтын комисс орж ирлээ. Ахлах ангийн сурагчдын материалаар шалгалт авсныг хожим мэдсэн ч тухайн үед үүнийг үл анзааран Гэрэлээ шалгалтаа өгөв. Удалгүй оролцогчдын өмнө материал засагдав. Ил тод, нээлттэй явуулж байгаад нь ихэд талархан сууна.  Хариу ч гарлаа.  Гэрэлээ оноогоороо тэргүүлжээ. Олон жил хүсэн хүлээсэн боломж одоо л нээгдэж буйг мэдрэхдээ хэнтэй ч юм баяраа хуваалцмаар санагдана. Яг энэ мөчид шалгалтын комисс горилогчдод хандан материалд дахин анализ хийх нэрээр засварлаж эхлэв. Хамт шалгалт өгсөн эмэгтэйн материалд  буруу хийснийг зөв болгон өөрчилж, , дутуу орхисныг шинээр дугуйлж, хариултуудыг засан оноог нэмэхийг харахдаа Гэрэлээ гайхширсаар…

Нөхцөл байдал буруу тийшээ хэлбийж буйг анзааран хариу тайлбар шаардав.  Нэг хүнд  илт давуу байдлыг үүсгэж дахин засварлах боломж олгож, оёдол эсгүүрийн схем зургийг тохируулах хариултууд зөв бөглөсөн ч буруудаж,  “шүүж шахсан аарцнаас  ааруул гарна”  гэж хариулахад  яамнаас ирсэн түлхүүрээр хариулт чинь буруу  байна гэж худал тестээ тулгаж байв. Яагаад гэсэн асуултдаа хариулт авч чадсангүй.

Өнгөрсөн бүх хугацааны түүний зүтгэл бүхэн, шалгалт авах комиссын увайгүй үйлдлийн өмнө газарт үнгэгдэх цаас мэт хэвтэхэд, түүнийг тавлах мэт доромж үгнүүд нь дээрээс гишгэлнэ.. Анхнаасаа л зохион байгуулалттай байж. Хэнийг ажилд авах нь ЭРХ МЭДЛИЙН ТЭНЦВЭРГҮЙ харилцаан дахь энэ нөхцөлөөс ойлгомжтой харагдана.

Чиний ёс зүйгүй авирладаг газар биш!

               Шалгалтын дүнг захиралд танилцуулснаар эцсийн шийдвэр гарах тул явж болно хэмээн менежер үүрэгдэв. Энэ үед Гэрэлээ шалгалтын материалтай танилцах ёстойгоо ойлгож нарийн бичигт  хүсэлтээ үлдээснээр маргааш өглөө нь эртлэн босож өргөдлийнхөө хариутай танилцахаар хүлээн зогсоно. ЧИНИЙ ЁС ЗҮЙГҮЙ АВИРЛАДАГ ГАЗАР ЭНЭ БИШ ШҮҮ ГАДАА ГАРААД ХҮЛЭЭЖ БАЙ гэсэн дээрэнгүй аясаар зандран хэлэх менежерийн үгнүүд буруу зүйл хийчхээд хүнд загнуулж буй хүүхэд адил санагдуулна.

Шалгалтын материалтай танилцах боломж арайхийн олдов. Өөрийн гүйцэтгэсэн ажлаа харахад ямар ч засваргүй. Харин хамт шалгуулсан эмэгтэйн бичгийн ажлыг үзэхэд, эрээн цоохор болсон ч оноо нь нэмэгдсэн байв. Тэрхэн зуурт сэтгэл нь гонсойхын зэрэгцээ хаалттай, хяналтгүй, хүнд сурталтай ийм нөхцөлд шалгалтын материалаа үзэхгүйгээрээ ямар олон багш нар хохирсон бол хэмээн бодлогоширно.

Хайран мэргэжил минь….

Засварлаж, баллаж сохлон байж оноог нь нэмсэн энэ дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэхэд “тэгвэл явах ёстой газар байвал яваад үзээрэй би хар толгойгоороо хариуцна. Танай мэргэжлийнхэн гэж энд тэнд олимпиадад хэрүүл  шуугиан тарьсан хүмүүс байдаг” гэж хэлсэн эрх мэдэлтний  хатуу үгс, эдгээр шударга бус үйлдлүүдийг харахдаа мэргэжлийнхээ нэр төр, үнэ цэнийг хэрүүлчид гэж гутаалган өөрт нь эрдэм ном заасан эрдэмтэн багш нараа бодохдоо золтой л хажууд нь нулимс унагасангүй. Өглөөхөн санагалзаж байсан нандин дурсамж дэврүүн хүсэл рүүгээ ус цацуулсан мэт гундуухан алхаж явахад нь өөрийн эрхгүй хацрыг даган нулимс нь хүйт дааж урсана. Ингээд бууж өгнө гэжүү… Сурч мэдэх хүслээр жигүүрлэн дэвж буй сурагч насны цэцэг цэврүү шиг охидын амьдралд хөл тавих шат бүрийнх нь эвээс болох эрхэм чухал мэргэжил юмсан. Үрсийн сайн ээж, эгч, хүний сайн хань болоход нь туслах үнэт өв юмсан хэмээн бодно. Миний мэргэжлийн дагуу  зарлагдсан энэ ажлын байранд зургийн багш тохирно гэжүү хэмээн  өөртэйгөө ярилцаж явсаар нэг л мэдэхэд  гэртээ иржээ.

                                      Сумаас төв рүү, төвөөс сум руу …              

Ажиллаж хөдөлмөрлөх боломжоо алдаж, мэдлэг ур чадвараа шударгаар үнэлүүлж чадаагүй боловсролын салбарын бугшмал соёлын эсрэг бууж өгч ухрах ёсгүйгээ ойлгосон Гэрэлээ Боловсролын газарт өргөдөл гаргахаар сумаасаа хөдлөв. Хариуцсан мэргэжилтэнд учир байдлаа хэлж даргад нь танилцуулах хүртэлх процесс ажиллагаанд нийтдээ долоон удаа сумын төвөөс ирж буцжээ.. Даргад танилцуулах боломж тийм ч амар олдсонгүй. Энэ уулзалт үр дүнд хүрч Гэрэлээг хамт байхад сургуулийн  менежертэй ярьж шалгалтыг зохион байгуулахаар болов. Энэ бол түүний уйгагүй оролдлогын эхний ялалт байв. Гэтэл шалгалтын чимээ сонсогдсонгүй. Сургууль руугаа утасдав. “Аймаг чинь бидэнд хамаагүй” хэмээн их л эрх мэдэлтэй, шулуухан хариулт өгөв.

Дахин сумаас хөдлөв. Энэ талаар Боловсролын газарт уламжлахад бид зөвлөх, чиглүүлэх чиг үүрэгтэй ажилладаг гэв. Энэ хүртэл олон удаа аймаг сум хоёрын дунд явсан бүх ажил нь үр дүнгүй болж хувирлаа. Тус газрын эрх хэмжээ үүнээс илүү хэтрэхгүй аж. Шаардлагыг нь хүлээж аваагүй тул Гэрэлээ Мэргэжлийн хяналтын боловсрол хариуцсан байцаагчид өргөдлөө гаргав. Баримт  материалд үндэслэн 14 хоногийн дараа дахин шалгалт явуулах албан бичиг хүргүүлжээ. Бие даан, хараат бусаар ажиллаж буй тус сургуулийн удирдлагын   илчлэгдсэн олон удаагийн үйлдлийн талаар аймгийн Засаг даргаар ахлуулсан “Багшийн ёс зүйн” хороонд өргөдөл гаргаж амжив.

Хөрс  нь бэлтгэгдсэн хөрөнгөжих нөхцөл

Сайн хөрсөнд үржил шимтэй ногоо, сайр хөрсөнд шарилж л ургадаг аж. Боловсролын салбарт тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд ажилтнаа сонгон шалгаруулж авах эрхийг өгснөөр тэдний дундах авлигыг өөгшүүлж, хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлжээ. Танилдаа  давуу эрх олгох, авлига хээл хахуулийн суурийг тавьсан энэ хуулийн цоорхойны нүхээр мөнгөний асар их урсгал цутгасаар. Гэрэл цацруулсан ирээдүйн үрс дээр минь сүүдэр тусжээ. Хууль бус авлигал, ашиг сонирхлоос төрсөн чадваргүй багш, удирдлагуудын гараар ирээдүйн үрсийн сурч хөгжих боломж тасалдах учиргүй.  Сохрын газар нүд, доголонгийн газар хөл болох учиртай энэ нийгмийн эд эс болсон боловсролын салбарынхан харавч сохор, сонсовч дүлий аж.  Ёстой л нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломжийг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад өгсөн энэ хууль, дүрэм журмын хийдлийг хэн хэзээ өөрчлөх вэ? Гэрэлээ шиг тэмцэгч, дайчин биш л бол ялагдсаар байх уу?

Ялалт ирсэн ч…

 

Найман сард зохион байгуулагдсан шалгалт өдгөө түүний тэмцлийн дүнд дөрвөн сарын дараа 12 сарын нэгэнд дахин зохион байгуулагдав. Тэр шалгалтынхаа дүнгээр дахин тэргүүлжээ. Тэр бол зам гаргагч эр зоригтой, эрэлхэг дайчин эмэгтэй.  Боловсролын салбарын бугшсан хар буглааг сэтэлж чадсан ЗАРАГЧ БҮСГҮЙ. Өнгөрсөн  хугацаанд түүний мэдэрсэн доромжлол, сэтгэлийн дарамт, алдагдсан цагийн боломж, нэр төр, олох байсан цалин урамшуулал гээд энэ бүгдийг хэн нөхөж төлөх вэ? Шалгалтдаа тэнцсэн ч түүнийг ажилд авахгүй байх эрх мэдэл  сургууль, түүний удирдлагад  буй.

 

Тэр нэгэн өргөдлийн эзнийг хайсан эрлийн мөр, тэртээх сум руу хөтөлж харанхуйд сүүдгэнэх ГЭРЭЛ рүү дагуулав. Энэ гэрлийн хаа хүртэл тусч, хэр тод асахыг таашгүй.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу