

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор сумдын цахим сайт хариуцдаг албан хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах, чадавхжуулах, сургалтыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, “Хайр, Найдвар, Гэрэл” НҮТББ болон “Хөгжлийн шийдэл” ТББ-ын “BEST” хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.
Тус сургалтад 23 сум, 1 тосгон болон аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлогын хэлтсийн цахим сайт хариуцсан албан хаагчид хамрагдлаа. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх чиглэлд тус газруудын цахим сайтад үнэлгээ хийж зөвлөмж боловсруулан хүргүүлэх ажлыг Хайр Найдвар Гэрэл ТББ-аас хүргүүлсэн ба цаашид зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ мэдээллээр хангах чиглэлд сургалт зохион байгуулагдсан байна

Мөн сургалтаар хуулийн ойлголт болоод түүнийг дагалдан гарсан журмуудын талаар мэдээлэл өгсөн ба ТББ-с санаачилсан OPENGOV хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч нийтийн мэдээллийг ил тод болгоход сумдад тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Сайт бүтээгч компанитай хамтран ашиглалтын талаар аймгийн ЗДТГ-аас хамтарсан сургалт, видеог бэлтгэн хүргэхээ илэрхийлэв.

Цаашид сумдын ЗДТГ-уудаас сайтаа ашиглалтад оруулаагүй үлдсэн 4-н сумд нээж ажиллах мөн цахим хуудас болоод мэдээллийн самбарынхаа ил тод байдлыг нэмэгдүүлж ажиллахаа албан хаагчид илэрхийлж байв. Сургалтаас хүлээн авсан мэдээллээ нийт албан хаагчдадаа танилцуулах, мэдээллийг ил тод болгох нь бүх албан хаагчдын үүрэг болохыг бусадтай хуваалцах мөн хамтарсан ажлын хэсгүүд байгуулан багаар ажиллах, мэдээллээ ил тод болгоход олон эх сурвалжуудыг ашиглан иргэддээ хүргэхээр илэрхийлж байв. Мөн Авлига ил тод байдлыг суртчилан таниулах FRAME буюу хүрээг нийт сумдын мэргэжилтнүүдэд гардуулан өглөө.







