Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэс ажлын үзүүлэлтээрээ аймгуудаасаа тэргүүлээ

0

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 84 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ОНД ТОХИОЖ БАЙНА. ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙГООР САЙТЫНХАА ОРОН НУТГИЙН АМЬДРАЛ БУЛАНГИЙНХАА ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.МӨНГӨНЗУЛЫГ УРЬЖ ОРОЛЦУУЛЛАА.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ХЭЧНЭЭН АЖИЛЧИДТАЙГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА. ӨНГӨРСӨН ОНЫ ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН  ОЛОЛТ АМЖИЛТААС ЯРИАГАА ЭХЭЛЬЕ?

УБЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь “Иргэний улсын бүртгэл”, “хуулийн этгээдийн улсын бүртгэл”, “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” “ Лавлагаа мэдээлэл” гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр Хөвсгөл аймгийн 23 сум нэг тосгоны иргэдэд хэлтэс албадаараа дамжуулан төрийн үйлчилгээг илүү ойроос түргэн шуурхай хүргэхийг зорин ажиллаж байна. Манай хамт олон нь 2023 онд үйл ажиллагааныхаа ерөнхий үнэлгээгээр 21 аймгийн бүртгэлийн нэгжүүдээс тэргүүн байранд шалгарсан амжилттай байна. Энэ нь манай хамт олны  санаачилгатай, зүтгэлтэй ажилчны үр дүн байлаа.

 ТА БАЙГУУЛЛАГЫНХАА ЭНЭ ОНД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖЛУУДААСАА ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

Хөвсгөл аймгийн хоёр суманд иргэний болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийгдэж бусад сумдад ганцхан иргэний улсын бүртгэл хөтөлдөг байсныг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн 13 суманд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийдэг болохоор манай хэлтсийн хамт олон 2024 оны төлөвлөгөөндөө тусгаад байна.

ОН ГАРСНААС ХОЙШ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ИРГЭД ГАДААД ПАСПОРТАА СУМААСАА ЗАХИАЛАХ БОЛОМЖ БҮРДСЭН. ЭНЭ ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ ЮУ?

Манай байгууллага 2022 онд алслагдсан хүн ам, ААН ихтэй сумдын иргэдэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран бүртгэлийн үйлчилгээг хэрхэн явуулж болох талаар судалгаа хийсэн. Тус судалгааг хийснээр мэдээллээс хол байдаг иргэддээ төрийн үйлчилгээг ойроос авах боломжийг нь бүрдүүлэх хэд хэдэн шийдлийг 2023 оныхоо төлөвлөгөөндөө тусгасан юм. Тухайлбал алслагдсан сум болох Цэцэрлэг, Цагаан-Уул, Тариалан, Их-Уул сумын ЗДТГ, ИТХ-тай хамтран сум тус бүр 2.5-3.8 сая төгрөгийн төсвийг гаргаж албан ёсоор гадаад паспортын тоног төхөөрөмжийг захиалах гэрээ байгуулснаар ийнхүү 2024 оны эхний улиралд дээрх сумдын иргэд гадаад паспортын үйлчилгээг сумаасаа авах боломж бүрдээд байна. Цаашид Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумд төсвөө шийдвэрлэн тоног төхөөрөмжөө захиалах явц үргэлжилж байна. Ингэснээр 2024 онд Хөвсгөл аймгийн 8 сумын иргэд гадаад пастортоо сумаасаа захиалан авах боломжтой болох юм. Дээрх үйлчилгээг үзүүлэх явцад давхар эд хөрөнгийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ хийгдэж байгаа. Иргэдийн захиалсан гадаад паспортыг аюулгүй сумдад түгээх зорилгоор Монгол шуудан компанитай хамтран ажиллаж байна. Цаашид төсвөө шийдвэрлэсэн сумуудтай хамтран ажиллах боломж нээлттэй байгаа.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР Е-MONGOLIA ПОРТАЛ САЙТАД ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН  ХЭЧНЭЭН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРЭЭД БАЙГАА ВЭ?

Өнөөдрийн байдлаар Иргэд Е-MONGOLIA цахим системээс иргэд манай байгууллагатай холбоотой нийт 66 төрлийн лавлагаа, мэдээллийг авах боломжтой болсон байна.

ИРГЭН БҮРИЙГ ТООН ГАРЫН ҮСЭГТЭЙ БОЛГОХ ХУУЛЬ БАТЛАГДААД ЦӨӨНГҮЙ ХУГАЦАА ӨНГӨРЧЭЭ. ЭНЭХҮҮ АЖИЛ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХЭДЭН ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ВЭ?

Тоон гарын үсгийн хууль хэрэгжиж эхлээд хоёр жилийн хугацаа болж байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар тоон гарын үсгийн хэрэгжилт 59 хувьтай явж байна. Саяхнаас арилжааны банкнууд тоон гарын үсгийг нэвтрүүлэн ажиллаж эхлээд байна. Тэр дундаа Хаан банк иргэдээс тоон гарын үсгийг шаарддаг болсноор иргэдийн тоон гарын үсэг авах нь ихсэж байна. Тоон гарын үсгийг баталгаажуулж авснаараа орон зай, цаг хугацааг үл хамааран цахимаар гэрээ хэлэлцээр хийх, цахимаар тоон гарын үсгээ илгээж төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой юм.

ЭНЭ ОНД УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БЭЛТГЭЛ АЖИЛ ХЭРХЭН ХАНГАГДАЖ БАЙГАА ВЭ. ИРГЭДИЙН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН ХЭЗЭЭ ЗОГСОХ ВЭ?

2024 онд Монгол  улс  УИХ-ын сонгуультай жил. Мөн аймаг нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгууль болно. Тэгэхээр 2024 он Улсын бүртгэлийн байгууллагын хувьд хариуцлага,  ажилчдын маань хувьд ачаалалтай жил болж байна. Бид бүхэн өнгөрсөн оны 11 сараас эхлэн бэлтгэл ажилдаа орсон. Сонгогч маань оршин суугаа хаягийнхаа дагуу сонгуулиа өгөх хэрэгтэй байдаг учир хаягийн шилжих хөдөлгөөнтэй холбоотой ажил дээр түлхүү анхааран ажиллаж байна. 2018 онд Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуульд шилжих хөдөлгөөний бүртгэлийг илүү нарийн  болгосон. Тодруулбал тухайн хаяг  дээр оршин суух иргэдийг илүү хариуцлагажуулах  хуулийн өөрчлөлт орсон юм. Жишээ нь миний гэрт хамаатан садан маань ирэх тохиолдолд надаас зөвшөөрөл авна. Би зөвшөөрсөн тохиолдолд газрын болон үл хөдлөхийн гэрчилгээг нотлох баримт болгоно. Нөгөө талд оршин суух гэж байгаа хүн мөн адил “Намайг зөвшөөрсөн учраас би энэ хаяг нь дээр оршин суух хүсэлтэй байна” гэсэн зөвшөөрлөө өгнө гэсэн үг юм. Сонгууль болохтой холбоотойгоор 04 сарын 29 -нөөс 06 сарын 29-нийг хүртэлх хугацаанд иргэдийн шилжих хөдөлгөөний бүртгэлийг  түр хугацаагаар зогсооно. Энэ хугацаанд зөвхөн Сонгогчдын шилжих хөдөлгөөн буюу сонгуулиар ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан, мэдээлэл технологийн багийн гишүүн, даамал, цагдаагийн байгууллагын албан хаагчид, нэр дэвшигч, нэр дэвшигчийн менежер, шадар туслах гэсэн нийт найман сонгогч нь нэг хэсгээс нөгөө хэсэг рүү шилжих боломжтой.

 

ОН ГАРСНААС ХОЙШ ТАНАЙ БАЙГУУЛЛАГАД ШИНЭЭР ЯМАР ХУУЛЬ ТОГТООМЖУУД  ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН БЭ?

Манай байгууллага сонгогчдын нэрсийн жагсаалыг гаргадаг байгууллага шүү дээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын журам батлагдан гарсан. “Гадаадад байгаа сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх” журам шинээр батлагдан гарлаа. Мөн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх танилцах ашиглах журмуудыг гарсан.

ШИНЭЭР ТӨРСӨН ХҮҮХДИЙН ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ АВАХ БОЛОМЖ БИЙ ЮУ? ЕР НЬ ИРГЭД ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ  БАЙДАГ ВЭ?

Шилжих хөдөлгөөний бүртгэл, үрчлэлтийн бүртгэл, нэр өөрчлөлтийн бүртгэлд л харьяалал харгалзана. Бусад бүртгэлүүдийг харьяалал харгалзахгүйгээр хийлгэх боломжтой байдаг. Тухайлбал Улаанбаатарт амаржсан иргэн тэндээ эсвэл өөрийн аль хүссэн аймагтаа харьяалал харгалзахгүй бүртгүүлэх боломжтой юм.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН СУУЦ АВСАН ИРГЭДИЙН БАРЬЦАА ЧӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭ  ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖСЭН ГЭЭД БАЙГАА. ҮҮНИЙГ ТА ТАЙЛБАРЛАХГҮЙ ЮУ?

Монголын Ипотекийн Корпорац нь Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр барьцаа чөлөөлөх зарим үйл ажиллагаа энэ оны 03 сарын 1-ний өдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжлээ. Ингэснээр иргэд барьцаа хөрөнгө чөлөөлөх албан бичгийг авахаар Монголын Ипотекийн Корпорацад очих болон хүргүүлэх шаардлагагүй цахимаар авч харьяа Улсын бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм аа.

Иргэдэд хэрэгтэй маш олон сэдвийн талаар ярилцлаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу