“БАГШАА ДАХИАД НЭМҮҮЛЬЕ” ГЭХ ҮРСИЙН ЦАНГИНАХ ДУУ ХЭЗЭЭ ЗОГСОХ ВЭ?

0

“БАГШАА ДАХИАД НЭМҮҮЛЬЕ” ГЭХ ҮРСИЙН ЦАНГИНАХ ДУУ ХЭЗЭЭ ЗОГСОХ ВЭ?

Би та бүхэнтэй олон тоо баримт судалгаа хуваалцахгүй ээ. Хүсвэл та хаанаас ч хайгаад олж чадах учраас. Би энд өглөө бүр цэцэрлэгтээ явдаг бяцхан үрсийн зүрх сэтгэлийг, тэдний дундуур ходоодноос авдаг мэдрэмжийг л хуваалцмаар байна. Олон арван шалтаг, нөхцөл байдал, өмнөх түүх, гадны орнуудын жишээ туршлага ярьдаг ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН зүрхэнд тэдгээр хүүхдүүдийн дундуур сэтгэл, дүүрээгүй ходоодны дутагдсан байдлыг мэдрүүлмээр байна. Бат шиг олон мянган хүүхдүүдийн өдөр бүрийн гашуун амьдралыг амтлуулмаар байна. Гэвч энэ бүхэн олон хүний дэмжлэггүйгээр тэдний хатуурсан зүрхэнд хүрэхгүйг ухааравч горьдлогоо үл алдан ахлах бүлгийн сурагч БАТ хүүгийн тухай бичиж сууна.

Хэдхэн сарын дараа дүүгээ хүлээн авах БАТ хаврын цагт давхар биедээ сульдаж ядарсан ээжтэйгээ цэцэрлэгтээ хөтлөлцөн ирж яваа харагдана.  Үеийн хүүхдүүдээ бодвол биеэрхүү ажээ.  Ээжийнхээ урд тоглон гүйх түүний дүр төрх цэцэрлэгт ирэхдээ  дуртай байгааг илтгэнэ.    Хэзээ мөдгүй төрөх дөхсөн ээжид нь өдрийн турш багахан ч болтугай амрах, гэртээ үйлчлэх боломж тул хүүхдээ үл таслуулна. Цэцэрлэгийн хаалгыг хаагаад л хэсэгтээ үр хүүхдээ багшид найдан мартдаг олон мянган эцэг эхчүүдийн тэр л дүр төрхөөр амьдарна.  Гэрэлээ хүүхдүүдээ харж нөхрийнхөө олсон мөнгийг амьдралдаа чадан ядан хүргэнэ. Хүүхдийн мөнгө буух цагаар гэрийн хүнсээ базааж авна.  Гэртээ л хүүхдүүдээ өлсгөхгүй байхыг зорьдог энэ айлд хүүхэд нь цэцэрлэгтээ ямар хоол идэж байгаа тийм хүртээлгүй аж. Цэцэрлэгээ тараад гэртээ ирэхдээ ӨЛССӨН хүүгээ хараад гайхаад л өнгөрнө.

Бат оройтож унтаад зарим өглөө тулгаж босоод шууд ирэх нь цөөнгүй. Цэцэрлэгийн өглөөний цайнд найдсан ээж нь хүргэж өгнө. Гэвч үдийн хоол болтол НЭГ ЗҮСЭМ ТАЛХ л иднэ.

Үеийн хүүхдүүдээ бодвол БАТ хөдөлгөөнтэй, их сэргэлэн цовоо хүүхэд. Түүний идсэн өглөөний цай үдийн хоол болтол гурван цаг гарны турш түүний ходоодод орших хэрэгтэй болох нь. Унтахын өмнө ирдэг 1,2-р хоол түүний бяцхан ходоодыг дүүргэх дөхнө. Аз болж хурдан идэж чадвал БАГШАА ДАХИАД гэж хэлж үлдсэн хоолноос нэмүүлнэ. Энэ хоол нь багахан цадгахаас бусад хувийн цэцэрлэгүүдэд өгдөг хоолтой харьцуулахад өдөрт авах амин дэмийг нь ХАНГАЛТТАЙ НӨХӨЖ ЧАДАХГҮЙ. Учир нь орцууд нь цөөн. Бат хааяадаа л гэртээ чанарлаг хоол хүнс иднэ. Өглөөжин дасгал, хичээл сургалт гэж ядарсан тэдэнд хоолоо идээд унтах сайхан боломж олдоно. Энэ цаг 2-3 цаг үргэлжилнэ. Бат арай бага байхдаа цэцэрлэгтээ унтаад сэрж байгаа нь дахин нэг өглөөг эхлүүлж буй санагддаг байсан байх. Харин одоо ахлах бүлэгт орсон тэрээр өдрийн унтлагаа ялгадаг болсон.

Гурван цаг унтсан тэрээр ор дэрээ хураачхаад хөнгөн цайндаа орно. Хярам юм уу, хар цайтай НЭГ ШИРХЭГ гурилан боов БАТЫГ хүлээж байгаа.  Багшийнхаа өгснийг иднэ. Түүнд  голж шилэх сонголт байхгүй. БАГШАА ДАХИАД НЭМҮҮЛЬЕ гэж амжиж хэлж заримдаа чаддаггүй. Учир нь хурдан иддэг хүүхдүүд зөндөө. 

Үүнээс хойш 2-3 цагийг ээжийгээ хүлээн сургалтын үйл ажиллагаандаа оролцоно. Нэг өдрийн хоолны төсөв 2475 төгрөг учраас , амьдралын боломж муутай айлд хүүхэд нь болж мэндэлсэн болохоор тэр энэ л ДЭГЛЭМЭЭР цэцэрлэгтээ өдөр хоногуудыг өнгөрүүлнэ. Цэцэрлэгээс хоолны порцыг нь нэмбэл эрхлэгч, нярав дээр акт торгууль тавигдана. Энэ бол аав ээжийнх нь сонгож томилсон төрд ажиллаж буй ах эгч нарынх шийдвэр гэдгийг тэр ойлгож үл чадна.

 

Дэндүү их бичиг цаас, бодлого шийдвэртээ дарагдсан сайд дарга нартай, тэдгээр нь  тоо бодож төсөв хэлэлцэж батлахдаа тэдэндээ өгөх хоолны төсвөө ХАРАМЛАДАГ учраас түүний хувь тавилан ийм ажээ. Тавхан настай БАТ өөрөөсөө үл шалтгаалах, хэн ч буруутай нь мэдэгдэхгүй ийм л шалтгаанаар цэцэрлэгтээ өнгөрүүлэх өдөр хоногуудаа ӨЛ ЗАЛГУУЛАН өнгөрүүлж байна.  Өдөр бүр хоол аягладаг багш түүнийг иддэг хүүхдүүд л энэ зовлонг хамгийн их мэдэрдэг.  БАТ олон мянган хүүхдүүдийн адил ирээдүйн энэ МОНГОЛЫН ЭЗЭН биш гэж үү? Тэднийхээ бяцхан ходоодноос ТӨСВӨӨ БҮҮ ХАРАМЛА!! 

ЭРҮҮЛ МОНГОЛ хүүхдүүдийнхээ ИРЭЭДҮЙН төлөө ДАХИАД НЭМҮҮЛЬЕ  гэх горьдлого тээсэн сэтгэлээр  цангинах дууг хэр удаан СОНСГОХ ВЭ?  ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭЭ !!!

Сонгууль дөхжээ. ИРГЭН та асуугаарай. Яагаад бидний хүүхдүүдийг ийнхүү  бага төсөвтэй хоолны мөнгөөр амьдруулж байгааг, ямар боломжийг хааш нь шилжүүлээд улс орон ирээдүйгээсээ мөнгөө харамласныг. Эцэг эхээс нь ч байна уу, улсын төсвөөс ч зарцуулна уу ямартай ч нэг шийдэл гаргалгүй  өнөөдрийг хүрснийг ТАНЫ СОНГОЛТЫН ТӨЛӨӨ ирэх үед асуугаарай.

 

Сэтгүүлч: Н.Отгонжаргал

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу