Тус хэрэгтэй холбогдох нэр бүхий шүүгдэгч нарыг прокурорын газраас Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт “Нэмэх даатгал”, “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нийт 2606 иргэнд 45,755,889,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас олсон орлогоор хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд хэлэлцээд 2024/ШЦТ/437 дугаар http://шийтгэх тогтоол гаргаж, нэр бүхий 9 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйл, хэсэг, заалтад зааснаар 4-өөс 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлыг гаргуулж олгохоор өмнө нь шийдвэрлэсэн. Гэвч нэр бүхий зарим шүүгдэгч, өмгөөлөгч, нэр бүхий хохирогч, иргэний хариуцагч нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг үндэслэн Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хэргийг хэлэлцлээ. 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаар магадлал /давж заалдах шатны шүүхийн шийдвэр/ гаргаж, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдгээрийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, бусдад учруулсан хор уршигт тохирсон байна гэж үзсэн байна. Мөн зарим хохирогч нарын хохирлын тооцооллын алдааг зөвтгөн өөрчилж, прокурорын байгууллага нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс холбогдох байгууллагаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нэмэлт заалт оруулан, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нүүр хуудас Орон нутгийн амьдрал БЭЛТЭС МӨРӨН ХХК ХОЛБООТОЙ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ





